Ч.ГАНТУЛГА
Алдарт зохиолч Лев Толстой энэ бүтээлд амьдралынхаа 29 жилийг зориулсан гэдэг. Тиймээс урлаг судлаачид “Адууны түүх”-ийг зохиолчийн өөрийнх нь амьдрал гэж дүгнэсэн нь бий. “Зохиолч амьдралынхаа сүүлийн жилүүдэд нийгмийн амьдралаас болж сэтгэл гутралд оржээ. Тиймээс ч адууны амьдралаар хүнийг элэглэсэн юм. Энэ санааг Б.Баатар найруулагч харж, өнөөгийн нийгэмд үзэгчдэд хүргэхээр зорьсон нь нүдээ олсон сонголт” гэж театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар хэллээ.
ЭМГЭНЭЛ, ИНЭЭДЭМ ХОСОЛСОН “АДУУНЫ ТҮҮХ”
Манай театрын урын санд Лев Толстойн бүтээл байхгүй. Зохиолчийн мэндэлсний 190 жилийн ойг угтаж, “Адууны түүх”-ээр хүний амьдралыг харуулсан тус бүтээл манай театрын тайзнаа амилахад бэлэн болжээ. Уран бүтээлийн зардлын 80 хувийг Соёл, урлагийг хөгжүүлэх сан гаргасан гэж театрын захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу онцолсон юм. УДЭТ-ын энэ жилийн хамгийн отгон үзвэрийг Н.Пүрэвдагва орчуулж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулжээ. Гол дүрийг Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Соёлын тэргүүний ажилтан С.Болд, Э.Тодгэрэл нар бүтээх бол жүжгийн гол зангилаа болсон Хулангоогийн дүрийг Ардын жүжигчин С.Сарантуяа бүтээж байна. Жүжиг нэгэн адуу өнгөрсөн амьдралаа дурсаж буйгаар эхэлдэг. Жүжгийг анх 1975 онд ЗХУ-ын их театрт тавьсан түүхтэй. Алдарт жүжигчин Евгений Лебедев Холстомер дүрээр дэлхийн театрын урлагийн түүхэнд өөрийгөө дархалсан гэдэг. Орчуулагч Н.Пүрэвдагва “Бүтээл адуу, хүн гэсэн хоёр шугамыг өгүүлнэ. Гэхдээ адуу үхэхэд бүх зүйл нь хэрэг болсон. Харин эзэн үхэхэд хэнд ч хэрэг болдоггүй. Сайхан хувцаслаад, гоёмсог хайрцагт хийгээд оршуулжээ. Үүнээс жүжгийн хэлэх гэсэн санааг харж болно” гэв. Харин Ардын жүжигчин Г.Мягмарнаран “Энэ жүжигт эмгэнэл, элэглэл хосолсон. Лев Толстой тухайн үеийнхнээсээ тохой илүү бодож, сэтгэдэг хүн байсан. Амьдралынхаа сүүлийн жилүүдийг ард түмнийхээ дунд өнгөрөөж, галт тэрэгний буудал дээр модон шаахай, дэрсэн малгайтай амьсгал хураасан гэдэг. Тэгэхээр өөрийнх нь амьдралын түүх Адууны түүх бүтээлд нь туссан.
Ерөнхий найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.БААТАР: МОНГОЛ МОРЬДЫН ЭМГЭНЭЛТ ТҮҮХЭЭР НИЙГМИЙН АМЬДРАЛЫГ ХАРУУЛНА
-Лев Толстойн “Адууны түүх”-ийг 30 жилийн өмнө Киевт оюутан байхдаа үзэж байлаа. Найруулагч Товстогоновын тавилтаар Евгений Лебедев Холстомерт, Олег Басилашвили Серпуховт тоглосон яг тэр анхныхаар нь үзсэн минь санаанаас гардаггүй юм. Тайзнаа өөрийнхөөрөө найруулж тавихсан гэж хорхойссон нь арай хойно л доо. Гэхдээ л олон жилийн турш сэтгэлд минь явсан бүтээл. Одоо л олон түмэнд хүрч байна.
Ер нь жүжгийн зохиол сонгохдоо өөрийг минь хөндсөн, сэтгэл санааг дуудсан тийм бүтээлийг илүүд үздэг. Тэгээд ч миний тайзнаа тавьсан жүжгүүд гэнэтийн сонголт гэхээсээ хар залуудаа, оюутан байхаас бодож байсан бүтээл голдуу байдаг юм. “Кихот ноён” ч адил. “Адууны түүх”-ийн сонголтын хувьд монголчууд Хүннү, Сүннүгээсээ эхлээд хүлэг морио дээдэлсэн ард түмэн атал адууны тухай жүжгийн зохиол ховор. Түүнээс гадна Лев Толстойн “Орос хүний арьсыг нэлээд сайн маажвал цаанаас нь монгол яс, цус гарч ирнэ” гэсэн нь сэтгэлд нэг зүйл хэлээд байсан юм. Лев Гумилев ч Оросын олон ханлигуудыг нийлүүлж хүчирхэг том улс болгохыг монголчууд хийсэн гэсэн санааг хэлсэн байдгаас үүдэн “Адууны түүх”-ийг барьж авахсан гэж хорхойссон. Миний анх үзсэн, Товстоноговын найруулсан “Адууны түүх”-ээс өнөөдрийн бидний тоглох гэж байгаа жүжиг тэс өөр. Хамгийн наад зах нь орос, монгол хоёрын адууг эдэлж унаж байгаа нь өөр. Орос хүн морио чарганд хөллөдөг, тахалдаг, хувингаар усалдаг. Гэтэл нүүдэлчин соёл уламжлалаа дагаад монгол адуу ёстой л нөгөө хээрийн салхи шиг зоргоороо эрх чөлөөтэй. Морийг унаж эдлэх, гаршуулж хэрэглэх гэдэг талаасаа бид оросуудаас өөр. Монгол хүн морио жүчээнд байлгаад байдаггүй. Морины тоног хэрэглэл, зэл уяа, уурга хуйв гээд ялгаатай л даа.
Тиймээс орчуулагч Пүрэвдагва бид хэд ярилцаад нэгэнт энэ жүжгийг тавьж байгаа юм чинь монгол болгоё гэж шийдсэн. Энэ нь миний дээр хэлсэн Толстойн үгтэй бас холбогдоно. Өөрөөр хэлбэл, монголчууд бид анхдагч юм гэдэг тэр санаа. Товстоноговын тавилтаас ялгарах нэг онцлог минь. Энэ жүжгийн өөр нэг, чангахан дуугарах гээд хүсээд буй санаа минь манай “Өвгөн шувуу хоёр” гэж дуунд байдаг “Өтлөе гэж өтөлсөнгүй, Өнгөт орчлонгийн жамаар өтөллөө...” гэдэг үгэнд дөрөөлж гарч ирж байгаа юм. Энэ үгийг орчин үетэй холбож уяж өгсөн. Залуудаа хөгшин хүний зовлонг мэддэггүй. Хөгшрөөд ирэхээр залуу насны зовлонг ойлгодоггүй гэдгийг морины эмгэнэлт амьдралаар гаргахыг хичээж байна. Найруулгын хувьд оросууд шууд адуу гэдгээр нь л тавьсан. Холстомерт тоглосон Лебедев гэхэд шууд адуу болж жүжиглэдэг. Манайх бол хүн, адуу хоёрын дундуур. Нэг талаараа адууны амьдрал, нөгөө талаасаа хүний туулсан бүгдийг хүүрнэж буй юм. Адууны амьдрал, хүний амьдрал хоёр зэрэгцээд явах учир жүжигчнээс их ур чадвар шаардаж байгаа.
Жүжигчин зөвхөн үгээр биш биеийн хэлээр дүрээ тодотгох, бас дээрээс нь нэмээд оюун санааны талаасаа гээд өндөр ачаалалтай ажиллаж байж бүтэж буй. Зөвхөн адууг л дүрслээд байж болохгүй, гэтэл хүн биш. Тиймээс энэ хоёрыг зэрэг авч явна гэхээр жүжигчнээс их ур чадвар шаардаж байгаа. Манай театрын залуучуудын нуруун дээр энэ жүжиг босч байгаа. Туслах найруулагчаар Санкт-Петербургт төгссөн залуу найруулагч Итгэл ажиллаж миний нэг гар болж байгаа бол нөгөө нь Ардын жүжигчин Г.Мягмарнарангийн хүү Батболд гэж Москвагийн Театр урлагийн их сургуулийг найруулагчаар төгсч байгаа залуу. Мөн энэ жүжигт хөдөлгөөний найруулагч гэж албан ёсоор оруулж ирсэн. Энэ үүргийг Ган-Очир гүйцэтгэж байна.
“Адууны түүх”-ийг тавихаар болоод би Ган- Очирт санал тавихдаа “Бүжиг таанц битгий хийчихээрэй, гэхдээ зүгээр нэг механик хөдөлгөөн байж болохгүй шүү” л гэсэн. Одоо хүн хүнийхээ тухай яриад байхаар хүлээж авахаа больсон цаг. Хүний эмгэнэл, хүний болохгүй байгаа юмны талаар ярихаар хүн хүлээж авахгүй байна. Тэгсэн хэрнээ монголчууд адуутай холбоотой асуудлыг эмзэг хүлээж авдаг их сонин сэтгэхүйтэй. Хогийн цэг дээр хүмүүс амьдарч байгааг тоохгүй атлаа адууг амьдаар нь урагшаа гаргаж байна, муухайгаар төхөөрч байна гэхээр жигтэйхэн эмзэглэж хүлээж авч байна.
Монгол хүний зүрх сэтгэлд ойр байдаг амьтнаар нь дамжуулж хэлэх гэснээ хүргэвэл илүү эмзэг хүлээж авах юм болов уу гэж боддог. Байгаль дэлхийд ойрхон байдаг чанар нь илүү гарч ирдэг байх. Тиймээс адуугаар дамжуулж өнөөгийн хүний, нийгмийн болохгүй байгааг гаргаж байна л даа. Аливаа юмны шалтаг шалтгаан гэж байдаг. Адуун сүрэг зүс ижилсээд сайхан болж байна гэж ярьдаг. Гэтэл ер бусын амьтан төрөхөөр гайхаж байна. Нэг талаас нь харахаар дотор нь нэвт гэрэлтсэн шаазгай алаг адуу төрөхөөр гайхаж бас гадуурхаж эхэлж байна.
Энэ шаазгай алаг шиг байгалиас тийм авьяастай, амьтан төрөхөөр амьтан нь ч, хүн нь ч хүлээн зөвшөөрдөггүй. Тэр амьтан нь бусдаас онцгой шаазгай алаг гэдгээ мэддэггүй... Энэ зохиолын Хадран ван бол амьдралын бүх утга учир нь дуусчихсан хүн. Эд хөрөнгө сонин биш. Эдэлж хэрэглэх сонин биш юуны төлөө амьдарч байгаагаа ойлгохоо больчихсон утгагүй амьдарч байгаад үгүй болно. Яг л унаж эдэлж явсан Холстомер адуутайгаа адил амьдрал нь зэрэг дуусч байгаа. Эдэлж байсан гайхалтай морь ч байхгүй, эзэмшиж байсан эзэн нь ч байхгүй. Амьдралын төгсгөл ирэхэд адуу, хүн хоёроос юу үлдэв гэдэг л сонин.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин