Ц.ГАЛБАДРАХ
1997 онд юм. Сэлэнгэ аймгийн харьяат ардын хувьсгалт наадмын заан Д.Гомбодагва гэж 97 настай өвгөний үгийг сонсох хувь оюутан надад тохиож байв.
Цагийг эзэлсэн, даншиг долоон хошуу, арван засгийн наадмын зүүн барууны магнайг эзэгнэн босч байсан, том том аваргуудын сэнжигнээс атгаж явсан Гомбодагва гуайгаас энэ цагийн бөхчүүдийн өнгийг та яаж харж байна гэж асуухад их гоё хариу хэлсэн.
-Одоо барилдаж буй хүүхдүүдээс Балжинням нь арай л тасархай байна. Харин тэр Бат-Эрдэнэ нь Балжиннямаасаа бүүр хол тасархай юм...
Гэж хэлж байсан.
Бусдаасаа тасраад байсан нь О.Балжинням аварга. О.Балжиннямаас бүүр хол тасарсан нь Б.Бат-Эрдэнэ аварга.
Бусдаасаа тасрах... бусдаасаа тасарсан хүнээс бүүр хол тасарсан хүний тухай Гомбодагва заан шиг ийм гоё хэлснийг өнөө хэр сонссонгүй.
Түүн лүгээ...
Өчигдөр мэргэжлийн сүмо бөхийн намрын уламжлалт тэмцээн дуусав. Хэд унаад байсан их аварга Д.Бямбадорж нэхэж, бахтай түрүүлэв. Их аварга ийм байдаг гэдгийг цог жавхлантай харуулав.
Д.Бямбадорж энэ цагийн сүмочдоос тасархай байна. Түүнийгээ ч мэдрүүллээ. Д.Бямбадоржийн цаана түүнээс бүүр хол тасархай Мөнхбатын Даваажаргал байгаа.
Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул Р.Давааням зааны хүү Бямбадоржийг мэргэжлийн сүмогийн дэвжээнд одтой түрүүлэхийг харахад Сэлэнгийн уугуул өвгөн зааны үг эрхгүй бодогдов.
Эрчүүд, эрчүүдээс тасарсан эрчүүд, тасарсан эрчүүдээс ч тасархай нь Монгол эрчүүд юм байна.