Ч.ЗОТОЛ

 “Хөгжим хэмнэл” булангийн энэ удаагийн зочноор гавьяат жүжигчин, ДБЭТ-ын гоцлол хөгжимчин, хийлч Л.Мөнхцэцэгийг урилаа.

 

-Та хийл хөгжимтэй хэзээнээс нөхөрлөв?

-Долоон  настайгаас  өнөө хүртэл хийл тоглож байна. Хөгжим бүжгийн  дунд сургуульд орсноос эхлэн тоолбол 50 гаруй  жил хийл тогложээ.

-Анхны багш хэн бэ?

-Миний багш орос хүн. Еврей үндэстэн Гав­рилов гэж багш  байсан юм. Дараа нь Гарстман гэж мөн еврей хүн бидэнд багшилж байлаа. Тухайн үед манайд орос мэргэ­жилт­нүүд ажиллаж бай­сан цаг. Хөгжим бүжгийн сургууль гайгүй гэсэн хүүх­дүүдээ шигшиж Армянд  сургуульд явуу­ла­хад би багтсан. Сургуулиа төгсч ирээд  Дуурийн театрт орж өнөөг хүртэл 40 гаруй жил ажиллаж байна даа.

-Анхны  хийлчид, тэдний  дараагийн үе, залуучууд гээд олон хүн   байгаа нь мэдээж. Таны үеийнхэн аль үед нь хамаардаг вэ?

-Бараг эхэн үед хамаа­рах байх шүү.  Гэхдээ биднээс өмнө оркестрын сор болсон сайхан хөг­жим­чид байсан. Бид эхэн үеийн төгсөгчид болов уу. Дунд үе гэхэд арай бо­ломгүй юм. Монголд анх үндэсний оркестр гэж бай­сан. Сүүлд орос багш нар ирж, европ хөгжмийн сургалт явуулж, үндэсний хөгжим барьж байсан хүмүүсийг шууд сонгодог хөгжим рүү оруулчихсан юм. Шанз, хуучир барьж байсан хүмүүст шууд хийл бариулчихсан хэрэг.

- Өнгөрсөн жил “Munia and Violin” бие даасан тоглолтоо хийж байсныг санаж байна. Хүмүүс таныг    Мүниа гэж дуудаад байсан санана?

- Намайг нэгдүгээр ангид ороход еврей орос багш дааж авч байсан гэж би түрүүнд ярьсан шүү дээ. Багш минь Мөнхцэцэг гэж хэл чаддаггүй боло­хоороо надад Мүниа гэдэг нэр өгсөн юм. Тэр нэ­рээрээ өдийг хүртэл дуудуулж явна.

-Ингэхэд нэг хийлээр хэчнээн жил тоглодог юм бэ?

-Хийл хуучирна гэж байхгүй, харин ч улам шинэ болж хөг орно. Дуу нь ч гоё болно. Хөгжим хүний гар болон тоглол­тоор хөглөгдөж байдаг учраас удах тусмаа үнэ цэнэтэй болдог. Тиймээс хөгжмөө хуучрахаар нь солино гэсэн ойлголт байдаггүй. Тэр ч бүү хэл 1800-аад оны үеийн хийл ч бий. Жишээлбэл, П.И.Чайковскийн нэрэм­жит олон улсын уралдаанд түрүүлсэн хөгжимчин Стра­диварийн хийлийг дөрвөн жил барих эрхтэй болдог. Миний хувьд анх Армянд сургуульд явахдаа авсан хийл минь хамгийн удаан тоглосон нь. Гер­маны үйлдвэрийн хийлийг Италид төгссөн, хөгж­мийн мастер Түвшин­төрөөр хөглүүлж сүүлийн зургаан жил барьж байна.

-Хийл их эмзэг хөгжим байх. Хол явахад арчилгаа шаардана биз?

-Эмзэгээр барах уу. Градус  заагчтай  тусгай   хайрцагт хадгалдаг юм шүү дээ. Тэр нь нэмэх 30 градусаас доошгүй байх  ёстой. Манай орон эрс тэс уур амьсгалтай болохоор өвөл жаахан хэцүү. Гэхдээ аль болохоор  зохицуулж   арчилж, хадгалдаг.

-Та хийл цуглуулдаг биз. Тухайлбал, сүүлийн үед  цахилгаан хийл  барих  болсон байна

-Аль, аль нь бий. Гэхдээ модон хийл  хамгийн гоё дуугардаг юм шүү дээ. Хийлийг олон зуун мянган жилийн настай модоор хийдэг. Мод нь их ховор.  Их төлөв захиалгаар хийдэг.

-ДБЭТ-ын хөгжимчин болсноор хамтарч ажиллаж ирсэн  удирдаач нараа нэрлээч?

-Ж.Чулуун багш, Ч.Жамсран­жав гуай, Н.Туулайхүү, Ж.Бүрэнбэх нартай хамтарч ажилласан байна. Би н.Санжмятав, н.Дамдинсүрэн гуайн үед байгаагүй.

-Та  ДБЭТ-ын дэргэ­дэх “Мемори поп ор­кестр”- ыг үүсгэн бай­гуулагч. Сүүлийн үед танай камерный оркестр чи­мээгүй байх шиг. Тоглолт хийхгүй юм уу?

-Сонгодог урлагийг ард түмэндээ ойртуулж, поп хэлбэрээр тоглохоос гадна поп хөгжмүүдийг урын сандаа багтааж тоглохоор 2005 онд “Мемори поп оркестр” хамтлагаа байгуулсан. Энэ оркестрыг байгуулах санал, санаачилга манай хуучин захирал Г.Эрдэнэ­бат, одоогийн орлогч дарга Д.Баатар нарын үед гарсан. Тэгээд миний дүү, “Одкон” компанийн захирал Л.Мөнхбат ивээн тэтгэж, манай оркестрын бүх цахилгаан хөгжмийг авч өгсөн. Одоо бид гучуулаа уран бүтээл хийж байна. Удахгүй 10 жилийн ойгоо тэмдэглэж он гараад тоглолт хийхээр ярьж байна. Одоо бол улстөрийн дууны ууган хамтлаг “Үүрийн туяа”-гийн маань 35 жилийн ой болох гээд завгүй байгаа.

-”Үүрийн туяа”  хамтлагийн хөгжимчин байсан үеэ дурсаач?

- Одоо манай хамт­лагаас цөөхөн хүн үлджээ. Гэхдээ л дурсамж тог­лолтоо хийхээр бэлтгэж байна. Тухайн үед үн­дэсний хөгжмийг орчин үеийнхтэй хослуулсан хамт­лаг байгуулж, улстөрйин дуу дуулж тэр нь хит болж байлаа. Тухайн үед улс орныг удирдаж байсан Ю.Цэдэнбал болон түүний эхнэр А.С.Филатова нар  хүүхэд, залуусыг дэмжиж, манай хамтлагийг гадаад, дотоодын зочдын хүлээн авалтад дуулуулж, олон улсын уралдаан тэмцээнд оролцоход тусалж дэмж­дэг байсан. Тэр үед бид  тоглолт хийж мөнгө олох тухай  бодож байгаагүй. Энд тэнд очиж сэтгэ­лээрээ тоглож, алга ташилтад урамшиж явсан.

-Таны дүү  гавьяат жүжигчин Л.Алтанцэцэг мөн хийлч байх аа. Эгч дүүс, тэгээд хоёулаа гавьяат жүжигчин ховор байх шүү. Та хоёр хэзээ энэ нэр хүндтэй шагналыг хүртэж байв?

-Би 2001, манай дүү 2005 онд гавьяат жүжиг­чин цол  хүртсэн. Дүү минь Хөгжим бүжгийн коллежийн багш. Гавьяат цол хүртсэн эгч дүүс байдаг байх. Бид хоёр хийлч гэдгээрээ өөр  болов уу.

 -Та ах дүү хэдүүл вэ?

-Эхээс 11-үүлээ.

-Дүү нараа  энэ мэр­гэжил рүү хөтөлсөн хүн нь та биз?

-Намайг Хөгжим бүж­гийн колле­жид орсны дараа эгч наймдугаар ан­гиасаа манай сургууль руу шилжиж, дүү нар ч орсон. Харин манай ах Пионе­рийн ордны баян­хуурын дугуйланд явдаг байсан юм. “Баянмонгол” чуул­гыг анх үүсгэн байгуу­лалц­сан хүний нэг. Сергей ах баянхуур, басс гитар тоглодог. Хүмүүс хөдөл­мөрийн баатар, барил­гачин гэвэл  сайн мэднэ. Сүүлд хөгжмөө орхиод их сургуулийн барилгын инженерийн анги төгсөж энэ салбартаа олон жил ажилласан. Том эгч ХБК-ийн кларнетийн анги төгссөн. Филармонид олон жил ажиллаж байгаад, тэтгэвэртээ гарсан. Би айлын найм дахь хүүхэд. Манайхан бараг бүгдээрээ урлагийн мэргэжилтэй.