Ч.ГАНТУЛГА
Түүний зургуудыг харах, бас унших дуртай. Харах тусам сонирхол татаж, сэтгэл гижигдэм тийм гэгээн мэдрэмж төрдөг билээ. Зураач Г.Ганбаяртай гурван жилийн өмнө анхны бие даасан “The Magic Life” үзэсгэлэнгийнх нь үеэр уулзах боломж гарч байсан юм. Тухайн үед түүний тод өнгийн илэрхийлэл болсон бүтээлүүд сэтгэлд тод үлджээ. Энэ удаа түүний урлангаар зочлоход өнөөх сэтгэлд дулаахан, тохилог орчин угтсан юм. Будагны эхүүн үнэр, олон өнгийн илэрхийлэл болсон сонирхолтой бүтээлүүд. Яг амьтай мэт өөдөөс ширтэх хөрөг зургууд. Г.Ганбаяр бол Монголын дүрслэх урлагийн хаалгаар дөнгөж алхаж буй залуу уран бүтээлч. Тэр дундаа хамгийн зоримог шийдвэр буюу сюрреализм чиглэлээр зурдаг цөөн зураачийн нэг юм. Тиймээс ч түүний зураг дайчин, этгээд, сонирхолтой байдаг. Энэ төрөл Европын оронд түлхүү дэлгэрсэн. Харин энэ урсгалын хамгийн том, алдартай төлөөлөгч нь Сальвадор Дали хэмээх халуун цуст испани зураач. Үеийнхэн нь түүнийг галзуу, солиотой гэж боддог байж. Түүний бүтээлд зүүд, зөн совин, хүсэл тачаалын сэдэв голлодог. Харин монгол зураачийн бүтээлд бүсгүй хүн болон зүүд, хийсвэр сэтгэлгээний зураг олон бий.
ХӨГЖИМ ТҮҮНИЙ ОНГОД БОЛДОГ
Зураач бүхэн өөрийнхөө бүтээлийг туурвих арга барил, онцлогтой. Г.Ганбаярын хувьд хөгжим түүний онгод болдог ажээ. Ялангуяа, рок хөгжим түүнд бүтээл хийх сэдэв, санаа өгдөг ажээ. Тэрээр “Хөсөгтөн” хамтлагийн уран бүтээлийг сонсох дуртай. Гэхдээ монгол рокоос илүү гадны хамтлагийн дуу хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг аж. Урландаа ганцаараа байхдаа хөгжмөө чангалаад бийр будгаа бариад суухад цаг хугацаа хэрхэн өнгөрч байгааг мэддэггүй гэсэн. Өөрийнхөөрөө байж, чөлөөтэй сэтгэх хамгийн өндөр индэр нь түүний бяцхан урлан юм. Тэрээр анхны үзэсгэлэнгээ зөвхөн домгийн сэдвээр хийсэн. Тэгвэл энэ сэдвээ өнөөг хүртэл үргэлжлүүлж байна. Г.Ганбаярын уран бүтээлд Буриад бүсгүйн зураг олон бий. Зураач маань Хэнтий аймгийн уугуул. Бүтээлд нь нутгийнх нь үзэсгэлэнт байгалийн зураглал туссан нь цөөнгүй. Түүний хамгийн их бодож, судалж зурсан бүтээлийнх нь нэг нь “Ийм нэгэн домог” зураг аж. Нуурын эрэг дээр үзэсгэлэнт бүсгүй сууна. Түүний хажууд танан цагаан хун дүрсэлжээ. Ув улаан буриад загвартай дээл, цасан цагаан хун, цэв цэнхэр нуур, тэртээд харагдах тэнгэрийн хаяа. Өнгөний хувьд гайхалтай зохицол. Энэ зураг Буриадын тухай домгоос үүсэлтэй юм байна. Домогт Хорьдой мэргэн ан хийж яваад нуурын эрэгт хун шувууд буухыг хардаг. Тэд буух агшиндаа үзэсгэлэнт гүнж болон хувирна. Үзэсгэлэнт хун бүсгүйтэй гэрлэсэн Хорьдой мэргэн 11 хүүхэдтэй болжээ. Бүсгүй хөвгүүдээ өсгөснийхөө дараа эргэн хун болж нисэн оддог гэж өгүүлдэг юм байна. Г.Ганбаяр зураач энэ онд дараагийн үзэсгэлэнгээ дэлгэхээр бэлдэж байгаа бөгөөд түүний үзэсгэлэнгээс хунгийн домог хэрхэн үргэлжлэхийг хараарай гэсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин