Д.НАДМИД

...Тэртээх 1954 онд Улаанбаатар-Бээжин,Бээжин-Улаанбаатарын хооронд явсан Монголын дугуйчдын түүхэн аялал болж хөрш хоёр орны найрамдал нөхөрлөлийг хөгжүүлж бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэдэг.Тэгвэл энэ онд тэр түүхэн замаар аялах Монгол, Хятадын дугуйчдын аялал  болох бөгөөд энэ нь хоёр орны иж бүрэн түншлэлийн бэлэг тэмдэг болно хэмээн бид итгэж байна гэжГранд чайна спортсгруппын ТУЗ-ийн дарга, Монголын сагсан бөмбөгийн холбооны хүндэт Ерөнхийлөгч Хоудавэй хэлжээ.

Уг мэдээллийг тодруулахаар бид Бээжин рүү утас цохиж, түүнтэй  хоёр орны биеийн  тамир, спортын салбарын харилцааны талаар тодруулсан юм.

-Хоёр орны биеийн тамир, спортын харилцаанд мартагдахын аргагүй үе, цаг мөч, хүмүүс бий дээ. Эндээс ярилцлагаа эхэлбэл ямар вэ?

-Бүтэн жарны өмнө Улаанбаатараас Бээжинд аялж очсон Монголын дугуйчдыг Тянминий талбайд Майн нэгний баярт зориулсан бүх хятадын тамирчдын сүрт жагсаалын эхэнд явуулж байсан тэр хүндэтгэлийг  өнөөдөр дурсан ярихад  таатай байна.1980 онд Бээжингийн олимпийн дэвжээнд аваргалсан Түвшинбаярыг хүндэтгэхээр Д.Сүхбаатарын талбайд цугларч байсан түмэн олны баяр хөөртэй зүйрлэхээр юм байсан юм билээ. Монголын биеийн тамир,спортын Хорооны орлогч дарга Ц.Дамбий тэргүүтэй анхдагч аялалд оролцсон 13 дугуйчнаас амьд сэрүүн байгаа Монгол Улсын алдарт тамирчин, гавьяат багш Ц.Даржааг юуны түрүүнд нэрлэх ёстой. Энэ эрхэм хүнд ирэх жил Улаанбаатараас Бээжин хүртэл аялах Монгол, Хятадын дугуйчдын аялалын бариа болох тэр мөчид тусгайлан хүндэтгэл үзүүлэхээр манай групп, БНХАУ-ын спортын түүхийн музейн захиргаа шийдвэрлэснийг дуулгахад таатай байна. Бид Ц.Даржаа багшийг аугаа тамирчин гэдгээс гадна гадаад харилцааны том төлөөлөгч гэж хүндэтгэдэг юм.

-Шинэ онд хоёр орны биеийн тамир, спортын салбарт хамтран ажиллах талаар олон чухал үйл явдал болно гэж дуулсан.

-Биеийн тамир, спортын салбарын хамтын ажиллагааны хүрээнд шинэ онд болох арга хэмжээнүүдийг  улиран одож буй оны сүүлчийн өдрүүдэд эхэлчихсэн яваа шүү дээ. Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн 16 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид Тяньжин хотод бэлтгэл сургууль хийгээд буцлаа  саяхан.Тяньжин Улаанбаатар хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд биеийн тамир, спортын салбарын түншлэлийг урьдынхаас илүү хөгжүүлнэ гэсэн бодолтой байна.

-Дугуй, ширээний теннис бол бидний хамтарч  ажиллах гол талбар..Мөн манай сагсан бөмбөгчид танай улсад бэлтгэл хийж, ур чадвараа ахиулж байгааг таны ярианаас мэдлээ?

-Шандун мужийн ширээний теннисний сургуульд суралцаж буй монгол хүүхэд энэ оноос эхэлж, тивийн сайн өрсөлдөгч болохоо харуулж эхэлнэ хэмээн найдаж байгаа.Монголын сагсан бөмбөгчдийн амжилт харагдахуйц ахиж цаашлаад сагсан бөмбөгөөр хичээллэгсэд нэмэгдсээр байгаа тухай мэдээ бий.

Миний дотнын нөхөр Шаравжамц бид хоёр спорт тоглоомын хэрэглэл материал их ач холбогдолтой гэж үзээд, энэ талаар  онцгой анхаарч хамтран ажиллаж байгаа.Ширээний теннисний хувьд Архангай аймгийн клубтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.

-Спортын бусад төрлүүдийн хувьд?

-Манай групп Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир,спортын газраас шинэ онд аймаг,хотын хөгжлийн бэрхшээлтэй өсвөр үеийнхнийхээ дунд өргөн хүрээнд зохион явуулах спортын наадмын уралдаан, тэмцээний ивээн тэтгэгчээр оролцож, тус дэм үзүүлэхээр тохироод байгаа.

Өвөрмонголоос гараагаа эхлэх хоёр орны тамирчдын хээрийн марафон, “Үзэгсэлэнт Улаанбаатарнэртэй өртөөт марафон зэрэг уралдаан тэмцээн ирэх оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд орсон

Энэ ялдамдГранд Чайна спортаж үйлдвэрийн группээс Улаанбаатар хотноо зохион байгуулсан шинэ жилийн ёслолын арга хэмжээний үеэр Монгол, Хятадын биеийн тамир,спортын нийгэмлэг байгуулсныг зарласан. Энэ нийгэмлэг цаашид хоёр орны биеийн тамир, спортын салбарын харилцаа, хамтын ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Хамтдаа урагшаагэж найрамдалт хөрш Монгол Улсын цог золбоот тамирчдад шинэ оны мэнд хүргэж, 2018 онд шинэ амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг тив, дэлхийд цууриатуулахыг хүсэн ерөөе.      

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин