Т.БАТСАЙХАН

Манай сонины гал тогоонд нэгэн шинэ бүтээл мэндэллээ. Орон нутаг, гэрэл зургийн албаны дарга Д.Цэрэннадмид ах маань “Үзэг түшсэн дөчин жил” нэртэй номын хуримаа өнгөрсөн баасан гаригт хийлээ. Тэрээр сэтгүүлзүйн салбарт дөчин жил зүтгэж буй бөгөөд энэ хугацаанд хийж бүтээсэн зүйлийнхээ нэгээхэн хэсгийг ийнхүү номдоо баринтаглажээ. Номын нээлтэд Ардын уран зохиолч Б.Догмид, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галаарид, Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав, С.Зулькафель, “ТВ-9” телевизийн захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Баасансүрэн, Т.Мандир Л.Дашням, Ж.Нэргүй, Н.Даариймаа, Г.Жамъян, До.Чулуунбаатар зэрэг энэ цаг үед сэтгүүлзүй болон монголын хэл шинжлэлийн ухааны салбарт мөр зэрэгцэн зүтгэж буй үзэг нэгт нөхөд, ажлын хамт олон нь оролцов. Нээлт “Үүлэн бор”-ын татлагаар эхэлж, “Үзэг түшсэн  дөчин жил” бүтээлийн хуудсыг ийнхүү сөхөв өө.

Тус бүтээлийг “Монголын шилдэг нийтлэл”эрдэм шинжилгээ судалгааны төвөөс 99 шилдэг бүтээлийн цувралдаа багтааж эрхлэн гаргаснаараа онцлог байв. Номын зохиогч Д.Цэрэннадмид “Би энэ салбарт дөч дэх жилдээ зүтгэж байна. Сэтгүүлч хэмээн энэ мэргэжлийг хүссэн бүхэн өөрийн болгож чаддаггүй. Харин шинэ номоо гаргаснаараа өөрийгөө нүүр бардам сэтгүүлч гэж хэлэх боллоо” хэмээн даруухан өгүүлсэн.  Угаас Надиа ах маань даруухан нэгэн билээ. Өнгөрсөн хугацаанд энэ салбартаа даруухан хэрнээ маш шаргуу хөдөлмөрлөж, өөрийн гэсэн мөрийг гаргасан. Тэр мөр бүрт хичээл зүтгэл, нэгэн зүйлдээ тууштай хандах хандлага бий болж, түүнийгээ авьяас ур чадвараараа услажээ гэдгийг нь өнөөдрийн гаргасан “Үзэг түшсэн дөчин жил” бүтээл харуулж байна. Мөн түүнийг сэтгүүлзүйн салбарт хос морьтон хэмээнэ. Тэрээр ярилцлага нийтлэл, сурвалжлагыг өөрийн өвөрмөц өнгө аясаар бичихийн зэрэгцээ гэрэл зургийн салбарт хэдийнэ танигдсан билээ. Номдоо 130 гаруй хөрөг, үйл явдлын гэрэл зургийг багтаасан нь бүтээлийг улам чимэгтэй, гэрэл гэгээтэй болгосон байв. Энэ талаар Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав “Би Надиаг өдийг хүртэл энэ редакцийн өмөг түшиг болж яваад баярлаж байна. Мөн сэтгүүлч хүн хос морьтой байх нь маш том давуу тал байдаг. Томилолтоор явлаа гэхэд ярилцлагаа аваад гэрэл зургийн сурвалжлагаа ч давхар хийчихнэ. Ийм хоёр зүйлийг давхар сайн эзэмшиж, эзэн нь болж авч явна гэдэг их гавьяа шүү. Энэ бүхэн номоос нь харагдаж байна. Мөн энэ бүтээлээс дахиад илүү ихийг хийх тэмүүлэл мэдрэгдлээ. Дараа дараагийн уран бүтээлүүдэд нь амжилт хүсье” гэлээ. Нээрээ л Надиа ах маань “Зууны мэдээ” сонины өмөг түшиг болсон эрхэм билээ. Аашилж загнаж сүйд болохгүй ч гэлээ залуу сэтгүүлчдэд хэлэх үгээ хэлж,  өөрийн үйлдэл, уран бүтээлээрээ үлгэрлэн сургаж байдаг. Түүний гараас гэрэл зурагчин, сэтгүүлч олон төрсөн. Тэдгээрийн нэг нь Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галаарид юм. Тэрээр номын нээлтийн үеэр “Энд дандаа миний багш нар цуглажээ. Сэтгүүлзүйн салбарт дурлаж явах яг тэр үед дэм тус болж, өргөж өгсөн та нартаа баярлалаа. Надиа ах бид хоёр эртний танил. Энэ хүний номын нээлтэд би оролцохгүй бол өөр хэн ирэх билээ. Яаран яаран тандаа баяр хүргэхээр ирлээ. Тэр надад их олон зүйл зааж сургасан. Миний багш гэмээр хүн билээ. Өнөөдөр энэ салбарт зүтгэсэн дөчин жилийнхээ босгон дээр номоо гаргаж байгаа нь оройтсон мэт санагдавч чанартай сайхан бүтээл болжээ. Баяр хүргэе” гэсэн юм. Номын нээлтэд ирсэн үзэг нэгт найз нөхөд нь өмнө нь бүтээл туурвилаа хэвлүүлэхгүй, ямар даруухан юм бэ гэж зэмлэх аястай, оройхон гаргасан ч чанар чансаатай бүтээл гарлаа, даруухан атлаа даацтай нэгэн шүү хэмээн магтах өнгө аястай үгсийг номын зохиогчид хэлж байлаа. Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Нэргүй “Залхуу шүү. Найз маань дөчин жилийн дараа номоо гаргаж байх юм” хэмээн хошигнож ч амжив. Тус номыг “Монголын шилдэг нийтлэл” эрдэм шинжилгээ судалгааны төвөөс 99 шилдэг бүтээлийн цувралдаа багтааж эрхлэн гаргасан гэдгийг дээр өгүүлсэн. Энэ бүтээлүүдийг эмхэтгэх ажлыг Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Т.Баасансүрэн  идэвхийлэн гүйцэтгэж байгаа билээ. Тэрээр “Д.Цэрэннадмид гуай их онцлогтой уран бүтээлч юм. Сэтгүүлзүйн салбарт хос морьтойн дээр бөхийн чиглэлээр голчлон бичиж байна. Түүний бэлтгэдэг “Бөхийн мэдээ” хавсралтыг олон хүн хүлээж уншдаг билээ. Ер нь түүний бүтээлүүд манай салбарт өөр өнгө аяс илэрхийлж байдаг” гэлээ. Ийнхүү сэтгүүлзүйн салбарын нэгэн өнгө төрх нь болж уран бүтээлээ туурвисаар байгаа Д.Цэрэннадмид ахын маань “Үзэг түшсэн дөчин жил” номын нээлт нөхөрсөг хөөрөлдөөн, уран бүтээлчийн замнал, сэтгүүлзүйн салбарын нэгэн үеийн түүхийг сөхсөн дурсамж яриагаар дүүрэн болж өндөрлөлөө. Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Норовсүрэн гуайг Д.Цэрэннадмид ах маань монгол хэлний багш болох гэж байхад нь болиулж сэтгүүлзүйд уруу татсан гэдэг.  Энэ нь маш зөв зүйл болсон хэмээн найзууд нь хөөрөлдөн сууна. Яг түүн шиг тэр одоо ч олон олон залуу сэтгүүлчдийг энэ салбарт уруу татаж явна. Гэхдээ тэр хэл яриагаараа биш ур чадвар, ёсзүй, үйлдлээрээ үлгэр дууриал үзүүлж яваа нэгэн билээ.

Тандаа “Үзэг түшсэн дөчин жил” номоо өлгийдөн авсанд уншигчдынхаа буюу хамт олныхоо өмнөөс баяр хүргэе.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин