Д.НАДМИД
Тиймээ. Хамгийн хамгийн олонтой башё гэж саяын башёг хэлэхээс өөр аргагүй санагдав. Эхнийх нь энэ оны хамгийн сүүлчийн башё гээд л нэрлэнэ. Бас хамгийн олон бөх барилдааны дундуур тэмцээнээ орхисон башё байлаа. Анх дөрвөн аварга зодоглоно гэсэн оноолт гарснаас Какирюү аварга гэмтлийн улмаас барилдаагүй нь түүний эхлэл байсан гэж болно. Дараа нь тэмцээн эхлээд төдий л удаагүй гурав дахь өдрөөс Харүмафүжи аварга алга байв. Яасан гэж лавлах зуургүй л гэмтлийн улмаас биш нутаг нэгтнийхээ биед гэмтэл учруулж танхайрсан гэсэн шалтгаантай гэсэн “хар” мэдээ тарав. Бүр Таканоивагийн толгойг шар айрагны шилээр хага цохьсон тухай сүржин мэдээлэл хачирхал төрүүлсэн юм. Түүний дараа Кисеносато аварга таван унаатай болсны маргааш бас тэмцээнийг орхив. Гэмтэл нь болоогүй л гэх бүдүүвч мэдээлэл сонсов. Бас тэр халдвар озеки Тэрүнофүжид тохиолдож явснаар хоёрхон озекитой башё нэгтэй л үлдэв. Магешира цолтнуудаас 2-3 хүн дараалаад явлаа. Тэднээс Абаяма л буцаж ирж барилдсан. Энэ бүхнээс Кюүшюү башёгийн чансаа унах шиг болсон. Тэгвэл башёг ганц аварсан хүн нь их аварга Хакүхо байлаа. Тэр эр бяр нь ид жагссан хэвээр барилдсаар маргаантай ганц унаатайгаар 40 дэх түрүүгээ авлаа. Хакүхогийн энэ түрүү Кюүшюү башёгийн олон хамгийний оргил нь байлаа. Гэхдээ бүр 1700 жилийн түүхтэй сүмогийн түүхэнд дээдийн дээд нь бөгөөд хэзээ ч хэн ч эвдэхээргүй гэхээр амжилт юм. Тайхо аваргын тогтоосон 32 түрүүг эвдэхэд нь Хакүхог гайхамшигтай гэж магтаж байсан бол сүүлдээ түүний өөрийнхөө амжилтыг башё бүрт өөрөө эвдээд байхаар дөжирсөн үү. Тэд дэхиэ түрүүллээ гэж мэдээлэх болсон шиг. Хакүхо аварга амжилтаар биднийг бялууруулжээ дээ. 2006 оноос хойших 11 жилд л монгол сүмоч Хакүхо Японы мэргэжлийн бөхийн домог болж чадлаа. Өөрөө би 2020 оны Токиогийн олимп хүртэл барилдана. Энэ миний зорилго гэж хэлээд байгаа. Даруй 15 башё барилдана гэсэн үг. Тэгэхээр их аваргын одоо бий болгосон 40 түрүү дахиад эвдэгдэнэ гэдэг нь тодорхой. Сүмогийн домог улам арвидана гэсэн үг бизээ. Энэ тэмцээний бас нэг хамгийн нь хэн бэ гэвэл макүүчид барилдаж байгаа бөхчүүдийн хамгийн ахмад нь буюу 39 настай Аминишики юм. Тэр сая тавин хувиа хийчихээд баярын нулимс унагаж харагдсан. Тэгээд зодог тайлах хүртлээ өөрийгөө дайчилж барилдана гэж байна гэх. Бас нэг түүх бичиж байгаа сүмоч. Тэгвэл Хакүхогийн араас Монголын сүмочид хэрхэн барилдав гэвэл Тамаваши 11, Ичиношёо 10 давж бас хамгийн гэхээр амжилт үзүүлэв. Бас Араваши найм, Чиёошома долоо давж монгол сүмочид сайхан барилдлаа шүү дээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин