Ч.ГАНТУЛГА

Энэ удаагийн дугаарын зочноор Болгарын Үндэсний театрын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Д.Баясгаланг урилаа. Тэрээр анх удаа эх орныхоо театрын тайзнаа “Тоска” дуурьт дуулсан юм.

-Эх орныхоо театрт анх удаа дууллаа. Сэтгэл хэр хөдлөв?

-Болгарыг зорихоосоо өмнө сургуулиа төгсөөд эх орныхоо дуурийн театрт гоцлол дуучин болно гэж мөрөөддөг байсан. Түүнээс хойш 31 жил өнгөрчээ. “Тоска”-д дуулахдаа залуу насныхаа гэгээн мөрөөдлийг биелүүлсэн юм шиг санагдсан. Сэтгэл үнэхээр өндөр байна.

-Царайнд тань догдлол харагдаж байсан шүү?

-Яг л дөнгөж сургуулиа төгсөөд ирсэн юм шиг догдолсон. Юу сурч, мэдсэнээ шалгуулах агшин л тийм байдаг байх.

-Гэхдээ таны урласан “Тоска” үнэхээр гайхалтай байлаа?

-Үзэгчдийн сэтгэлд хүрсэндээ баяртай байна. Эх орны минь үзэгчид намайг халуун дулаан сэтгэлээр угтаж, алга ташилтаар урамшууллаа. Уран бүтээлчийнхээ хувьд энэ хүмүүсийн сайхан энергиэс эрч хүч мэдэрсэн.

-Эх орондоо ирж дуулаач гэсэн саналыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Театрын захирал Ч.Мөнхзул надтай цахим сүлжээгээр холбогдож, санал тавьсан. Театрынхаа 55 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Та эх орныхоо театрт ирж дуулаач гэхэд нь их баярласан.

-Театрынхаа тайзан дээрээс дахиад таны дуулахыг сонсохсон?

-Би Болгарын Үндэс­ний дуурийн театрт 15 жил гоцлол дуучнаар ажиллаж байна. Гэрээгээ дуусахаар эх орондоо ирэх бодол бий. Магадгүй тэр үед уран бүтээлээрээ дахин уулзахыг үгүйсгэхгүй.

-Төрсөн нутгаа санадаг байх даа?

-Эх орон минь сэтгэлд үргэлж уяатай явдаг. Нэг өдөр ч санахгүй байж үзээгүй. Гадаадад амьдардаг монголчууд эх орон гэдгийн үнэ цэнийг илүү их мэдэрдэг юм билээ. Би ирэх бүртээ хүүхэд насаа өнгөрөөсөн 120 мянгатын байрандаа очиж, дурсамжаа бодож алхах дуртай. Тэр л гудамж талбай, хуучны байр балчир үедээ очих шиг гэгээн бүхнийг сэтгэлд минь амилуулдаг.

-Та хамгийн сүүлд хэзээ ирсэн бэ?

-Гурван жилийн өмнө ээж минь бурхны оронд одсон юм. Тэр үед ирээд буцсан.

-Сургууль төгсөөд яагаад Монголынхоо театрыг сонгоогүй юм бэ?

-Би сонгодог урлагийн оргилд хүрэхийг мөрөөддөг байсан. Зорилгоо биелүүлэхийн тулд Болгарт үргэлжлүүлээд сурахаар шийдсэн. Гэтэл энэ урлагт оргил гэж байдаггүй юм байна. Нэг л мэдэхэд он жил нисээд өнгөрчээ.

-Хүний нутагт ажиллаж, амьдрах  амаргүй байх. Ялангуяа, амжилт гаргахад?

-Хүний нутагт сурч, ажиллана гэдэг амьдралын сургууль байдаг юм байна. Болгар улс надад олон зүйлийг сургасан. Ялангуяа, Софигийн театраас мэргэжлийн урлагийн нууцтай танилцаж, дуурийн урлагийн онцлог, үйл ажиллагааг мэдэрч, бэрхшээл, саадыг даван туулж сурлаа. Энэ театр дэлхийн олон алдартай дуучныг төрүүлсэн. Одоо ч тэр уламжлал үргэлжилж байна. Энэ хамт олны дунд монгол дуучин гэж дуудуулахдаа сэтгэл өег байдаг.

-Та дэлхийд алдартай Гена Димитрова багшийн шавь. Энэ эрхэм хүнтэй хэрхэн багш шавь барилдсан бэ?

-2000 онд багшийнхаа сонгон шалгаруулалтад орж, анх танилцаж байлаа. 200 хүнээс зургаан дуучин сонгосны нэг нь би болсон азтай. Багш минь  өөрөө их хөдөлмөрч, шударга хүн. Бэлтгэлийн үед хатуу. Шавь нараа магтана гэж үгүй. Харин хичээл дууссаны дараа тэс өөр хүн болчихно. Их шогч, халамжтай. Бидний ээж шиг зөвлөнө. Хоол идэж байна уу. Бие чинь өвдчихсөн юм уу. Гутал чинь урагдчихсан байна. Энэ гутлыг өмс гээд л. Багшаасаа зөвхөн дуучны уран чадвар төдийгүй хүн байхын утга учир, хүн хүнээ хайрлах ур ухааныг нь өвлөхийг хичээдэг байлаа.

-Тэр эрхэм хүний дэлхийд алдаршуулсан “Турандот” дуурийг та өвлөж үлдсэн. Та дэлхийд “Турандот”-ын Баясаа нэрээрээ алдартай юм билээ?

-Энэ дуурийг багш минь надад өвлүүлсэн. Багшийнхаа зааж, сургаснаар энэ алдарт хүрсэн гэж боддог. Анх “Турандот”-д 2000 оноос дуулж эхэлсэн. Одоогоор дэлхийн олон орны тайзнаа 118 удаа дуулаад байна.

-Монголынхоо дуурийн урлагийн хөгжлийг та хэрхэн харж, дүгнэж байна?

-Үргэлж тоглолт, бэлтгэлтэй байдаг учир төдийлөн анхаарч, судалж байсангүй. Хааяа чих тавихад 1990-ээд оны үед жаахан хэцүү байсан гэх юм билээ. Харин сүүлийн жилүүдэд авьяастай, шинэ залуу уран бүтээлч олон болж. Дэлхийн чанартай тэмцээнүүдэд өндөр амжилт гаргаж байна. Тэдгээр уран бүтээлчийг хараад бахархах сэтгэл төрдөг.

-Өндөр хөгжилтэй орнуудад дуурийн урлаг модерн тал руугаа хөгжиж байна. Үүнийг та зөв гэж боддог уу?

-Би энэ асуудалд эсрэг байр сууринаас ханддаг. Дуурийн урлагт, дуртай хүн бүхэн орж чаддаггүй. Босго өндөртэй урлаг. Тиймээс сонгодог хэвээр нь хөгжүүлэх хэрэгтэй. Үзэгчид дуурийн театраас тэртээх XV, XVI, XVII зууны соёлтой танилцаж, дуурийн гол дүрийн баатруудтай уулзаад буцах шиг сэтгэл дүүрэн гарах ёстой. Харин модерн урлагийг бид өдөр тутмынхаа амьдралын хэв маяг, урлагийн бусад төрлөөс харж болно.

-Таныг Болгарыг зорихоосоо өмнө Геологийн төв лабораторид ажиллаж байсан гэдэг?

-Би багадаа цэцгэнд дуртай охин байсан. Шилэн хүлэмж бариад, тэндээ янз бүрийн цэцэг ургуулдаг цэцэгчин болохыг мөрөөдөж явлаа. Гэхдээ мөрөөдөл болон амьдралын зам зөрөх үе байдаг юм билээ. Шалгалт өгөөд Болгарын урлагийн сургуульд явах хүртлээ Геологийн төв лабораторид спектрийн тасагт лаборантаар ажиллаж байсан. Энэ хамт олноос анх ажил хөдөлмөрийн амтыг мэдэрсэн дээ.

-Багаасаа л дуу хуурт дуртай байв уу?

-Миний дуулах авъяас ээжээс минь эхтэй. Ээж минь Сүх голын Банзрагч нэрээр алдаршсан дуучин байсан юм.  Би цэцэрлэгт байхаасаа л дуулж, бүжиглэж, сонсголоороо мандолин хөгжим тоглож сурсан. Энэ үеэс урлагийн хүн болох суурь тавигдсан байх. Гэхдээ ямар чиглэлээр явахаа олохгүй байсан үе бий. Тэр үедээ дуулаачаар шалгалт өгөөд тэнцчихсэн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин