Ч.ГАНТУЛГА
Дэлхийн талыг эзэлж явсан Чингисийн үр сад бид өнөөдөр дэлхийд юугаараа гангарч, онцгойрч, омогших вэ. Уул ус, онгон байгалиа дээдэлдэг уламжлал маань ачааны машины дэвшээр дүүрэн ариун шороотойтой минь хил давсаар уджээ. Эрх баригчид нь уул, толгод, эд баялаг ярьж, хөлөө жийлцэн, байгаль эхээ сэндийчиж байхад үүнтэй хамт амь голтой амьсгалж буй соёл урлагаа анхаарах сөхөө тэдэнд алга. Улс орон оршин тогтнох гол дархлаа нь соёл урлаг. Тэгвэл өнөөх дархлаа нь суларч, үндэсний урлагийн уламжлал соёл мартагдахад хүрч байна. Энэ нь зөвхөн дуу хуур, бүжиг наадмаар хэмжигдэх жижиг ухагдахуун биш. Монгол хүний үнэлэмж, шинэ цагийн давалгаа, хосгүй үнэт үзмэрүүд, хэл бичиг, үүх түүхтэй салшгүй холбоотой өргөн ойлголт юм. Гэвч өнөөдөр тайзан дээр хэн нэгэн дуулж байвал урлаг хөгжиж байна гэсэн өнгөцхөн ойлголт нийгэмд давалгаалж байна. Гэтэл уртын дуугаараа дэлхийг уярааж, уран нугаралтаа геннист бүртгүүлж, хорвоогийн жаргал зовлонг хоёрхон чавхдаст багтаадаг ийм үндэстэн дэлхийн цээжинд хэд байгаа бол. Гэвч бид эдгээр үндэсний урлаг, өөрсдийн гэж өмчирхөх ёстой өв соёлоо хэрхэн хамгаалж, түгээн дэлгэрүүлж байна вэ. Нөгөө л гадны урлаг, солонгос савангийн дуурьт нэвчсэн хэвээр. Үүнд цэг тавих цаг болжээ.
АЙМГУУДЫН СОЁЛЫН ДАРХЛАА СУЛАРЧ БАЙНА
Бид урлагийн баялаг түүхтэй ард түмэн. Монгол хүн өөрөө дуучин төрж, морин дэл дээр адуугаа хурааж явахдаа уртын дуугаа аялж, шинэ гэр барьж, гал голомтоо бадрааж буй залуухан хосод ерөөл айлдаж, морин хуурын аялгуугаар гэрийнх нь жаврыг үргээж, өдөр тутмын амьдралдаа өөрсдийн соёлоо дэлгэрүүлсээр ирсэн. Аймаг бүр өөр, өөрийн урлагийн өв, өв тээгчидтэй. Тэгвэл энэ соёл мартагдаж, өв тээгч нар багасч буй тухай бий биелээч, 76 настай, Р.Хоролоо эмээ сэтгэл зовдогоо ярьж байсан юм. Монгол Улсын яаралтай хамгаалах биет бус өвийн жагсаалтад тууль, лимбэний битүү амьсгаа, уран нугаралт зэрэг 16 төрлий өв багтсан байна. Тэр дундаа уран нугаралтыг онцгойлон үзсэн заалт байдаг юм байна. Тэгвэл монгол уран нугаралтын өвийг тээж яваа олон нугараач өнөөдөр эх орныхоо бус өөр улсын нэр дээр нугарч байна. Саяхан Токиод болсон Олон улсын циркчдийн уралдаанд түрүүлсэн Г.Амарзаяаг Бразилийн уран нугараач гэж зарлаж байв. Энэ бол хамгийн ойрын жишээ, аюулын хар аянга. Бид энэ мэт өв, соёлоо, тэднийг тээгчдийг харь улс руу алдсаар байх уу. Зөвхөн уран нугаралт ч биш монгол морин хуурыг төгс эзэмшсэн америк залуу үндэсний дээлээр минь гоёж, дэлхийг тойрсон урт аяллынхаа замд гарсан. Олон үндэстний өлгий Ховд аймаг, дуу хуурын өлгий Дундговь, ардын дууны шуранхайтай Архангай, Хөвсгөл, Дорнод зэрэг аймгуудад үндэсний язгуур урлаг, бий биелгээ, морин хуурын жинхэнэ монгол соёл, өв хадгалагдаж байдаг. Гэвч үүнийг цааш нь түгээн дэлгэрүүлэх, авч үлдэх хүн ховор болсон тухай 20 жил Монголын язгуур урлаг, өв уламжлалыг судалсан судлаач И.Должинсүрэн ярилаа. Тэрээр “Бид үндэсний урлагаа алдаж байна. Манай орон нутагт тэдгээрийг тээгч, түгээн дэлгэрүүлэгчид ховор болсон. Учир нь хэдэн хөгшчүүл маань нүд аньснаар өнөөх өв уламжлал маань тэдэнтэй хамт мөнх нойрссон. Ялангуяа Ховд, Дундговь, Хөвсгөл, Архангай аймагт эртний бий биелгээний үндсэн хөдөлгөөн, цаатнуудын бүжгийн уламжлал, уртын дууны шуранхайн нууц, хадгалагдаж байдаг. Бид тэдгээр нутгийн өв тээгчдийг онцгой анхаарч, түгээн дэлгэрүүлэх ажилд нь туслах үүрэгтэй” гэсэн юм.
ТӨР ТӨМӨР НҮҮРЭЭ ХАРУУЛСАН
Насаараа Монголын язгуур урлаг, өв соёлыг судалсан энэ хүний үг нэгийг бодогдуулах нь лавтай. Өнөөдөр соёл урлагийн байгууллага бие даасан яамгүй байна. Бид өнгөрсөн Засгийн газрын үед яамтай байж үзсэн. Одоо л соёл урлагийн салбарынхан толгойтой болж, олон асуудал нь цэгцэрч, хөгжил дэвшил ирнэ гэж найдсан ч “хулхидуулсан”. Яамны хүрээнд хэдэн музейн асуудал л шийдэгдсэн байх. Хэдийгээр яам татан буугдсан ч сайд асан Ц.Оюунгэрэлийн монгол соёлоо хадгалж үлдэх, түүнийг төрийн бодлогын хэмжээнд дэмжих үүднээс кино театр болон телевиз, радиогоор гарч буй гадаадын контентод хязгаарлалт тавьсан Соёлын тухай хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Гэвч энэ хуулийг өнөөдөр хэрэгжүүлж буй хэвлэл мэдээллийн байгууллага хэд байна вэ. Өнөөх гадаад дуу хөгжим, савангийн дууриуд нэвтрүүлгийн ихэнх хувийг эзэлсэн хэвээр байна. Тэдэнд хяналт тавьж, хуулиа дээдлэхийг анхааруулах төрийн ташуур дутагдаж байна. Үүнийг дагаад хойч ирээдүй болсон хүүхдүүд маань монгол соёл гэж юу болохыг мэдэхгүй өсч байгаа нь харамсалтай. Урлагийн салбарын ажилтан, уран бүтээлчид энэ засгийн газраас соёл урлагт онцгой анхаарал хандуулж, дахин яам байгуулж өгөх байх гэсэн найдлага тавьж байсан ч төр төмөр нүүрээ харуулсан. Өнөөдөр БСШУСЯ-нд соёл урлагийн асуудал агентлаг төдийхнөөр хэмжигдэж байна.
АРДЫН ЖҮЖИГЧИН 500 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ
Монголд өнөөдөр соёл урлагийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг олон байгууллага бий. Үүнээс статусын хувьд хамгийн том, төрийн харъяанд байдаг нь УДБЭТ, УДЭТ, Хүүхэлдэйн театр, ҮУИТ. Монголын мэргэжлийн урлагийн өнгийг тодорхойлж яваа эдгээр байгууллагын уран бүтээлийн төсөв, уран бүтээлчдийн цалин хангамжийн асуудал орхигдоод удаж байна. Төсвийн байгууллагын уран бүтээлчийн цалин 388 мянган төгрөгөөс эхэлдэг. Энэ нь томхон албан байгууллагын үүдний цэвэрлэгчийн цалингаас ч бага. Хүний авьяас, оюуны хөрөнгийг ийм өчүүхнээр урамшуулдаг улс манайхаас өөр байхгүй. Насаараа урлагт зүтгэсэн, түмэнд нэртэй Ардын жүжигчин 500 мянган төгрөгийн цалин авч байгаа нь өнөөдрийн төрийн зүтгэлтнүүдийн урлагаа үнэлэх үнэлэмж ямар байгааг харуулна. Тэгсэн мөртлөө гадны сайд ноёд, албан томилолт болохоор өнөөх урлагийнхныгаа урдаа барина. Саяхан болсон АСЕМ-ийн үеэр ирсэн зочин төлөөлөгчид монгол урлагийн гайхамшгийг магтаад буцсан. Улс орны нүүр царай болсон эдгээр уран бүтээлчдэд нэмэлт цагийн цалин гэж байдаггүй. Төрийн албан хаагч шиг таван цагтай уралдаад гарах эрх байхгүй. Тийм сэтгэл ч төрөхгүй. Учир нь тэд энэ урлагтаа хайртай учир өнөөдрийг хүртэл үнэнч зүтгэсээр явна гэж байсан юм. Хэрэв эдгээр асуудлаа ярьж, багш нар шиг жагсаал цуглаан хийвэл бүх мэдээллийн хэрэгслийг донсолгож, УИХ-ыг тараах төвшний хүч бидэнд бий гэсэн нь ч үнэний ортой. Үүнээс гадна монгол соёлыг мөхөөж буй асуудлын нэг нь урын сан. Өнөөдөр мэргэжлийн жүжгийн зохиол хэд байна вэ. 60 гаруй жилийн түүхтэй УДЭТ-ын урын сангийн дийлэнх хувийг нь гадны уран бүтээл эзэлдэг. Хэдийгээр дэлхийн уран зохиолын гайхамшигтай танилцаж, тэдгээр бүтээлийг хүмүүст хүргэх үүрэгтэй ч монгол бүтээлээ илүү сурталчлах нь зүйтэй. Бид яагаад дэлхийн том, том театрт очиж, монгол бүтээлээ тоглож болдоггүй юм бэ. Дуурийн театр Солонгосын дуурийн театртай хамтарч ажилладаг. Тэдний тайзан дээр хэд, хэдэн удаа томоохон хэмжээний тоглолт амжилттай зохион байгуулсан. Харин тэдгээр уран бүтээл нь бүгд гадны дууриуд. Монгол дууриа тоглоё гэхээр хөрөнгө мөнгө дутагддаг. Учир нь монгол бүтээлээ дэлхийн тайзнаа дуулахын тулд бүгдийг нь эхнээс нь өөрчлөх хэрэгтэй болно. Дор хаяж хувцас чимэглэл болон гадаад хэл рүү орчуулахад, мөнгө шаардлагатай. Өнөөдөр Монголын дуурийн урлагийг өнгөлж яваа Э.Амартүвшин, Г.Ариунбаатар, Ч.Бадрал гэсэн дуучид гадаадын театрт харъяатай. Хэдийгээр дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж байгаа нь бахархам ч бид яагаад бусад театрын амласныг өгөөд, дуучдаа дэмжиж болдоггүй юм бэ. Эдгээр олон асуудлыг өнөөдөр төр анхааралдаа авч, соёлын дархлаагаа баталгаажуулахгүй бол монгол соёлын мөхөл дэргэд ирээд байна.
Ардын жүжигчин А.Дашпэлжээ: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭХ ШААРДЛАГАТАЙ
-Манай театрын урын санд монгол хөгжмийн зохиолчийн бүтээлүүд бий. Тэдгээрээс тоглогдож байгаа нь тун цөөхөн. “Учиртай гурван толгой”, “Үүлэн заяа”, “Ламбугайн нулимс”, “Хөхөө намжил”, “Чингис хаан”, “Гүнгэрийн гүнж” гэсэн бүтээл байна. Бусдыг нь тоглох гэхээр утга агуулгын хувьд ихэнх ардын хувьсгалын тухай өгүүлдэг. Тэгэхээр энэ цаг үетэй хараахан нийцэхгүй. Эдгээр бүтээлийг тавилтыг шинэчлээд үзүүлье гэхэд уран бүтээлчид нь байдаг. Харин зардал мөнгийг нь хаанаас олох вэ. Яамны зүгээс тодорхой зардлыг өгөхөөс өөрөөр бидэнд дэмжлэг тун бага байна.
Гавьяат багш Ц.Ерөө: ЦАГТАА САЙДЫН ЦАЛИН АВДАГ БАЙЛАА
-Би 1963 оноос дуурийн театртай амьдралаа холбосон. Тухайн үед цаг сайхан байж дээ. Бид төрийн хүн шиг л нэр хүндтэй явлаа. Уран бүтээлийг маань төрөөс дэмждэг, зохицуулалт хийдэг байсан. Олон уралдаан тэмцээн зохиож, түрүүлсэн нэгнээ урамшуулна. Би сайдын хэмжээний цалин авдаг байлаа. Одооны залуу уран бүтээлчдийг хааяа өрөвддөг юм. Эд минь бор зүрхээрээ л уран бүтээлээ таслахгүй явж байна. Авьяастай хүүхдүүдийг төр дэмжээсэй, мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлийг төрийн бодлогоор зохицуулдаг байгаасай гэж хүсэх юм.
Гавьяат жүжигчин, дуурийн дуучин С.Мөнгөнцэцэг: “ЛАМБУГАЙН НУЛИМС”-ЫГ ДЭЛХИЙН ТОМ ТЕАТРТ ТАВИХ БОЛОМЖТОЙ
-Дэлхийн урлаг судлаачид “Ламбугайн нулимс” дуурийг дэлхийн жижшигт нийцсэн бүтээл гэж дүгнэдэг. Сэдэв, хөгжим, агуулгын хувьд хаана ч гологдохгүй. Гэтэл бид дэлхийн том театрын уран бүтээлчдэд та бүхэн манай “Ламбугайн нулимс” дуурийг тавиач, манай Засгийн газар дэмжье гэсэн санал тавих боломж алга. Энэ дуурийг дэлхийн тайзнаа тавихын тулд мэргэжлийн орчуулгаас гадна уран бүтээлчдийн цалингаас эхлээд их хөрөнгө хэрэг болно.
Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар: БИ ДЭЛХИЙД МОНГОЛ СОНГОДОГИЙГ СУРТАЛЧИЛНА
-Монгол урлаг шавхагдашгүй баялаг. Тиймээс би монгол урлагаа дэлхийд сурталчлахыг хүсдэг. Тайзнаа дуулсан бүтээлийн минь 80 хувийг монгол дуунууд эзэлж байна. Бид энэ үүх, түүхээ дэлхийд сурталчлах цаг болсон. Манай уран бүтээлчдэд гадны зах зээл нээлттэй болжээ. Чухам тэдэнд жаахан л дэмжлэг хэрэгтэй байна. Хэрэв төр уран бүтээлчээ бодлогоор дэмжээд өгвөл бид өв уламжлалаа дэлхийд сурталчлах бүрэн боломжтой.
ҮУИТ-ын ерөнхий найруулагч Д.Ганболд: БИД ӨНӨӨДӨР БСШУЯ-НЫ ШАВХАРУУГААР УРАН БҮТЭЭЛ ХИЙЖ БАЙНА
-Манайхан гадны урлагийн давалгаанд өртөж байна. Үүнийг дагаад залуусын соёл, өмсөх хувцас хүртэл солонгос стилийнх болж байгаа нь харамсалтай. Энэ бол үндэстний хувьд соёлын мөхөл гэж ойлгож болно. Бид өнөөдөр БСШУЯ-ны шавхаруугаар уран бүтээл хийж байна. Хэдийгээр яам нэртэй боловч агентлаг төдийхнөөр хэмжигдэж байгаа нь тоогүй. Бидний асуудал, санал хүсэлт яамны хэмжээнд яригдаж байж Засгийн газарт хүрнэ. Харин агентлагаар яригдсан асуудал яамныхаа хэмжээнээс дээшлэхгүй.
Үргэлжлэл бий.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин