Т.БАТСАЙХАН
Монголын туялзуур сэлэмний холбооны ерөнхий дасгалжуулагч Д.Ганбаатартай ярилцлаа. Тэрээр Монголын үндэсний олимпийн хорооны тэтгэлгээр Унгар улсын нийслэл Будапешт хотын Семмельвейсийн их сургуульд сургалтад амжилттай суралцаад иржээ. Семмельвейсийн их сургууль нь дэлхийн туялзуур сэлэмний томоохон төвүүдийн нэг юм.
-Та МҮОХ-ны тэтгэлгээр сургалтад хамрагдаад иржээ. Энэ талаараа сонирхуулахгүй юу. Ямар учиртай сургалт байв?
-Монголоос хоёр дахь удаагаа ийнхүү олон улсын сургалтад багш дасгалжуулагчаа явууллаа. Өнгөрсөн гуравдугаар сарын 22-нд Унгар улсын нийслэл Будапешт хотын Семмельвейсийн их сургуульд сургалт маань эхэлж энэ сарын 9-нд дууссан. МҮОХ 10 төрлийн спорт дундаас шалгаруулж манай туялзуур сэлэмний төрлийг сонгон намайг явуулсан. Тэнд 16 улсын дасгалжуулагч нартай хамтдаа суралцлаа. АНУ,Шотланд, Их Британи гэсэн гурван улс манайх шиг туялзуур сэлэмний дасгалжуулагчаа явуулсан байсан. Бусад нь хөлбөмбөг, бадминтон, биеийн ерөнхий хөгжил гэсэн төрлийн дасгалжуулагчид ирсэн. 12 төрлийн онол, сэлэмний хичээл, спортын аргазүй гээд 300 гаруй цагийн сургалтад хамрагдсан. Тэгээд шалгалтаа амжилттай өгөөд олон улсын дасгалжуулагч болоод ирлээ.
-Арван төрлийн спортоос танайхыг сонгон явуулсан гэхээр туялзуур сэлэмний спортын хөгжил Монголд сайн байна гэдгийг нэг талаараа харуулж байна?
-Тэгж ойлгож болно. Энэ бол олимпийн төрлийн спорт. Мөн хүн төрөлхтний олимпийн наадам анх үүссэн цагаас одоог хүртэл хөгжиж байгаа дөрвөн төрлийн нэг нь сэлэм юм. 2009 онд манай холбоо байгуулагдсанаас хойш Монголд маш хурдацтай хөгжиж байна. МҮОХ-ны сонгон шалгаруулалтын багийнхан үүнийг харгалзан үзэж манай төрөлд итгэл найдвар өгсөн байх гэж бодож байна. Энэ завшааныг ашиглах МҮОХ-ны удирдлагууддаа итгэл хүлээлгэн сургалтад оролцуулсанд баярлаж байгаагаа хэлье.
-АНУ, Шотланд, Их Британийн дасгалжуулагчтай мөр зэрэгцэн суралцжээ. Эдгээр улсад сэлэмний спорт өндөр хөгжсөн. Тэднээс суралцах зүйл мэдээж олон байсан болов уу?
-Тийм ээ. Гэхдээ би хүнд сэлэмний төрлөөр хичээллэдэг. Дасгалжуулагчийн тухайд ерөнхий төрөлдөө ур чадвар дутсан зүйл байгаагүй. Бид хүнд сэлэмний төрөлдөө хоёр жилийн өмнөөс ОХУ-ын алдарт дасгалжуулагч Александр Ровнягинтай хамтран ажиллаж байна. Түүний зорилго нь Монголын туялзуур сэлмийг шинэ шатанд гаргах. Гадныхан бидэнд “Та нар энэ хүнийг яаж авчирсан юм бэ” гэж гайхаж байсан шүү. Ровнягин 1952 онд төрсөн. ОХУ, БНХАУ, Хонгконг, Иран, Йордан, Узбекистаны шигшээ багт дасгалжуулагчаар ажиллаж байсан. 1996 оны Атлантын олимпийн наадамд ОХУ-ын шигшээ багийг удирдаж байсан. Олимпийн дөрвөн аварга төрүүлсэн алдартай дасгалжуулагч шүү дээ. Тиймээс дасгалжуулагчийн ур чадварын хувьд хаана ч нүүр улайхааргүй болсон. Ямар ч гэсэн тамирчдаа дэлхийн хэмжээний тэмцээнд орох хэмжээнд хүртэл бэлтгэх боловсон хүчин манайд бий. Сая сургалтад суухад бусад өндөр хөгжилтэй орнуудад сэлэмний спорт өндөр хөгжсөн ч ур чадварын тухайд яг л нэг шатанд байгаа мэт сэтгэгдэл төрж байлаа.
-Таныг спортын сэтгүүлч мэргэжилтэй гэж сонссон. Яагаад энэ төрлийг сонгон хичээллэх болсон юм бэ?
-Хүүхэд байхаасаа л сэлмээр тоглож байсан. Мөн Оросын телевизүүдээр гардаг туялзуур сэлэмний нэвтрүүлгүүдийг сонирхон үздэг байлаа. 2009 онд манай холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хосбаяр энэ спортын хувцас хэрэглэлүүдийг оруулж ирэн холбоогоо байгуулж байлаа. Найзыгаа дагаж энэ спортод хөл тавьсан. Анх бид сургуулийн заал, коридорт хүртэл тулалддаг байлаа. Тэгээд тамирчдаа бэлтгэж, анхны улсын аваргаа зохион байгуулсан. Байгуулагдсан жилдээ анхныхаа Олон улсын тэмцээнд тамирчдаа оролцуулсан. Тухайн үед мэдэхгүй чадахгүй зүйл олон байлаа. Алдаа оноо ч их байсан. Гэхдээ бид энэ спортынхоо үндэс суурийг Монголдоо зөв тавьж гэж харж байна. Бид 2009 онд холбоондоо тамирчнаар орж байлаа. Түүнээс хойш багш, дасгалжуулагч болж тасралтгүй ажиллаж байна даа.
-Хүмүүсийн мэдэхгүй энэ спортын шанг татаж эх орондоо бий болгоно гэдэг амаргүй байсан болов уу?
-Тийм ээ. Маш их хичээх шаардлага гарсан. Бид дөнгөж байгуулагдсан холбоо учир сууриа маш зөв тавих хэрэгтэй гэж ярилцсан. Тэр бол хөгжлийн эхэн үе. 2010 онд анхны дасгалжуулагчаа БНХАУ руу сургалтад явуулж байсан түүхтэй. Тухайн үед аль болох олон хүнд энэ спортыг хүргэх зорилготой байсан. Бид 2013 он хүртэл ийм зарчмаар ажилласан юм. Хүмүүсээ багшийн сургалтад явуулж түүний дараа хүүхдүүдэд энэ спортоо зааж эхэлсэн. Одоо тамирчдаа бэлтгээд явж байна. Өнгөрсөн жил олимпийн эрх олгох Ази номхон далайн бүс нутгийн тэмцээнд манай тамирчин Гэрэлмаа долдугаар байрт орсон. Медалийн төлөө өрсөлдөөд ялагдсан. Өсвөр залуучуудын аварга шалгаруулах олон улсын тэмцээнд тамирчин маань шилдэг 16-д шалгарлаа. Хараахан “А” зэрэглэлийн тэмцээн амжилт үзүүлж чадаагүй ч гэсэн энэ спортын ирээдүй гэрэлтэй харагдаж байгаа.
-Шантрах үе байв уу?
- Манай холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хосбаяр, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ж.Отгонцагаан ах маань энэ холбоог хөл дээр нь босгох гэж хичээсэн. Би бол өчүүхэн нэг жижиг хэсэг нь байсан. Сонирхогчид, хүүхдээ хөтлөөд ирж байгаа эцэг эхчүүдийн дэмжлэг чухал байлаа. Хичээллэдэг хүүхдүүдээ удирдан олон улсын тэмцээнд ороод ялагдал хүлээж, ялж байгаа багийг харан сэтгэлээр унах үе байсан. Одоо эргээд бодоход тэр үе ард хоцорчээ. Бидэнд тодорхой хэмжээний туршлага, ур чадвар бий болсон. Ямар ч зүйл тохиолдсон шантрахгүйгээр урагшаа явна.
-Энэ спортын давуу тал нь юу вэ. Хүнийг юугаараа тэгж татдаг юм бол?
-Тулааны спорт. Тулалдахдаа зэвсэгтэй тулалддаг учраас тухайн тамирчнаас маш их анхаарал мэдрэмж шаарддаг. Гурван төрөл болон хөгжиж байна. Гол утга учир нь сэлмээр өөрийн өрсөлдөгчөө ялж буулгаж авах юм. Давуу тал нь гэвэл хүний зүүн болон баруун тархийг сайн хөгжүүлдэг гэж үздэг. Хүүхэд энэ спортоор хичээллэснээр өөртөө итгэх итгэлийг хамгийн түрүүнд нэмэгдүүлнэ. Сэтгэн бодох чадварыг сайжруулна гээд давуу талууд бий. Хүний хөдөлгөөн тархи хоёр шууд холбоотой гэдэг. Хөдөлгөөн дутагдах юм бол тархины үйл ажиллагаа муудаж байдаг. Тэгэхээр энэ спортоор хичээллэх нь хүнд асар их ач холбогдолтой болж байна. Олон улсад манай спортыг биеэрээ шатар тоглож байгаа нэг хэлбэр ч гэж үзэх нь бий. Тухайн орнуудад энэ спортыг ахлах болон дунд ангийнхаа хичээлийн хөтөлбөрт оруулсан байдаг.
-Ер нь бол язгууртнуудыг спорт гэж үздэг юм билээ?
-Тийм ээ. Спортыг зэрэглэлээр нь гурав ангилдаг. Туязлуур сэлэм бол дээд зэрэглэлийн ангилалд багтдаг язгууртнуудын спорт юм. Мөн үүгээр улс орны хөгжлийг тодорхойлох нь бий. Баруун европ буюу Франц, Италиас гаралтай гэж үздэг. Дээд зэрэглэлийн спортоо сайн хөгжүүлж чадсан бол тухайн орны хөгжил эрчимжиж байгаа юм байна гэдгийг харна. Хонконг, Сингапурт маш сайн хөгжиж байна. Зарим хүн энэ спортыг хөрөнгөтний спорт гэж үздэг. Энэ бол андуурал юм. Иж бүрэн хувцас нь гэхэд сайн чанарын сагсны пүүзтэй л ойролцоо үнэтэй байна.
-Таны хичээллэдэг хүнд төрөл нь ямар онцлогтой вэ?
-Хоёр өрсөлдөгч зэрэг оноо авч болдог. Биеийн аль ч хэсэгт сэлэмнийхээ үзүүрээр хатгаж болно. Энгийн дүрэмтэй. Энэ төрөл нь манайд арай илүү хөгжиж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард манай холбооны чуулган болж шинээр ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, удирдах зөвлөлөө сонгосон. Бид анхнаасаа ёсзүйгээ баримталдаг жишиг холбоо байя гэсэн дотоод журамтай байсан. Түүнийхээ дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Шинээр сонгогдсон удирдлагууд маань залуу хүмүүс байна. Ирэх “Токио -2020” олимпод эрх авч оролцохоор зорьж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин