Ч.ГАНТУЛГА

 Үзэсгэлэнт япон бүсгүй Чио Чио сан. Түүний цас шиг цагаахан царай, дэрэвгэр алаг нүд. Бүсгүйн сэтгэлийн гүнд нэг л зүйл дутуу. Тэрээр сайхан хайрыг мөрөөддөг байв. Сэтгэлийг нь догдлуулж, итгэлийг нь даах тийм эрхэм хүн хэзээ нэгэн цагт гарч ирнэ гэдэгт итгэдэг байлаа. Тэр мөрөөдлөө олсон. Энэ бол эрвээхэй нүдэнгийн эмгэнэлт түүхийн эхлэл.

ДБЭТ-ын тайзнаа Италийн нэрт хөгжмийн зохиолч Ж.Пуччинийн алдартЧио Чио сандуурь үзэгчдийн хүртээл боллоо. Хоёр бүлэг, гурван үзэгдэлтэй энэ бүтээлийг 1904 оны хоёрдугаар сарын 17-нд анх Италийн Милан хотын театрт тавьсан түүхтэй. Цомнолыг Л.Иллика, Дж.Джазока нар бичсэн байдаг. Дуурьт XIX зууны сүүл үед  Нагасаки хотод амьдрах үзэсгэлэнт япон бүсгүй Чио Чио сан, Америкийн тэнгисийн цэргийн дэслэгч Пинкертон хоёрын хайр сэтгэлийн гунигт түүхийг өгүүлдэг билээ. Чио Чио санэрвээхэй нүдэннэрээр алдартай. Түүний гоо үзэсгэлэн, алаг нүдийг харсан хүн бүр хайрлан дурладаг байв. Үүний адилаар тэнгисийн цэргийн дэслэгч ч бүсгүйд анхны харцаар дурлажээ. Шонтгор хамар, цэх мөртэй Америк залуу ч бүсгүйн сэтгэлийг нэгэнт эзэмджээ.

Үзэсгэлэнт Сакура цэцэг дэлгэрсэн тийм яруухан өдөр байв. Голын шуугих чимээ, шувуудын жиргээ тод сонсогдоно. Байшингийн гадна хижээлдүү япон эр залуухан америк залуутай ярилцана. Энэ байшинд дэслэгч Пинкертон удахгүй гэрлэх сүйт бүсгүй Чио Чио сантайгаа амьдрах юм. Хижээл эр байшингаа магтан, Чио Чио саны зарц бүсгүй Сузукийг танилцуулав. Энэ хотод суугаа Америкийн консул Шарплесийг Пинкертоны урилгаар ирэхэд тэрээр байраа үзүүлж, япон бүсгүйтэй гэрлэх болсноо дуулгадаг. Харин Шарплес түүнийг буруу зүйл хийж байна гэж сануулах боловч үзэсгэлэнт бүсгүйн гоо төрх, эрвээхэй нүдэнд нь дурласнаа хэлж, эхнэрээ болгохоор эргэлт буцалтгүй шийдсэн гэв. Энэ үед Чио Чио сан найз бүсгүйчүүдтэйгээ дуулсаар ирнэ. Түүний хоолой бусдаас илүү чанга, алаг нүд нь дурлалдаа согтоод гэрэлтэж байв. Тэднийг ийнхүү хөгжилдөж байтал бүсгүйн хамаатан Бонза лам ирж үймүүлнэ. Тэрээр өвөг дээдсийнхээ шашин шүтлэгийг баримталдаг учир Чио Чио санг шившигт эм хэмээн хараана. Балмагдсан бүсгүй гомдож, уйлахад Пинкертон түүнийг аргадсанаар дуурийн нэгдүгээр үзэгдэл төгсч, хөшиг хаагдав.

ҮНЭНЧ ХАЙР ЯЛАВ

Манай үзэгчидЧио Чио сандуурьтай 1977 онд анх танилцсан байдаг. Монголын анхны Чио Чио сан бол гавьяат жүжигчин М.Найдалмаа юм. Тэрээр дүрээ бүтээхийн тулд япон улсын түүх соёл болон япон бүсгүйн сэтгэлийн онцлог, алхаа гишгээ, хувцаслах соёлыг хүртэл судалжээ. Эхний тоглолтын тайз засалт яг л Япон улсад очсон мэт илүү бодит байдалтай болжээ. Зураачаар нь н.Гаваа ажилласан байдаг. Харин хамгийн алдартай олон үзэгчийн сэтгэл зүрхэнд тод үлдсэн Чио Чио сан бол Ардын жүжигчин Х.Уртнасан юм. Тэрээр 1975 оноос энэ дуурьт дуулсан бөгөөд анх удаа монголоос гадны тайзан дээр дуулсан монголЧио Чио сангэж өргөмжлөгдсөн билээТүүнээс хойш Ардын жүжигчин Б.Жавзандулам, гавьяат жүжигчин Б.Цэцэгээ нар япон бүсгүйд тоглосон юм. Харин энэ цагийн Чио Чио сан бол гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа, С.Мөнгөнцэцэг нар билээ. Б.Эрдэнэтуяагийн хувьд нэгэн ярилцлагадааЧио Чио сандуурь бол миний нэрийн хуудас гэж онцолсон нь бий. ТэрээрБи өөрөө Ази эмэгтэй учир япон бүсгүйд хувирахад арай дөхөм байдаг. Эх орныхоо театрт хамгийн олон удаа энэ дуурьт дуулсангэв. Харин энэ үдшийн эрвээхэй хатан нь Монгол Улсын гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг байлаа. Тэрээр 2007 онд анх энэ дуурьт дуулжээ. Түүнээс дүрийнх нь онцлогийн тухай асуухадЯпон эмэгтэйн ёс суртахууны илэрхийллийг уян налархай, хүндэтгэлтэй, харьцаа хөдөлгөөн дээр тулгуурлан гаргахыг хүсдэг. Мөн хайр сэтгэлдээ үнэнч, тэвчээртэй чанарыг нь тодотгохыг хичээлээ. Эхний үзэгдэл дээр 15 настай жаахан охин байсан бол дараагийн үзэгдэл эхлэхэд илүү хатуужилтай бүсгүй болж хувирдаг. Энэ хувирлыг гаргах нь энэ дүрийн баримтлах ёстой шугам юмгэв.

Үнэхээр энэ үдшийн эрвээхэй хатан төгс байсан юм. Түүний цөхрөл гомдол, сэтгэлийн шаналал үзэгч миний сэтгэлд ч хөндүүр үлдээх шиг олон бодол үлдээсэн. Тэрээр дүрээ хэтэрхий их мэдэрч, сэтгэл хөдлөл нь дээд цэгтээ хүрсэн нь дуурийн төгсгөлийн үзэгдэлд нулимсаар нь илэрсэн юм.

Хайртай залуу, хүүхдийнх нь эцэг өөр бүсгүйг эхнэрээ болгон дагуулж ирсэнд гомдсон Чио Чио сан хүүгээ аавд нь өгөхөөр шийддэг. Бүх цонх, хаалгаа хаахыг Сузукид тушаагаад, бурхныхаа өмнө сөхрөн сууж гэмээ наминчлаад хананд өлгөөтэй хутгыг авах мөчид Сузуки хүүг нь түлхэн оруулав. Эх хутгаа алдан хүүгээ тэврэн энхрийлнэ. Гэвч түүний шийдвэрт юу ч саад болохоосоо нэгэнт өнгөрчээ. Итгэн хүлээж байсан хайртай хүн нь нүүр буруулж, хамгаас эрхэм хүүг нь хүртэл авах болсонд шаналсан бүсгүй сүүлчийн удаа хүүгээ тэврэн үнсээд өрөө рүү нь орууллаа. Тэрээр гунигт амьдралаас үүрд явахаар шийдэнАдгийн үйлстэй эвлэрэхгүй хүн Ариун нэртэй үхнэгэсэн үг бичигтэй эцгийнхээ хутгаар амиа хорлосноор эрвээхэй нүдэнгийн эмгэнэлт түүх төгсч, хөшиг хаагдав. Эцэст нь орчлонд үгүй болсон ч үнэнч хайр сэтгэл ялав.

Эх сурвалж: “ Зууны мэдээ” сонин