Х.ОЮУНБОЛД

Ирэх жил ОХУ-д болох Дэлхийн хөлбөмбөгийн АШТ-д оролцох 32 баг тодорсон. Тэмцээнд оролцох багуудын сонгон шалгаруулалтын тоглолтууд 2015 оны гуравдугаар сарын 15-нд Зүүн Тиморийн баг Монголын багийг  хож­соноор эхэлсэн юм. Түүнээс хойш 872 багийн тоглолт болж, 2451 гоол оржээ. Перугийн шигшээ баг  дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэм­цээнд оролцох эрхийн хамгийн сүүлийн тог­лолтыг Шинэ Зеландын шигшээ багтай хийж,  хож­соноор энэ тэмцээн өндөрлөсөн юм. Харин  ирэх жилийн дэлхийн аваргад оролцох багуудын хоорондоо  тоглох оноолтыг сугалаагаар ший­дэх юм. Ингээд “ВВС Mundo” сайтад тавьсан мэдээллийг хүргэе.

ЕВРОПЫН ХОЁР БАГ НЭГ ХЭСЭГТ ТОГЛОХГҮЙ

ДАШТ-д оролцохоор шал­гарсан 32 багийг най­ман хэсэг, дөрвөн жаг­саалтад хуваарилсанаа Дэлхийн хөл­бөмбөгийн холбоо өн­гөр­сөн аравдугаар сард танил­цуулсан. ОХУ тэмцээнийг зохион байгуулагч, эзэн орны хувьд эхний ээлжинд тоглох жагсаалтад орсон байна.Тоглолтын эхний хэсэгт аваргуудын лигээс өөр холбоонд багтдаг хоёр баг хоорондоо тоглож болохгүй гэж заажээ. Мөн Европын хоёр  баг нэг хэсэгт тоглохгүйг анхааруулсан байна.

АНХ УДАА ОРОЛЦОХ БАГУУД

Дөрвөн жилийн өмнө Бразилд болсон ДАШТ-д оролцоогүй 12 баг энэ удаад оролцохоор болжээ. Мөн анх удаа Исландын болон Панамын шигшээ баг тоглох эрхтэй болсон. Мөн нэг сая хүрэхгүй хүн амтай Норвегийн шигшээ баг  ДАШТ-д оролцох эрх авсан юм.

ДАШТ-Д ТОГЛОХГҮЙ БАГУУД

Энэ удаагийн тэмцээнд ДАШТ-ий дөрвөн удаагийн аварга, 1958 оноос хойш нэг ч удаа тэмцээнээ алгасч байгаагүй Италийн шигшээ баг, дэлхийн хөлбөмбөгийн холбооны шилдэг багуудын нэгэнд тооцогддог Чилийн шигшээ баг тоглохгүй юм байна.  Мөн 2010 оны финалын тоглолтод үлдэж, 2014 оны тэмцээнд III байрт орсон Голландын баг Европын  хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт үзүүлж чадаагүй. Үүнээс гадна сүүлийн жилүүдэд тэмцээнүүдэд амжилттай оролцсон Камеруны баг ч ДАШТ-д оролцох эрхээ авч дөнгөсөнгүй. 1986 оноос хойш тасралтгүй тоглосон АНУ-ын баг ч анх удаа энэ тэмцээнд оролцохгүй ажээ.

ТОГЛОЛТЫН ТАСАЛБАР

ДАШТ-ний эхний хэсгийн тоглолтын тасалбар есдүгээр сараас худалдаанд гарч эхэлсэн. Харин тасалбар зарах хоёрдугаар ээлж маргааш өндөрлөх юм байна. Тасалбар борлуулалтын худалдан авалтыг харахад Бразилд болсон тэмцээнийхээс харьцангуй бага байна гэсэн үзүүлэлт гарчээ. Захиалагчдын 57 хувийг оросууд эзэлж байна.

НӨХӨРСӨГ ТОГЛОЛТ

ДАШТ-ний эхний хэсгийн тоглолтууд хоёр долоо хоног үргэлжлэх бол хаалтын тоглолтууд зургадугаар сарын 15-наар дуусгавар болно. Үүнээс гадна гуравдугаар сарын 19-наас 27-ны хооронд болох  нөхөрсөг тоглолтын дараа шигшээ багуудын тоглолт клубын аварга шалгаруулах тэмцээн дуустал явагдахгүй. Харин  үндэсний лигийн тоглолтыг тавдугаар сарын эхний хагаст дуусгахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин