Г.ЛХАГВАДОРЖ
Гавьяат жүжигчин Э.Амартүвшин өчигдөр эх орондоо ирлээ. Онгоцноос буугаад урлагийн гэгээн сүм болсон театртаа ирсэн түүнийг анд нөхөд, ахан дүүс, Монголын ард түмний төлөөлөл болсон сэтгүүлчид халуун дотноор хүлээн авч талархал илэрхийлсэн юм. Хятадын “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнд болсон Плачидо Домингогийн нэрэмжит “The Placido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдаанд тэрээр эх орныхоо нэрийг өндөрт өргөж, олон боломжийг нээгээд иржээ. Эр хонгор дуутай, нүдээрээ инээсэн, энгийн мөртлөө зангарагтай монгол эр хүн Э.Амартүвшинтэй ярилцлаа.
-Монгол хүн дэлхийн шилдэг баритон боллоо. Плачидо Домингогийн нэрэмжит “The Placido Domingo’s Operalia” уралдааны талаар хүмүүс янз бүрийн ойлголттой байна. Та албан ёсны мэдээлэл өгөхгүй юу?
-Испани гаралтай дэлхийн хэмжээний домог болсон дуурийн дуулаач Плачидо Домингогийн нэрээр овоглосон олон улсын наадам Хятадын “Шувууны үүр” цэнгэлдэхэд болж өнгөрлөө. Энэ уралдаанаас би тэргүүн байрыг нь аваад ирлээ. Дэлхийн хэмжээний том уралдаанаас шагнал хүртсэндээ сэтгэл хангалуун байна. Том уралдаан, наадам том л байдаг юм байна. Зохион байгуулалт, оролцож буй дуучид нь үнэхээр зангарагтай сүрдмээр хүмүүс байсан. Жил бүр энэ наадамд оролцох гэж дэлхийн 1000 орчим дуурийн дуучин хүсэлтээ илгээдэг юм билээ. Харин тэднээс зөвхөн 40 оролцогч уралдаанд оролцох эрхтэй болдог. 19 орны эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 дуучин оролцсон.
-Энэ жилийн наадмын онцлог нь юу байв. Уралдааны зорилго юу бол?
-Дуурийн дуулаач залуусыг дэмжиж, тэдэнд шинэ боломж олгох, нээж таниулах зорилготой дэлхийн хэжээний том наадам юм. Миний ойлгосноор энэ уралдаан 20 жил зохиогдохдоо тэргүүн байрыг хоёр хүнд олгож байгаагүй юм билээ. Энэ жил харин тийм үйл явдал болсон. Гэхдээ тэргүүн байрын шагналыг хувааж байгаа гэсэн үг биш. Эн тэнцүү байсан учир тийм шийдвэр гарагснаа Доминго өөрөө албан ёсоор мэдэгдсэн. Надтай ижил шагналыг АНУ-ын дуучин хүртсэн. Тэр бол гайхалтай дуучин байсан. Контер тионер хоолойтой, эмэгтэй хүнийх шиг цээлхэн нарийн хоолойгоор хөгжим шиг дуулдаг дуучин. 13 настайгаасаа хойш хоолойны өнгөө алдаагүй гэсэн. Мөн энэ жилийн уралдаан гурван үе шаттай явагдсан. Хоёрдугаар шатанд 20 дуучин үлдэж, гуравдугаар шатнаас долоо нь хасагдсан. Долоон орны 13 дуучин гуравдугаар шатанд үлдээд байхад сэтгэл түгшиж, сүрдэж байсан.
-Тантай ижил шагнал хүртсэн АНУ-ын дуучинг та сайхан тодорхойлж байна. Магадгүй таны тухай ярьж байхыг та сонсов уу?
-Гуравдугаар шатанд үлдвэл Б.Сэргэлэн дарга очно гэж байсан. Тэгээд намайг тэнцсэнийг дуулаад очсон юм. Даргыг Доминго өөрийн биеэр угтан авч уулзахдаа танай дуучин “Регелетта” дуулахад биеэр цахилгаан гүйх шиг болсон гэж ярьсан байна билээ. Дараа нь Доминго өөрөө надтай уулзахдаа “Үнэндээ би чамайг нас залуу хүүхэд дэлхийн сонгодгуудыг дуулж чадах болов уу гэж эргэлзэж байсан шүү. Чиний хоолой нэг л өвөрмөц юм. Итгэхийн аргагүй сайхан өнгө байна. Их хүчтэй, ховорхон баритон байна шүү” гэж хэлж байсан.
-Уралдааны тэргүүн шагнал хүртсэнээ мэдээд та омогшив уу?
-Ерөөсөө нэг итгэж өгөхгүй, харьцангуй их тайван байсан. Баярлаж дэлдэгнээд байхгүй мөртлөө дотроо “Домингод түрүүлчихээд байгаа юм байна шүү дээ” гэж инээд хүрч, баярлах ч шиг. Залуу дуучин бидний хувьд Плачидо Доминго гэдэг хүнтэй гар барьж, хамт хоолонд орж, зураг хөргөө татуулж, бэлтгэлээ цуг хийнэ гэдэг мөрөөдөл байсан. Тэр мөрөөдлөө биелүүлж чадсандаа сэтгэл хангалуун байна.
-Бэлтгэл хэр хийсэн бэ. Энэ уралдаанд хэр амжилт гаргана гэж таамаглаж байв?
-Би сар гаруйн өмнөөс Ерөө багштайгаа бэлтгэл хийсэн. Урьд нь ажлаа хийгээд явдаг байсан бол энэ удаа зориудаар цаг гаргаж, бэлтгэл хийсний минь ач юм болов уу гэж бодож байгаа. Аз хүү байвал ёоз хүүгээр цохино гэж очоод нэлээд жийрхсэн шүү.
-Таны мэргэжлийн багш Ц.Ерөө гуайн тухай ярихгүй юу. Та хоёр эртний танилууд гэж сонссон?
-Би есдүгээр ангид байхдаа Хүүхдийн ордноос зарласан “Дуулах өв” нэртэй дууны уралдаанд оролцож байлаа. Тэр үед Ц.Ерөө багш намайг олж харсан гэж билээ. Тэмцээн дуусахад би тусгай шагнал авсан юм. Тэгэхэд, Ардын жүжигчин Х.Уртнасан, Ц.Ерөө багш нар надтай тус, тусдаа уулзаж “Чи сургуулиа төгсөөд хаана орох вэ?” гэж асуусан. Х.Уртнасан багш надад шууд Хөгжим бүжгийн коллежид сурах урилга бичиж өгсөн. Харин Ц.Ерөө багш гар утасныхаа дугаарыг өгч, СУИС-д заавал ороорой гэсэн юм. Тэгээд аравдугаар ангиа төгсөөд нөгөө утасны дугааруудаа хайхад Ц.Ерөө багшийн гэрийн утасных олдсон юм. Ц.Ерөө багштайгаа учирсан минь хувь заяаных байсан гэж боддог шүү.
-Та өөрийнхөө дуулах авьяасыг хэдэн насандаа нээж байв. Баритон хоолойтой гэдгээ хэзээ мэдсэн бэ?
-Арван жилийн сургуулиа төгсөөд Ц.Ерөө багш дээрээ ирэхэд шалгаж үзээд “За яах аргагүй баритон хоолой байна” гээд таван жил намайг нухсан даа. Би багадаа их нарийн хоолойтой цангинасан дуутай хүүхэд байсан. Наймдугаар ангиас миний хоолой илт бүдүүрч эхэлсэн.
-Таны төрсөн нутаг Сүхбаатар аймгийн Халзан сум. Магадгүй хүний амжилтад уул ус, газар орон нөлөөлдөг юм шиг?
-Тэгэлгүй яах вэ. Манай нутаг өргөн уудам. Ер нь монгол хүний уужуу ухаан, цээлхэн дуу нь тал нутагтайгаа холбоотой гэж гадаадынхан ярьдаг нь оргүй хоосон биш л дээ. Сая би эх орондоо буугаад нар манай улсад тусдаг шиг тийм тод тусдаггүй юм байна гэж бодсон. Бидэнд дэлхийн бусад улс үндэстнээс ялгарах онцлог олон байдаг нь энэ л нутаг ус,ёс заншил, идэж ууж буй бүхэнтэй холбоотой.
-Нутаг руугаа явахаараа Шилийн богд ууландаа гарц хийморио сэргээнэ биз. Хэзээ нутаг явах вэ?
-Өнгөрсөн өвөл тэнд очоод ирсэн. Магадгүй тэгээд л хийморьтой яваад байгаа байх. Энэ зун нутагтаа очиж амарна.
-Томоохон уралдаанд дуучдаас гадна урлаг судлаачид чуулдаг байх. Урлаг судлаач уулзаж Монгол Улсын урлагийн тухай сонирхов уу?
-Судлаач хүмүүстэй би уулзаагүй. Харин дэлхийн том дуурийн театрын менежерүүд уулзсан. Манай театрт дуулах уу гэсэн санал тавьж байсан.
-Хэрэв та дэлхийн том театруудаас урилга ирвэл яах бодолтой байна?
-Санал, болзлыг нь харгалзан үзээд таалагдвал зөвшөөрөх л байх.