Д.ЦЭРЭННАДМИД
Ц.Гэлэгжамц гуайг дархан аварга Г.Өсөхбаярын аав гэдгээр нь хүмүүс андахгүй дээ. Харин бөхийн талаар юу санаж бодож явдгийг мэдэхгүй байж магад. Иймээс түүнтэй төсөрхөн ярилцсан юм.
-Та хоёр аваргын гэр музейгээ танилцуулна уу?
-Хадам аав маань даян аварга, хүү маань дархан аварга. Тэр хоёрын маань барилдаж яваад авсан төр, засгийн шагналаас эхлээд тив, дэлхий олон улсын болон бусад тэмцээнүүдээс авсан шагнал урамшлын юмс асар олон болжээ. Даангүй Г.Өсөхбаярынх. Үүнийг жирийн байдлаар хадгалах гэдэг хэцүү. Эвдэж гэмтээчих гээд аягүй бол хаягдаж үрэгдэх янзтай. Тэр болгоныг гэр орондоо өрөөд, зүүгээд байх боломжгүй байлаа. Иймээс хүүхдүүдтэйгээ хэлэлцэж ер нь даян аварга Нацагийн Жамъянгийнхаа өв санд түшиглэн хоёр аваргын гэр музейг байгуулахаар шийдсэн дээ. Энд тэндээс туршлага, санаа авсан юм байхгүй ээ. Ер нь монгол бөхийн хувьд хэн нэгний гэр музей гэж одоогоор алга. Тиймээс тэр байхгүйн эхлэл болгох гэж бодсон юм.
-Сайхан музей болжээ?
-Ингэж нэг газар төвлөрүүлж музей байгуулах нь олон талын ач холбогдолтой юм л даа. Наад зах нь энэ бүх зүйлүүдийн хадгалалт, хамгаалалт нь сайжирч байна. Нөгөө гэвэл өвгөн даян аварга, зээ хүү дархан аварга хоёрын нэр алдрыг хойч үед мөнхжүүлэн үлдээх эхлэл юм. Бөхөд хайртай монголчууд ч ийм зүйлийг хүсдэг юм байна. Талархаж дэмжиж байгаа хүн ч олон болсон.
-Музейд тавьсан үзмэрийг тоогоор хэлэх боломжтой юу?
-Тийм боломжгүй ээ. Яагаад гэхээр Г.Өсөхбаярынх гэхэд асар олон медаль нэг багц үзмэр. Бас цом, дурсгалын зүйл бас нэг багц юм. Хүүхэд байхаасаа эхлээд өмсч байсан зодог шуудаг хэд хэд байна. Мөн аймаг, улсын цол хүртснийг илэрхийлэх залаанууд нь. Тэр бүхнийг ширхэглэж төдөн үзмэртэй гэж хэлэх аргагүй л юм даа. Медалийг нэг багц гэхэд тэр дотор үндэсний бөхөөр, чөлөөт бөхөөр авсан медалиуд гээд л салж болох жишээний юм.
-Өрөөний нэг талын хана дүүрэн цом байна даа?
-Олоон олон. Зарим асар том цомыг Өсөхөө маань гэртээ үлдээсэн бий.
-Энд нэг өвөрмөц цом байх юм?
-Тийм ээ. Энэтхэг оронд л хийсэн цом юм билээ. Хөгшин бид хоёр хүүдээ бэлэглэсэн юм. Энэ чинь дээрээ тагтай. Өсөхөөгийн тэмцээн наадмаас авсан бай, шагналын дээжээс хийдэг нэг ёсны хадгаламжийн сав даа.
- “Бөртэ чоно”-ын шагналын цом байна аа даа?
-Ийм цом авсан тамирчин олон биз. Гэхдээ манай хүү уг шагналын хамгийн эхнийхийг хүртсэн юм шүү дээ. Энэ бас нэг анзаармаар түүх байгаа биз. Анхны юм гэж сонин байдаг.
-Тэнд бас нэг хөөрхөн зодог шуудаг Өсөхөөгийнх үү?
-Тэгэлгүй яахав. Гурван настай даахиа үргээлгэх үед нь эмээ нь хийж өгсөн юм билээ.
-Номын сангийн хэсэг бас байна...
-Манай Өсөхөө чинь номын садан хүн. Асар олон номтой л доо. Харин түүнээс нь энд бөхийн холбогдолтой номуудыг тавьсан. Бас наана нь өрөөтэй олон хуурцаг, си-ди бол Г.Өсөхбаяр гэдэг бөхийн жил жилийн наадмын браилдааны бичлэг байгаа. Зав гаргасан хүн тэр бүхнийг телевизээр үзэж болно. Энд олон гүйдэг самбар байна. Уг самбараас түүхэн зургуудыг үзэж болно.
-За энд даян аварга Н.Жамъянгийн гэр музейн хэсэг байна. Энд байгаа үзмэрүүдэд өвгөн аваргын өөрийнх нь эдлэж хэрэглэж байсан зүйлүүд хэр олон байдаг вэ?
-Байна аа. Өөрийнх нь эдлэл хазаар, хэт хутга, гаанс түнгэрцэг болон дээл, зодог шуудагнаас эхлээд авдар бас сангийн бойпор, хишиг буяны хайрцаг сэлт энэ байна. Мөн бичиг хэргээ хадгалж байсан чемодан нь байна. Түүхэн зургуудийг нь нэг самбарт байрлуулсан юм даа. Хувин сав ч байна. Харин өөрийнх нь шатар зэрэг бас бус үзмэр Архангай аймгийн музейд байдаг. Бид шилжүүлж авъя гэж санал гаргасан ч музейн үндсэн үзмэрт данстай гээд байх юм билээ.
-Музей ийм байдаг юм байна. Та чинь тэгэхээр энэ музейн дарга даамал нь болж таарах нээ дээ?
-Танил нөхдөөс эхлээд тоглоом шоглоомоор тэгж дуудах янзтай. Биш гэлтэй ч биш. Музейгээ харж хандаж, үзэгчдэд үзүүлж тайлбарладаг нь би. Хөгшин маань тоос шороог нь арчиж зүлгэнэ.
-За тэгвэл тантай уулзсаных хоёул бөхийн сэдвээр ганц нэг ч болов санал солилцъё доо. Энэ жил сайхан наадав уу?
-Миний хувьд бөхөд ойрхон дийлэнх насаа өнгөрүүлж байна. Жараад жил болжуу дээ. Наадмын бөх алив барилдааныг алгасахгүй үзнээ. Энэ жилийн наадмыг үзсээн.
-Бөх сонирхогчийн хувьд сэтгэл ханамжтай юу?
-Яахав. Гайгүй л олон цолтон төрсөн онцлог наадам байлаа даа. Харин харамсмаар юм жил жилийн наадмаас л харагддаг нь тоогүй. Тэр нь юу вэ гэвэл бөхийн засуул, хөлийн цэцийн бүтэлгүйтэл наадам балиартуулаад байна. Энэ жил гэхэд тавын даваанд аварга Ч.Санжаадамба Төв аймгийн арслан Ганжад хоёрын барилдааныг илт буруу шүүсэн шүү. Үүнийг би нутаг нугын үзлээр хэлж байгаа юм биш. Телевизийн бичлэг байтугай жирийн нүдээр харахад ч тэр залуу эртээ тохойгоороо шороодчихож харагдсан. Гэтэл харцага Д.Сэрээтэр, заан Ц.Баярсайхан нар илэрхий луйвар хийчихсэн. Буруу юмыг буруу гэхгүй яах юм бэ.
-Та бөхийн хөгжлийг хэр байна гэж боддог вэ?
-Хөгжиж байна аа. Бөхийн хүрээ ч тэлж байна. Үндэснийх гэсэн өв уламжлалаа хадгалсан байдал ч нэлээд бий. Бөхийн хойч ч үе үеэрээ гарч ирж л байна.
-Монголын үндэсний бөхийн холбоог шинэчилнэ, өөрчилнө гэсэн оролдлого, маргаан их байдаг. Энэ талаар таны бодол...?
-Уг нь шинэчлэх нь зөв л санагддаг. Ер нь ямар нэг албыг олон жил хашихаар хүн дутагдал, доголдлоо олж харахыг байчихдаг юм шиг. Өнөөгийн бөхийн холбооны үйл ажлыг харахад. Гэхдээ өөрчлөхөд учир бий. Хэн нэгэн ашиг сонирхлын зөрчилтэй хүн уг албыг авах юм бол дэмий шүү дээ. Өөрчлөлт гарахгүй.
-Та наадмаар бөхийн засуул, хөлийн цэц нар муу ажилладаг гэж хэллээ. Үүнийг яаж өөрчлөх вэ?
-Одоо ажиллаж байгаа нөхөд шаардлага хангахыг больж. Үнэнийг хэлэхэд тав, арван алхмын цаадахыг харахгүй над шиг хөгшчүүлийг бүгдийг солих хэрэгтэй юм шиг санагддаг. Тэднийг бөхийн холбооныхон л хадгалаад байдаг шиг байгаа юм.
-Тийм дээ. Үзэгчид, бөх сонирхогчдын шүүмжилдэг юм тэр. Барилдааны хурд гүйцэж харахгүй тийм хүмүүс засуул, цэцээр ажилладаг. Тэгээд бас ёс суртахууны доголдолтой, эрүүгийн хэрэгт татагдчихсан хүн хүртэл цэцийн гишүүн гэж байх юм гэж бөх сонирхогчид ярьдаг?
-Тэр үнээн. Энэ нь Бөхийн холбооны нэр хүндийг унагаж байна шүү дээ. Ер нь хэрэг зөрчилд орсон, танхайрсан бөхчүүдэд цаг алдахгүй тохирсон зэмийг хүртээж баймаар юм. Тэр нутаг, нугын үзэл гаргаж байгаа засуул шүүгчийн эрхийг тодорхой хугацаагаар хасч болноо доо.
-Наадмын тухай яриа дараа жилийн наадам болтол яригддаг гэдэг дээ?
-Энэ ёстой үнэн үг. Би наадмын маргааш Баянхонгорт амрахаар явлаа. Хөдөөд ч тэр наадмын тухайд нөгөө л Ч.Санжаадамбыг давсныг уналаа гэсэн. Балай юм гэсэн үг мөн олон хүнээс сонслоо. Зарим хүн гар утсандаа бичлэг хийчихсэн үзүүлж байна. Та хүртэл бөхийн барилдаан бүхэнд л донхойгоод сууж байдаг юм билээ. Цаадуулдаа хэлээч гэх хүн ч тааралдлаа. Ерөөс Ч.Санжаадамбын давсан, унасан тухай намайг ярихаар зарим хүн буруу ойлгож магад. Тэгвэл хот, хөдөөгүй үнэн зөвийг ярьж байх юм байна шүү дээ. Энэ хэлээд шүүмжлээд байгаа нь аварга Санжаадамбын асуудал биш монгол бөхийн түүхэнд нэг хар толбо болон үлдэж буй хэрэг. Бөхийг муухай харагдуулж байна гэж хэлж ч болно. Энэ бүхэн миний хувийн бодол л доо.
-Ер нь наадам бүхнээр, барилдаан болгонд шахуу шүүлтийн будилаан гардаг. Ийм зүйл гаргуулахгүй байх арга нь телевизийн бичлэг. Гэтэл өнөөгийн дүрэмд байхгүй гэдгээр тоодоггүй. Уг нь бусад төрлийн барилдааны адил засуул, цэц харж чадаагүй барилдааныг телевизийн удаашруулсан бичлэг үзээд шийддэг баймаар санагддаг?
-Зөв өө. Уламжлалаа хадгалж байна гээд хоцрогдолтой эвлэрээд баймгүй л юм. Манай бөхийн холбооныхон юм бодож байгаа биз гэдэгт найдаж байна. Хамгийн гол нь үндэсний бөх гэдэг өвөрмөц нандин зүйлээ сэвтүүлэхгүйн төлөө санах сэдэх л чухал байна. Ингэхээр эцэст нь хэлэхэд Архангайн нэг өвгөн Ч.Санжаадамбын тухай л ярьлаа гэж битгий бодоосой билээ. Би бөхийн хүрээг ариун сайхан байлгах гэж санаа бодлоо хэлсэн минь энэ. Би наадмын хойно харцага Д.Сэрээтэрийн сонинд өгсөн ярилцлагыг уншсан. Тэр хэлэхдээ “Хоёр бөх зэрэг унах юм бол мэх хийсэн нь давах ёстой гэж бөхийн дүрэмд бий” гэсэн байна лээ. Энэ үгийг бодоход хөл гараа хөдөлгөж байгаад унасан бөх давсан болж магадгүй нь дээ. Энэ мэт засч залруулмаар юм, орчин үе, хөгжлөөс хоцорсон зүйл олон байна шүү дээ.