Д.ЦЭРЭН
Харүмафүжи зодог тайлах болсноор дөрвөн ёкозүнатай башё дуусгавар болж энэ оны эхний башё буюу нэгдүгээр сарын тэмцээний банцүке гурван аваргатай гарсан юм. Гэтэл Хацү башё эхлээд 4-5 хоногийн дараа их аварга Хакүхо, ёкозүна Кисеносато нар гэмтлийн улмаас тэмцээнийг орхиж Какирюүд түрүүлэх үүрэг чимээгүйхэн ирсэн гэж болно.
Үүрэг хүлээж хоцорсон аварга маань үүнийг ойлгохын дээдээр ойлгосон шиг дайчин сайхан барилдаж эхний найман өдрийн дараа нэг ч унаагүйгээр тэмцээнийг ганцаараа хошуучилж явна. Түүнээс өөр тавин хувиа хийсэн бөх алга. Харин Митаканоүми, Точиношин, Дайёошү нар долоон даваа, нэг унаатайгаар тэмцээнийг тэргүүлэгч аваргын ард нь нэхэж явна. Гурав дахь эгнээнд гэж ярьвал Шёохозан, Точиазан нар зургаан даваатай байгаа юм. Монгол сүмочдын тухай хэлбэл гурван башёны дараа секиваке цолоо буцааж авсан Тамаваши Мөнх-Оргил тун тааруу амжилттай тэмцээний дунд ердөө гурван даваатай дахиад л кодабан болох янзтай байх юм. Магешира цолтныг тэргүүлэн барилдаж байгаа Ичиножёо Ичинноров ч гэсэн найм барилдахад 50 хувийн даваатай байна. Олзуурхууштай нь гэвэл түүний даваанууд чанартай гэж хэлж болох. Ёкозүна Кисеносато, озеки Такаясү нарыг давсан бол тэмцээний найм дахь өдөр унаагүйгээр дэвжээнд гарсан бярлаг барилдаанч секиваке Митаканоүмиг өвдөг шороодуулж бас жаахан шуугиан тарив даа. Чёошома Г.Мөнхсайхан, Араваши Э.Дөлгөөн нар тун ойролцоо буюу дөрөв, тав даваад байна.
Нөгөө саяхан озеки цолтой ханхалзаж явсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гэмтэл, сэтгэл зүй хоёртоо дийлдэж энэ башёд магеширагийн 10-аас боссон ч гурван өдрийн дараа мөн л тэмцээнийг орхисон байгаа. Тэр нэг л явуургүй болчихов уу даа. Дээд цолтон байснаа тун огцом доошилсоор яваа сүмоч. Энэ удаагийн тэмцээний онцлог Какирюү аварга болоод хэн нэгэнд түрүүлэх боломж гарч ирсэн явдал. Хоёр дахь онцлог гэвэл нэг ч биш цолтны “орон тоо” онгойх магадлал байгаа. Тухайлбал, манай Тамаваши сүүлийн долоон барилдаанаас тавыг нь давахгүй бол дахиад л хэцүү болно. Комүсүби цолтноос Оноошёо дөрвөн даваа нэмж авбал цолоо хамгаална. Харин Такаккешёо одоо хоёрхон даваа авсан хүн тавин хувиа хийнэ гэдэг бас хэцүү дээ. Тэгэхээр нэг комүсүби цол өрсөлдөгчдөд бэлэн болж магадгүй л юм. Таканоханагийн дэвжээний анхны санякү болж гарч ирсэн энэ залуу башё эхлэхийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа:
-Шинэ цолтон болсондоо баяртай байна. Миний дараагийн зорилго секиваке цол гэж ам алдсан байсан.
Одоо хэлэх амархан, хийх хэцүү юмаа гэж бодож байгаа болов уу. Харин жюүрёод барилдаж буй бөхчүүдээс Азүмарюү тав, Кёкүшюхо дөрөв, Сэйро дөрвөн даваатай болоод байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин