Ч.ГАНТУЛГА
Тэр уг нь үзэсгэлэнт гүнж болж төрсөн юм. Гоо үзэсгэлэн, уяхан сэтгэл, гэнэн цагаахан зантай. Гэвч... түүнд ханхүү Зигфрид дурласан. Танан цагаан хун бүсгүй нуурын эрэгт гунигт бүжгээ хийж байхдаа ч гоо төрх нь нуурын эрэгт тусах сарны гэрэлд төгс харагдах ажээ. Энэ бол П.И.Чайковскийн үзэсгэлэнт гүнж Одеттагийн тухай Германы эртний домгоос сэдэвлэн бичсэн “Хунт нуур” балетын эхлэл. Энэ оны ууган бүжгэн жүжиг УДБЭТ-ын тайзнаа амиллаа. Эмэгтэй бүжигчин бүхэн хар, цагаан хунд бүжиглэснээр мэргэжлийн чадвараа гайхуулж, сонгодог урлагийн ноён оргил руу тэмүүлэх урт замын эхлэлээ энэ бүтээлээр тавьдаг. Тэгвэл Монголын дуурийн театрын тайзнаа хун болох хувь заяаг сонгосон, энэ цагийн үзэсгэлэнт хун нь О.Анужин байв. Тэрээр манай театрын залуухан, халуухан, шинэхэн гоцлооч. Түүний үйл хөдлөл, гарын хуруунаас эхлээд хөлийн үзүүр хүртлээ яг хун болохоор төрсөн мэт төгс байлаа. Бүжигчин бүсгүй цагаан хунгийн уян налархай байдал, цас шиг цагаахан гэнэн сэтгэлийг хар хунгийн эрхэмсэг байдал, хурц авир, зоримог төрхтэй тэрсэлдүүлжээ. О.Анужин өмнөх бүжигчдийн адилаар итгэл төгс, дүүлэн ниссээр Монголын “отгон” хун хэмээн өргөмжлөгдсөн юм. Хун шувуу үнэнч хайрын бэлгэдэл. Нэг биеийн хоёр тал болсон хар, цагаан хун тэрсэлдэж, хайр сэтгэл, үзэн ядалт, хувь тавилангийн эргүүлэгт орооцолдохын цагт үнэнч хайр, үүрдийн тангараг ямар үнэ цэнэтэй болохыг балетын төгсгөл нотолдог. Дэлхийн өнцөг булан бүрт энэ балетад гоцлохын тулд нуурын эрэг сахиж суудаг бүсгүйчүүд бий.
Тэд хунгийн үйл хөдөлгөөн, зан араншинг ажигласнаар өөрийн хунг бүтээдэг ажээ. Өөрсдийн торгон мэдрэмж, дотоод сэтгэлээс нь ундардаг учир хэзээ ч нэгнээ давтдаггүй юм байна. Хунд зөвхөн өөрийгөө золиосолж, дүрийнхээ ертөнцөөр амьдарч, зовлонг дааж чаддаг тэнхээтэй бүсгүйчүүд бүжиглэдэг ажээ
Монголчууд анх “Хунт нуур”-тай 1975 онд танилцсан түүхтэй. Монголын анхны хун бол Гоо үзэсгэлэн, ур чадвар, эелдэг зөөлөн ааль, хурц ширүүн харцаараа өөрийгөө тунхагласан Ардын жүжигчин Ю.Оюун агсан билээ. Анхны “Хунт нуур” балетыг Оросын мэргэжилтнүүд тавьжээ. Тэд театрын бүжигчидтэй уулзахдаа л Ю.Оюун агсныг онцолсон гэдэг. Түүний уран нарийхан гар, хөнгөн хөдөлгөөн нь нисч буй хун шиг харагдсан тухай дуурийн театрын архивт бичиглэн үлдээсэн байдаг.
Тэрээр өөрийн залуу нас, гоо үзэсгэлэн, дотоод мөн чанарыг зөвхөн цагаан хунгийн амьдралд зориулсан гэдэг. Балетын чимэг болсон эсрэг дүр нь хар хун билээ. Тэрээр хурц ширүүн, омог бардам, ихэмсэг зантай. Хар хунгийн хийдэг 32 эргэлтийг Ю.Оюун агсан гайхалтай гүйцэтгэдэг байжээ. Түүнийг эргэлтээ хийхэд танхимд цугласан үзэгчдийн нижигнэсэн алга ташилт Дуурийн театрыг доргиодог байсныг тухайн үеийн “Урлаг” сонинд нийтэлсэн байна.
Харин дараагийн хун болох хувьтай төрсөн бүсгүй бол гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг. Тэрээр Монголын сонгодог урлагийн түүхэн дэх өвөрмөц хун байсан гэж одоо ч үзэгчид ярьдаг. Х.Гэрэлчимэг хунд бүжиглэхийн тулд сэтгэл зүйгээ бэлдэж, үзвэрийн дараа зааланд ганцаараа бэлтгэл хийдэг байсан тухайгаа дурссан. Тайзнаа гараад бүжиглэхэд яг л хун болсон мэт бодит ертөнц түүнд мэдрэгддэг байж.
Харин 2000 онд театрт 19-хөн настай залуухан хун ирсэн нь гавьяат жүжигчин, балетчин Ч.Ганчимэг билээ. Тэрээр дотооддоо боловсрол эзэмшсэн анхны “Монгол хун” гэж Монголын сонгодог урлагийн түүхэнд нэрээ мөнхөлжээ.Түүний тухай балетмэйстр Б.Жамъяндагва “Ч.Ганчимэг бол XXI зууны шилдэг бүжгэн жүжигчдийн нэг” гэж хэлсэн байдаг. Тэрээр “Хунт нуур”-т бүжиглэхдээ хунгийн цэгцтэй хөдөлгөөн, уян хатан байдлыг нь илэрхийлэхийг хүсдэг байж. Дүрийнхээ тухай тайзан дээр гарахад хамаг бие нь хөнгөрөөд, өөрийн эрхгүй хунгаар дамжуулан хайрын тухай өгүүлж байгаадаа сэтгэл хангалуун болдог гэж дурссан нь бий.
Харин түүнээс хунгийн дүрийг жижигхэн турьхан биетэй Б.Саруул өвлөж авсан юм. Түүнийг үзэгчид шинэ үеийн, шинэ хун гэж өргөмжилдөг. Тэрээр цагаан, хар хунгийн ялгаа, дотоод сэтгэлийг гаргахын тулд өдрийн ихэнх цагийг бэлтгэлдээ зарцуулдаг гэсэн. Гэвч хэзээ ч өөрийгөө дүрээ бүрэн гаргалаа гэж онгирч үзээгүй тухайгаа дурссан юм. Учир нь уран бүтээлч хүн цаг, минут бүр суралцдаг тайзан дээр хунд бүжиглэх бүртээ өөр өөр мэдрэмж авдаг тухайгаа ярьсан. Одоо ч тэр тайзнаасаа буух болоогүй. Одоо ч “Хунт нуур” бүжгэн жүжигтээ гоцолсоор байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин