Д.НАДМИД
ӨМӨЗО-ы иргэн, СУИС-ийн Урлаг судлалын ухааны докторант, зураач багш О.Хишигбатын “Дорнын эгшиг” номын нээлт, уран бүтээлийн үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд боллоо. Альшаа аймгийн өмнөд бие Тэнгэр элсний гүнд амьдардаг малчны хүүхэд О.Хишигбат нь Хөлөнбуйраас Үзэмчин хийгээд дундад Монголын уудам нутгаар аялж нүүдэлчин малчин түмний ёс заншил, ахуйтай нарийн танилцсанаар “Дорнын соёл” хэмээх томоохон хэмжээний судалгааны бүтээл туурвиж түүнийгээ ном болгон хэвлүүлж уншигчдын хүртээл болголоо. Үүний зэрэгцээ аяллынхаа явцад газар дээр нь зурсан голдуу бүтээлүүдээ дэлгэн үзүүлсэн нь соёл судлаачид, түүхчдийн анхаарлыг зүй ёсоор татаж байна. Уран зургийн үзэсгэлэн, номын нэг бүхэл бүтэн утга санааг морьтон монголчуудын мал эдэлгээний гол хэрэгсэл эмээлийн тухай үлгэр домгоос эхлэлтэй баримтууд, үндэстэн ястнуудын эмээлийн онцлогийг харуулсан цуврал эзэлж байгаа юм.
О.Хишигбат хэлэхдээ “Зураач хүн аливааг өнгө төрхөөр нь гаргаж зурахаас гадна түүний цаад учир явдлыг харуулах нь оюун санааны мөн чанар байдаг. Би үүнийг эрхэмлэдэг” гэж байна лээ. Түүний “Дорнын эгшиг” номын онцлог нь гурван хэл, дөрвөн бичгээр бүтсэн учир хэн бүхэнд уншиж судлахад дөхөмтэй. Монгол соёл судлалын гарын авлага, сурах бичиг гэж хэлж болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин