- Уран бүтээлчийн тухай хөрөг таталбар –
Сүрэнгийн Зэвсэг
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн
Сүүлийн хоногуудад Монголын хөгжмийн урлагийн түүхэнд чухал тэмдэглэлт үйл явдал болж байна. Монгол Улсын морин хуурын чуулга байгуулагдсаны хорин жилийн ой тохиож байгаа нь энэ. Хөгжмийн урлагийг сонирхдог, өөр өөрийнхөө хэр хэмжээгээр ойлгож ухаардаг, биширч шүтдэг хүмүүс морин хуурын аялгуунд бүхнийг мартан алжаалаа тайлж, баярлан баясдаг бололтой. Ойн хүрээнд олон ажил зохион байгуулагдаж үндэсний хэмжээний том баяр болж байна гэхэд болмоор. Бидний өвөг дээдэс морин хуур хэмээх энгийн хэрнээ нэн увидастай, нарийн нандин зэмсгийг бүтээн үлдээжээ. Хуурын аялгуу хүний сэтгэлийн хөгийг хөөргөн хөвсөлзүүлж, нэг их уудам тал хөндийд морин дэл дээр давхиж, хэмжээ хязгааргүй орон зайг хоромхон зуур туулах мэт, ертөнцийн өнгө бүрдмэл нам гүм, айван тайван орчинд дүүлэн хүрэх шиг, үнэхээр тийм гэхийн аргагүй сэтгэгдэл, мэдрэмжийг өгдөг нь нэн сонин аж. Энэ бүхний ид шид нь морин хуур хэмээх хөгжимд зөвхөн өөрт нь байдаг онцлог юм шиг ойлгогддог. Чухамдаа монгол хүний оюун ухааны гүнээс оргилон гарч ирдэг учраас монголчуудынхаа сэтгэлд тийм хүчтэй хүрч нөлөөлдөг болов уу. Морин хуурын аялгууг сонссон хэн боловч “Энэ сайхан ая эгшгийг хүн зохиодог гэж үү. Ийм нандин тансаг аялгуу гэж бас байдгаа. Ийм зөөлөн уян хэрнээ сүрлэг сайхан аялгууг хэрхэн яаж ориглуулан ундруулдаг юм бол оо...” гэж гайхдаг бас биширдэг.
Хаа холын Японы Осака хот дахь Монгол Улсын өргөмжит консул Сато Норика нэгэнтээ “Яагаад би морин хуурын чуулгатай хамтран ажиллах болсон юм бэ гэвэл эн тэргүүнд сайхан аялгуунд нь татагдсан юм” хэмээн дуу алдсан байх юм билээ. Yнэндээ морин хуур нь ятга, дунд, их хуур, цохиур, төгөлдөр хуур, флей зэрэг олон хөгжимтэй нийлэн найрахаараа тийнхүү үгээр илэрхийлэх аргагүй тансаг аялгууг илэрхийлдэг бололтой. Тэгээд хүмүүст асар их тайвшрал, баяр баясал авчирдаг, хүний зүрх сэтгэлийг эзэмдэн догдлуулдаг, урам хайрлан зоригжуулдаг, бас уяруулан хайлуулж ариусгадаг байх.
Төсөрхөн Морин хуурын чуулгын уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач, Ардын жүжигчин, профессор Ц.Батчулуун гуай “Манай ажил дээгүүр нэг очоорой” хэмээн урьснаар Улсын филармонийн байраар орлоо. Морин хуурын чуулгынхан тун завгүй, ёстой л ажил ундарч бүтээл өрнөж байх шиг санагдав. Батчулуун багш надад “Ганцхан дууны сургуулилт хийчихээд хоёулаа ярилцая. Ердөө арван минут. Хоёулаа их танхимд хамт оръё” гэв. Чуулгынхан ч бараг бүрэн бүрэлдэхүүнээрээ багш, удирдаачаа хүлээн сууцгааж байв. Морин хуурын чуулгынхныг тоглолтыг хамгийн идэвхтэй үзэгчдийн нэг нь би. Тэгэхдээ тэднийг зөвхөн тайз дээрээ, аль нэг тоглолтоо хийж байгааг л үздэг байлаа. Тийм болохоор энэ удаа мөн л нөгөө гоё алтан шаргал, мөнгөлөг цагаан, номин хөх гээд л өнгө жигдхэн ганган хувцастайгаа намиж байгаа мэтээр төсөөлж орсон чинь мань нөхөд энгийн хувцастайгаа байгаа нь бас их сонин содон харагдав. Зүс таних хүмүүс олон байдаггүйсэн бол бараг л танигдахгүй нь гэлтэй. Батчулуун багш намайг үзэгчдийн танхимд суухыг уриад Японы дуучин, Хөгжим бүжгийн коллежийн багш Окуяма Юми “Монголын тал нутаг” хэмээх дууг Морин хуурын чуулгатай дуулах бэлтгэлд оров.
Нүргэлэн эгшиглэх хөгжмийн ая дан, дуучны цээлхэн хэрнээ уянгалаг намбатай хоолой сэтгэл оюуныг минь үл мэдэгдэх нэгэн сайхан ертөнц уруу залан даллаж, хөтлөн хүргэх шиг боллоо. Энэ агшинд энхжингийн оронд одсон нэгэн үеийн оюутан, уран бүтээлийн анд, ажилсаг бүтээлч, гүндүүгүй сайхан эр, дууны шүлгийн их мастер Түмэнжаргалыгаа дурсан харамсаж сэтгэл зүрх минь гунигийн мананд ээрэгдэж “Чи минь эх орон, ард түмэндээ төдийгүй хорвоод хосгүй сайхан дуу бүтээж өгөөд явж дээ” хэмээн муу хар Түмээгээ өөрийн эрхгүй үгүйлэн эмзэглэлээ. Харин дуучин Юмигийн намбалаг сайхан ая дуу сэтгэлд минь гэрэл гэгээ асааж, хургаж хуралдсан гунигийн мананг үлдэн хөөсөн дөө. Юми дуулсан дууныхаа төгсгөлийг хийхдээ бараг л таазанд хүрэхнэ үү дээ гэмээр огцом хөдөлгөөн хийж буй нь бас содон. Сайхан аялгуу, сайн дуу түүний эрч хүч онгодыг даллан дуудсан хэрэг. Тэр хөдөлгөөн, тэр агшин нөгөө дорнын даруухан аальтай Юмийг бараг танигдахгүй болгож орхисон нь бас сонин. Гайхамшигтай сайхан дууллаа. Батчулуун удирдаач хөгжимчдөөсөө аль нэгийг асууж, бас анхааруулан шаардаж, Юмитэй ярьж зөвлөж, тэд аялгууг харилцан бие биедээ үлгэрлэн үзүүлнэ. Их чуулгын хөгжим дахин нүргэлж хэдэнтээ давтсанаар сургуулилт завсарлав.
Тэндээс гарахдаа би дуу, дууны хөгжмийн ая дан, дуучин, хөгжимчид, удирдаачийн ур чадвар, эрдэм ухаан, тэдний гар сэтгэлийн нийлэмжийн увидас, ид хавыг бахархан биширч, дуу яаж төрж, хэрхэн амьдарч үзэгч сонсогч олны хүртээл болдгийг төсөөлөн бодсоор гарав.
Үл мэдэгдэх далдын нэгэн их хүч ядарсан тархи, чилсэн бие, зүрх сэтгэлийг сэргээн тэтгэж, урам зориг, тайвшрал жаргал хайрлана. Энэ бол морин хуур хэмээх зэмсгийн нууцлаг нэгэн увидас, өглөг буян. Тэрхүү гайхамшгийг өнөөгийн энэ цаг дор баяжуулан хөгжүүлж, дэлхийн хөгжмийн урлаг сонгодгуудын зиндаанд хүргэсэн хүн бол Цэндийн Батчулуун яах аргагүй мөн.
Морин хуураар олон хүн зэрэг тоглох, найрал хөгжмийн хэлбэрт оруулах оролдлого бүр дөчөөд жилийн өмнө эхэлсэн юм шиг санагддаг. Наяад оны эхээр төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Монголын радиогийн “Малчин” нэвтрүүлэгт зориулж бүтээсэн дан морин хуурын “Монгол аялгуу”-гаа анх зуун найман хуурчаар хуурдуулсан. Дундговь аймгийн соёл, урлагийн арав хоног 1984 онд болох үеэр гучаад хуурчид “Мандалговийн магтаал”-ыг аялгуулан уншиж байсан зэрэг нь тухайн үедээ шинэ содон үзэгдэл болж олны анхаарлыг татаж байлаа. Энэ бүхэн нь олон хуурчид хамтран тоглох найрал хөгжмийн хэлбэрт орох анхны алхмууд байсан юм болов уу гэсэн бодол төрдөг.
Ингэж л морин хуурын өлгий нутаг Монгол оронд, өндөр төвшинд зохион байгуулагдсан мэргэжлийн чуулга байгуулах шаардлага амьдралаас урган гарч ирсэн хэрэг. Тэрхүү түүх амьдралын захиалгыг соргогоор харж, ажил хэрэг болгох үйл хэргийг морин хуурч Ц.Батчулуун анх санаачлан хөөцөлдөж шинэ байгууллага байгуулж улмаар морин хуурыг ихэсгэж багасган дунд хуур, их хуур гэхчилэн хэдэн янзаар бүтээж мөн цохиур, төгөлдөр хуур, ёочин, флей, ятга зэрэг төрөл бүрийн хөгжмийн зэмсэг бүхий найрал хөгжмийг нэгтгэн найруулж, мэргэжлийн өндөр төвшинд зохион байгуулж төлөвшүүлснээ хориод жилийн өндөрлөгт хүрч явна. Энэ бол одоогийн Монгол Улсын морин хуурын чуулга.
Ардын жүжигчин Ц.Батчулуун эдүгээ “Манай чуулга Монгол Улсын шинэ ардчилсан Үндсэн хуультай нас чацуу нэг жил байгуулагдсан онцлогтой. Үүнийг бид ихээхэн билэгшээдэг. Чуулга байгуулахад багагүй бэрхшээл тохиолдож байлаа. Хүн бүр дуртай, таашаалтай хүлээж аваагүй. Янз бүрээр ойлголт, яриа ч байсан. “Морин хуурын чуулгыг Улаанбаатарт улсын чанартай байгууллага болгож байгуулах хэрэг байхгүй. Тэр дуу хуурын өлгий Дундговь аймагтаа л байгуулдаг юм байгаа биз” гэж байсан хүн ч бий. Морин хуурын чуулга байгуулагдахад Монгол Улсын Засгийн газрын Тэргүүн шадар сайд Да.Ганболд, Соёл, урлагийн хорооны дарга Н.Энхбаяр нар их анхаарч чухал үүрэг гүйцэтгэсэн. Тийнхүү шинээр байгуулагдсан Чуулга анхныхаа тоглолтыг 1993 оны дөрөвдүгээр сарын 16-нд тэр үеийн Дуурь бүжгийн академик театрт хийсэн юм. Дуурь бүжгийн театрыг сонгосон учир нь маршал Х.Чойбалсан тус театрын шавыг анх тавихдаа суурь дор нь морин хуур, цай, хадагны хамт хийж хүндэтгэл үзүүлснийг билэгшээсэн хэрэг. Чуулгыг анх байгуулахад хуурчид нь Хөгжим бүжгийн дунд сургуулийн 4-8 дугаар ангийн сурагчид, мэргэжлийн хуурч, ятгын дөрвөл, төгөлдөр хуур гэсэн бүрэлдэхүүнтэй байлаа” хэмээн дурссан юм.
Монгол Улсын Морин хуурын чуулгын хөгжил дэвшил, уран бүтээлийн арвин сан хөмрөг, хуримтлуулсан туршлага зэрэг нь Ц.Батчулуун тэргүүтэй тус чуулгын уран бүтээлчдийн шаргуу хөдөлмөр, хүчин чармайлтын үр дүн. Тэр бүхний ачаар Монголын хөгжмийн урлагт нэгэн мөнхийн “Цагаан суварга” сүндэрлэн босчээ гэсэн сэтгэгдэл өөрийн эрхгүй төрөх юм. Тэгэхдээ зөвхөн монголдоо төдийгүй дэлхийн сонгодог уран бүтээл, хөгжмийн өндөр сэнтийд залраад байна. Чухамдаа хорвоо ертөнц тэр аяараа Монголын морин хуурын аялгуунд уусч, уяран хайлж байна гэхэд нэг их хэтрүүлэг болохгүй биз.
Учир нь автобусаар Улаан-Үд, галт тэргээр Хөх хотод очиж анхныхаа тоглолтуудыг хийж асан Морин хуурын чуулгынхан эдүгээ Орос, Америк, Итал, Франц, Япон, Хятад гээд таван тив туулж дөрвөн их далайг гатлан аялсаар... Монголын морин хуурын аялгуу Нью Йорк хотод байрлах дэлхийн “парламент” болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн танхим, Парис хотод байрлах ЮНЕСКО-гийн Ерөнхий чуулганы танхим, хүн төрөлхтний сонгодог урлагийн өлгий нутаг Италын “San Giovanni Maggiore”, ОХУ-ын Москвагийн алдарт Их театр, БНХАУ-ын Бээжингийн Үндэсний театр, Австрын Вена хотын “Musicverein”-ын Алтан танхим, Токиогийн “Suntory” концертийн их танхим гээд манай гарагийн хамгийн алдартай, хамгийн нэр хүндтэй их танхимуудын тайз дээр заларч Н.Жанцанноровын “Монгол аялгуу”, “Цагаан суварга”, Б.Шаравын “Сэрсэн тал”, П.Чайковскийн романс, Б.Марчеллогийн концерт, Ж.Визегийн “Кармен” дуурь, Оросын хөгжмийн зохиолч Р.Шедриний Зөвлөлтийн балетийн алдарт од Маяа Плицескаяд зориулсан “Кармен сүйт”-ийг эгшиглүүлж байгаа нь үнэхээр бахархууштай.
Тэр бүхнээс хамгийн гайхамшигтай бас бахархууштай нь БНМАУ НҮБ-д элсэн орсны 50 жилийн ойд зориулан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн танхимд хийсэн тоглолт хэмээн учир мэдэх хүмүүс бахархан ярьцгаадаг. Чуулгын уран сайхны удирдагч, Ардын жүжигчин Батчулуун “Энэ бол Монгол хүн болж төрсний бахархал байлаа. Маш сайхан сэтгэгдэл төрсөн. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол Улсын, Морин хуурын чуулга НҮБ-ийн их танхимд тоглож, монголын морин хуур, Морин хуурын чуулга дэлхийд бас хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн үг. Тэр танхимд 190 гаруй орны төр, засгийн тэргүүн, гадаад хэргийн сайд нар хуран цуглаж хүн төрөлхтний болон дэлхийд тулгамдсан асуудлыг ярилцдаг. Тэнд манай нэр цуутай бөхчүүд очиж барилдаагүй, бас манай бусад салбарын гайхамшигт хүмүүс ид хаваа үзүүлээгүй гагцхүү Монгол Улсын Морин хуурын чуулга л тоглолтоо хийсэн. Энэ бол бидний төдийгүй монголын бахархал. АНУ-ын Корнайгийн найруулагч тоглолт эхлэхийн өмнө бидэнд хандан “Манай энэ танхим (зритель) дэлхийн улс орнуудыг аль нэгийг нөгөөгөөс нь илүүд үздэггүй юм. Тэгэхээр нэг их алга ташаад сүйд болохгүй байх. Та бүхэн зөв ойлгоорой” гэж хэлж байсан. Гэтэл тоглолтын үед тэр анхааруулга, нөхцөл байдал бүр 360 градус эргэж чухам л нижигнэсэн алга ташилтаар биднийг мялааж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гү Мин, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дарга Нассер Абдулазиз Аль-Нассер, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нар бидэнд хандан үг хэлж баяр хүргэж байсан. Үнэхээр сонин сайхан үйл явдал болсон шүү” хэмээн хуучилж байлаа. Сэтгүүлч хүний сониуч, илүү зан маань хөдлөөд түүнээс “Сүүлийн үед хүмүүс омогшил энээ тэрээ гэж их ярих боллоо. Ингэхэд таны омогшил юу вэ. Чухам хэзээ ориглон огшиж , илэрч мэдрэгддэг бол...” гэж асуухад минь “Би тайзан дээр гарахаар л “Зөвхөн би чадна. Надаас өөр хэн ч чадахгүй. Би чадах үүрэгтэй. Чадах ёстой” гэсэн сэтгэгдэл төрдөг. Тэр л миний омогшил юм болов уу даа” гэж хариулсан. “Тэгвэл бахархал чинь...” гэвэл “Би, Монгол эх орондоо монгол хүн болж төрснөөрөө бахархдаг. Монгол хүн болоод Төрийнхөө алтан соёмбот далбаан дор ажиллаж амьдарч яваагаараа л бахархдаг” гэж хариулж байсан сан.
Хэдэн жилийн өмнө Францын нийслэл Парис хотод байрлах Нэгдсэн Үндэстний Байгууллагын ЮНЕСКО-гийн (Миний бие тэр үед ЮНЕСКО-гийн тухай “Дэлхийг гэгээрүүлэх яам” гэсэн тэмдэглэл бичиж байлаа.) төв байраар явж байхдаа нэгэн саруулхан танхимд манай морин хуур хөгжмийг нэн хүндэтгэлтэйгээр залсан байхыг үзээд бид өөрийн эрхгүй бахархан мэхийн хүдэтгэж билээ. Энэ бол дэлхийн соёлын төв ЮНЕСКО Монгол үндэсний морин хуур хөгжмийг, дэлхийн уламжлалт хөгжмийн салбараас 2003 онд “Дэлхийн үндэстнүүдийн шилдэг хөгжмийн зэмсэг мөн” гэсэн тунхаг гаргаж, албан ёсоор бүртгэж авсаны баталгаа юм. Тэр үед морин хуур хөгжмийг ЮНЕСКО-гийн “Дэлхийн үндэстнүүдийн шилдэг хөгжмийн зэмсэг мөн” хэмээн бүртгүүлэхэд Ардын жүжигчин Батчулууны оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй гэдгийг учир мэдэх хүмүүс дурсан ярьж тайлбарлаж байсан сан.
Ингэж л өвөг дээдсийн минь бүтээн хайрласан морин хуур олон зууны турш, эсгий гэрийн минь хойморт заларч, монгол хүний жаргал хийгээд зовлон, ахуй амьдрал хийгээд соёл заншилд мөнхийн дагуул болж ирсэн юм. Өвгөн хуурч хаа нэгтэй, хуураа гүн хүндэтгэлтэйгээр авч адислан хөг аяыг нь тааруулан татаж голомтынхоо галыг бадрааж, хөндий шигэмд хургасан жавар юугаа үлдэн хөөж, хийморио сэргээн ариусгадаг. Бас “Уяхан замба тив”, “Урьхан хонгор салхи” зэрэг найрын дуу даган хүнгэнүүлж, “Жонон хар”-ыг татдаг байсан морин хуур маань өнөөдөр дэлхийн дэвжээнд цууриатаж, хорвоо ертөнцийг уяруулж байна. Хөгжмийн зохиолч, морин хуурч И.Пүрэвхүүгийн онож хэлснээр “Морин хуураар зөвхөн дуу тоглодог гэсэн ойлголт өнгөрсөн зуунд үлдсэн” нь үнэн аж.
* * *
Ц.Батчулууныг байгалиас заяасан онцгой авъяастан, том зохион байгуулагч, топ менежерүүдийн нэг мөн. Чухамдаа Монголдоо бол хуруу дарж тоолох Ш.Отгонбилэг, Ж.Оюунгэрэл, Р.Раш нартай эн зэрэгцэх удирдагч, Бавуугийн Лхагвасүрэн, Нацагийн Жанцанноров, Лодонгийн Түдэв, Билгээгийн Дамдинсүрэн, гайхамшигт найруулагч Жигжид, домогт Мөрдорж, Намсрайжав нарын зиндааны уран бүтээлч хэмээн бодож явдгаа нуух юун. Бодол маань нэг их хилсдэхгүй гэдэгт итгэдэг. Батчулуун ээж аваас, байгалаас заяасан их авъяас чадвараа шаргуу хөдөлмөрч чанараараа тэжээн тэтгэж, баяжуулан хөгжүүлсэн өнөө цагийн том зүтгэлтэн. Тэрээр 1981 онд 29 насандаа БНМАУ-ын Гавьяат жүжигчин, арван хоёр жилийн дараа буюу 2002 онд Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртсэн Монголын хөгжмийн урлагийн томоохон сүмбэр оргилуудын нэг.
Хорин жилийн тэртээд дөч шүргэж яваа идэрхэн, чухам л бүтээж туурвихын урам зориг, эрч хүч онгоддоо хөтлөгдсөн Батчулуун Монгол Улсын түүхэнд анх Морин хуурын чуулга байгуулахаар санаачлан зориг шулуудсан тэр цаг үе нь Монгол оронд төр нийгэм солигдон ороо бусгаа болж, мөнгө төгрөгийн гачаалд орж, хүн хүний сэтгэл санаа хувиран өөрчлөгдөж хандсан зүгтээ амьдрал хөөн бэдэрч ихэнх нь ажил мэргэжлээсээ “урваж” байсан цаг. Тийм нэг хэцүүхэн нөхцөлд Батчулуун, нас сүүдрийн хувьд бяцхан чуулгаа өлгийдөж, өсгөж бойжуулах, улмаар хөлийг нь дөрөөнд хүргэхээр хоёргүй сэтгэлээр зүтгэсэн аж. Үгүй дутуугийн гачаал бэрхшээлтэй ч, урам зоригтой, амжилт бүтээлтэй он жилүүд ар араасаа хөвөрсөөр өнөөдөр монголдоо төдийгүй дэлхийд нэртэй чуулга болсныг дээр онцлон хэлсэн. Түүний бяцхан шавь нар нь ч аль хэдийн нас биед хүрч өндөр боловсролтой, нарийн мэргэжилтэй, туршлагатай уран бүтээлчид болцгоожээ. Батчулуун багш, удирдаач цэл залуухан чуулгынхаа ур чадварыг улам улам өндөрсгөж, сан хөмрөгийг нь баяжуулсаар өөрөө ч жарныг туулж олон сайхан шавь нар, гадаад дотоодын өдий төдий үзэгчид, дэмжигчдээрээ хүрээлүүлэн налайж сууна.
Энд нэг зүйлийг онцлон өгүүлэхэд Монгол Улсын Морин хуурын чуулгыг Нацагийн Жанцанноров хэмээх эрхэмгүйгээр төсөөлөх арга бараг байхгүй дээ. Тэрбээр тус чуулгыг төрж өсөх, хөл нь дөрөө гар нь ганзганд улмаар эрийн цээнд хүрэхэд зүйрлэшгүй их хувь нэмэр оруулсан нэг үгээр хэлэхэд цаг ямагт галын шугам дээр явсан зүтгэлтэн. Тийм ч учраас Батчулуун багш “Манай чуулгын урын сангийн жар гаруй хувийг Жанцанноровын бүтээл эзэлдэг” хэмээн хамтран зүтгэгч, уран бүтээлийн андаараа бахархан ярьсан бий. Ер нь хорин нэгдүгээр зууны морин хуурыг Цэндийн Батчулуун, Нацагийн Жанцанноров, Морин хуурын чуулга гуравгүйгээр ярьж төсөөлөх, ухаарч ойлгох боломжгүй билээ. Тэгвэл Морин хуурын чуулгын тулгын чулуу нь Батчулуун, Жанцанноров, морин хуур гурав гэж хэлж бас болно доо. Жанцанноров морин хуурт зориулсан бүтээлээрээ 2000 онд Монгол Улсын Төрийн шагналыг хоёр дахь удаагаа хүртсэн нь түүний морин хуур хийгээд Морин хуурын чуулгын өсөлт бойжилт, хөгжил дэвшил төдийгүй Монголын морин хуур хөгжмийн ирээдүйн чиг хандлагад оруулсан их зүтгэлийг үнэлсэн хэрэг байв.
* * *
Морин хуурын сайхан аялгуу бол монгол хүний хийморь, баяр баясгалан. Ер бусын сайхан аялгуу намуухан эгшиглэсээр... Түүний аялгуу орчлонгийн их хайр, аз жаргал, хөөр баярыг бас нүгэл хилэнц, уйтгар гунигтай нь хамт тээн урсана. Гэхдээ гуниггүй гэгээлэг аялгуу давамгайлах нь бахдууштай. Үл мэдэгдэх далдын нэгэн их хүч ядарсан тархи, чилсэн бие, зүрх сэтгэлийг сэргээн тэтгэж, урам зориг, тайвшрал жаргал хайрлана. Энэ бол морин хуур хэмээх зэмсгийн нууцлаг нэгэн увидас, өглөг буян. Тэрхүү гайхамшгийг өнөөгийн энэ цаг дор баяжуулан хөгжүүлж, дэлхийн хөгжмийн урлаг сонгодгуудын зиндаанд хүргэсэн хүн бол Цэндийн Батчулуун яах аргагүй мөн. Алдарт хуурч Жамъянгийн унаган шавь энэ эрхэмийг Улсын Ардын дуу бүжгийн чуулгын хөгжимчин байх үеэс зүс таних болсон сон. Бид хоёр нэгэн үеийн бөхийн хорхойтнууд. Монгол үндэсний хүчит бөхийн барилдаан бид хоёрыг танилцуулсан юм. Өнгөрсөн зууны сүүлийн жилүүдэд Спортын төв ордны хойд жигүүрийн баруун талын бяцхан зайд нам, улсын ахмад зүтгэлтэн Лувсанцэрэн, Ардын жүжигчин Гомбосүрэн, бөх судлаач Баарангийн Батсүх, “Сэмбээ” Пүрэв нарын хэдэн нөхөд бараг тогтмол сууцгаана. Хэн түрүүлж ирсэн нь хоцорсондоо суудал авах жишээтэй бөхийн хорхойтнууд байлаа. Хожим нь Монгол улсын морин хуурын чуулгыг үндэслэн байгуулж, уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач болж, хар цагаан өнгийн сайхан дээл ээлжлэн асааж, нарийхан алтан хүрээтэй цагаан шилээр гангарсан Батчулуун олон хөгжимчдийг дохиурынхаа аяар жолоодон намилзтал удирдаж байгаа нь үнэхээр бахархууштай. Yнэндээ Улсын филармоны симфони оркестрын далаад хүн, Морин хуурын чуулгынхаа тавь шахам гээд 100 хол гаруй хөгжимчдийг нэг хүн шиг хөдөлгөж хөтөлнө гэдэг хөгжмийн удирдаачийн их эрдэм, гайхамшиг бахархал юм билээ.
Эрдэмт хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдэгчлэн Батчулууныг эгэл даруугийн туйл, нөхөрсөг тусч чанар, хүнд урам хайрлах эрдэм ухаантны нэг гэж хэлж болно. Энэ бол түүний хүнтэй ажиллах арга барилын нэг онцлог байж ч мэднэ. Бид хоёр нэг их ойрын дотно найзууд биш. Зүгээр л нэг бие биенээ мэддэг, уран бүтээл бөхийн хорхойгоор холбогдсон танилууд. Гэтэл мань хүн жирийн бичээч надад их хүндэтгэлтэй ханддаг нь сайхан санагддаг. Түүний гэргий нэрт ятгачин Алтантуул нь ч мөн ялгаагүй. Батчулуун абагай бол Ардын жүжигчин, урлаг соёлын Монголдоо төдийгүй дэлхийд нэртэй зүтгэлтнүүдийн нэг гэхэд манай гэрт морилон ирж хүү Өлзийсайханы маань бэлэглэсэн морин хуурыг хөглөж эгшиглүүлэн хөндий шигмийн жаврыг үргээж өгнө. Бас төрийн хайр шагнал хүртэхэд минь “Би чуулгынхаа уран сайхны удирдагч, удирдаач гээд хуураа барихаа бараг больсон хүн. Гэвч таныг шагнал хүртсэнд сэтгэл хөдлөж, их баярлаж байна. Би таны найр дээр монгол дээлээ өмсөж очоод өөрийн биеэр хуурдаж баяр хүргэнэ” гээд манайхны зохион байгуулсан арга хэмжээнд Монгол Улсын гавьяат жүжигчин, уртын дууч Базарбат болон Морин хуурын чуулгын зарим бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирж ая дууны мэнд дэвшүүлэн баяр хүргэж байсан нь надад, манай гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхдийн минь амьдралд олон тохиолдоогүй их хүндэтгэл болж сэтгэлд үлдсэн дээ. Би үүнийг энэ цаг дор Батчулууны энгийн даруу, нөхөрсөг тусч чанарын наад захын нэг жишээ болгон дурсаж байгаа хэрэг.
Батчулуун маань хоёр жилийн өмнө Япон Улсын урилгаар, нарны ард түмэнд лекц унших, бас ном үзэж судлагаа хийхээр явахдаа “Өвгөн чинь Японд нэг жил амьдарна. Өдий насны хүн гэр орноосоо хол, оюутан маягаар байна гэдэг хэцүү санагдаж байна. Манайхны хувьд 2012 он гэдэг маш чухал түүхэн жил болно. Би 60, чуулга маань 20 нас хүрнэ. Бодож санаж байгаа хийх ажил цөөнгүй байна” гэж энгүүн хүүрнэж билээ. Эрдэм номын мөр хөөж ирээд чуулгынхаа хорин жилийн ойд толгой дээш татахгүй бэлтгэж, шинэ соргого олон сайхан ажлыг сэтгэн бодож зохион байгуулж байгаа нь түмний сэтгэлийг татаж, хүндэтгэлийг хүлээж байна. Түүний мэдрэмж, бодож сэтгэх чадвар, эрдэм ухаан, зохион байгуулах ур дүй, юмны ая донж, голыг олж чаддагийн тод нотлогоо, том баримт болон харагдаж байна. Ер нь түүний морин хуурт, Морин хуурын чуулгад, Монголын соёл урлагт оруулсан хувь нэмэр, хийсэн бүтээснийг энэхэн таталбарт тэмдэглэж, багахан цаг хугацаанд яриад баршгүй тул ингээд өндөрлөе.
Миний таньж мэддэг Батчулуун, төсөөлж гадарладаг морин хуурын тухай өнгөцхөн тэмдэглэхэд ийм буюу. Морин хуурын налгар намбалаг, уянгалаг сайхан, цоглог хийморилог аялгуу монголчуудын төдийгүй дэлхийн сонорыг мялааж, сэтгэлийг хөглөж, хорвоо замбуулинг уяруулан бүүвэйлж байна. Уяруулж бүүвэйлсээр... Эрхэм андыг минь урлагийн охин тэнгэр Янжинлхам бурхан байнга ивээх болтугай.