А.ЦЭЭСҮРЭН
ЗҮРХ СЭТГЭЛ МИНЬ БАЛЕТЧИН ХЭВЭЭРЭЭ
-Та ид залуу 30 настайдаа бүжиглэхээ больсон. Ийм шийдвэр гаргахад юу нөлөөлсөн бэ. Та харамсдаг уу?
-Хүний амьдралд 30 гэдэг залуу нас. Тэр үед би балетын урлагийн замын голд зогсож байсан л даа. Балетчин мэргэжлээр дахин 10 жил ажиллах уу эсвэл өөр мэргэжил эзэмшээд, балетын урлагтайгаа ойр ажил хийх үү гэж бодсон. Энэ шийдвэрийг би өөрөө л гаргасан юм. Ер нь хүн эх орон, эцэг эхээ сонгодоггүй, харин мэргэжил, найз, амьдралын ханиа өөрөө сонгодог учраас үнэ цэнэтэй байдаг шүү дээ. Би өөрөө сонголтоо хийсэн учраас харамсахгүй байна. Сонголт гэдэг шийдвэр. Би урлагийн менежер болсон ч зүрх сэтгэл минь балетчин хэвээрээ байгаа.
-Хэдий мэргэжлээ сольсон ч сэтгэлдээ балетчин хэвээрээ гэлээ. Таныг ингэтлээ өөртөө татсан урлагийн нууц нь юунд байна вэ?
-Миний мөрөөдөл хийл хөгжимчин юм уу, төгөлдөр хуурч болъё гэж боддог байлаа. Би 1989 онд найман жил сураад, балетын жүжигчин мэргэжил эзэмшиж, энэ ягаан байшинтай ажил, амьдралаа 23 жил холбожээ. Балетчин мэргэжлээ орхисон ч олон мэргэжил эзэмшсэн гэх үү дээ. Гэхдээ харъяалагдаж буй байгууллага маань нэг. Анх 1999 онд театрт орж байсан үе амьдралын маань хамгийн гэрэл гэгээтэй үеийн нэг юм. Би Улаанбаатар хотод төрсөн. Ээж, аав маань Дархан хотын бүтээн байгуулалтад оролцохоор томилолтоор очиж тэнд суурьшсан учраас миний бага нас Дархан хотод өнгөрсөн. Бага ангидаа балет, дууны дугуйланд суралцдаг байсан, харин балетын шалгалтад санамсаргүй тэнцсэн л дээ. Ер нь ямар ч нийгэмд сонгодог урлаг биднээс хол язгууртны урлаг гэж ойлгодог. Сонгодог урлаг тансаг, оюуны дээд зэрэглэлийн таашаалыг өгч, түүнийг мэдэрч чаддаг үзэгчидтэй харьцдаг, эмзэг бөгөөд агуу урлаг. Тиймээс мөн чанар, үнэ цэнийг нь үнэлэшгүй. Харин өнөөдөр оюунлаг урлагийн төрөл гэж үздэг. Та хэдий чинээ сонгодог урлагт ойр байна, тэр чинээгээр нийгэмд эзлэх байр суурь, үзэл бодол өөрчлөгдөх болно. Та сонгодог урлагаас таашаал авч сур. Тэгж чадвал амар амгалан , аз жаргалтай байх болно.
-Монголын урлагийн салбарт менежментийн асуудал орхигдсон гэж ярих юм. Үүнд менежментийн ямар арга ухаан дутаад байна вэ?
-Хүн төрөхдөө л менежер төрдөг. Хувь хүн цаг заваа зөв зарцуулж, төлөвлөсөн ажлаа гүйцэлдүүлэхийг менежмент гэж боддог. Монголын урлагт менежмент байсан, харин түүнийг төгөлдөржүүлээд, академик чанартай болгож чадаагүй байх. Мэргэжил бүр өөрийн онцлог менежменттэй. Монгол хүний мэдрэмж уул ус, цаг агаартаа байдаг юм уу, агуу хөгжимлөг үндэстэн. Энэ утгаараа гайхамшигтай дасан зохицож, суралцаж чаддаг байгалийн гоц авьяастай. Сонгодог урлагийг монголчууд хайрладаг, цаашдаа ч хайрлана. Театрт нэг өдөр олон үзэгч ирвэл сайн, цөөхөн ирвэл үзэгчгүй боллоо гэх нь учир дутагдалтай. 10 гаруй жил менежер хийсэн хүний хувьд тоглолт бүрдээ дүгнэлт хийж, социологийн судалгаанд үндэслэж, урын сангаа баяжуулдаг. Энэ утгаараа сонгодог урлагийг үнэхээр багаас нь ойлгуулаад, танин мэдэхүйн талаас нь сурталчилгаа хийгээсэй гэж боддог. Харин мөнгөөр цацаж рекламдаад, нэг удаа тоглоод хүний зүрх сэтгэлд хүрэхгүй тоглолт хийснээс чанартай, цөөн үзэгчтэй дахин ирэх сайхан сэтгэгдэл үлдээхийн тулд менежментээ хийдэг.
-Хүмүүс дууриас илүү хошин шог үзэх юм. Та хүмүүсийг сонгодог урлаг руу “дурлах “ямар менежмент хийдэг вэ?
-Театр маань байгуулагдсан цагаасаа оюунлаг, гэгээлэг, танин мэдэхүйн менежментийг хийсээр ирсэн. Би урлагийн бусад бүх жанруудыг хүлээн зөвшөөрдөг. Сонгодог урлаг бол хүн төрөлхтний, ардын урлаг эх орны, орчин цагийн урлаг өдөр тутам хувьсч байдаг учраас энэ гурван урлагийг хооронд нь харьцуулж болохгүй. Сонгодог урлагаар тухайн орны хөгжлийг тодорхойлдог учраас өрсөлдүүлэх нь буруу. Урлагийн төрлүүд жамаараа л хөгжинө.
МОНГОЛД ДУУРЬ, БАЛЕТЫН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ ХОВОР БАЙНА
-УДБЭТ хэмээх их айлд дэлхийн хэмжээний дуурь, балет тавигдах болж. Та театрынхаа гадаад харилцаанд их анхаарах юм аа?
-Хөгжмөөр илэрхийлэгддэг театрын үнэ цэнэ бусдаас ялгардаг. Хөгжмийн ертөнцөд ямар ч орчуулга хэрэггүй. Сонгодог урлагийн төрлийг даяарчлалын бэлгэ тэмдэг гэж үздэг. Тиймээс дотоод үйл ажиллагаанаас гадна гадаад харилцаа менежментэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Бидний тоглодог сонгодог уран бүтээлийн зохиолчид нь гол төлөв П.И.Чайковский, А.Адан, ДЖ.Верди, Ж.Бизе гэх мэт. Гадаад харилцаа гэдэг бол манай урын сангийн томоохон хэсэг юм.
-Зарим хүмүүс Монголын сонгодог уран бүтээлийг тайзнаа амилуулахгүй байна гэж шүүмлэх юм. Та энэ талаар ямар байр суурьтай байна?
-Ямарваа нэгэн шүүмжлэлийг хоёр талаас нь авч үзэх хэрэгтэй. Манай театр сүүлийн найман жилийн турш бүтэн жилийн програмаа бэлтгэдэг болсон. Манай театрын менежментийн гол хэсэг нь дэлхийн сонгодгуудаас гадна үндэсний сонгодог бүтээлүүд байгаа. Харамсалтай нь өнөөдөр дуурь, балетын хөгжмийн зохиолчид ховор байна. Ер нь байхгүй гэж хэлж болно. Б.Шарав Х.Билэгжаргал, Д.Лувсаншарав, Ж.Мэнд-Амар, Б.Дамдинсүрэн нарын гарын хуруунд багтамгүй хөгжмийн бүтээлүүд л байна.
-Сонгодог урлагийг сэхээтнүүдийн урлаг гэдэг. Орчин үед сонгодог урлагийн үзэгч нь хэн байх ёстой юм бол?
-Сонгодог урлагийг хүн бүр ойлгох албагүй. Уран бүтээлчид энэ урлагийн нууц, гайхамшгийг мэдрүүлэхийн төлөө зүрх сэтгэлээ зориулж ажилладаг. Та сонгодог бүтээлийг заавал ойлгох гээд өөрийгөө зовоох хэрэггүй. Та зөвхөн таашаал аваад л орхи л доо. Түүхэндээ энэ урлагийг чинээлэг хүмүүс хөхиүлэн дэмжиж, хөгжүүлж ирсэн. Өнөөдөр оюунлаг хүмүүсийн хэрэгцээ болсон.
-Энэ цагийн сонгодог урлагийн оргилуудыг нэрлэ гэвэл?
-Олон хүн бий. Манай театрын ягаан байшинд 270 орчим уран бүтээлч ажилладаг. Монголын соёл, урлагийг тэргүүлэх өнөр гэр бүл учраас энэ театртай холбоотой бүх уран бүтээлч үнэ цэнэтэй. Тиймээс бүгдийг нь оргил гэж нэрлэнэ.
-Монголын нэрийг дэлхийд “тамгалсан” уран бүтээлч олон гарч байна. Ер нь Монголын сонгодог урлаг дэлхийн хаана нь явж байгаа бол?
-Тухайн театрыг гадны уран бүтээлчидтэй хамтарч ажилладаг, гадаадад ямар тэмцээнд орж буйгаар нь, урын сангаар нь үнэлдэг. Монгол аль хэдийнэ дэлхийн төвшинд хүрсэн гэж хэлж болно. Түүнийгээ бататгах, чанаржуулж хөгжүүлэх л ажил үлдлээ. Гавьяат жүжигчин Э.Амартүвшин маань энэ сарын сүүлээр Испанийн Плачидо Домингогийн тоглодог театрт “Реголетто”дуурийн гол дүрд тоглоно. Удахгүй дэлхийн нэрийн хуудас “Большой” театрын 15 тэргүүлэх балетын жүжигчид ирж тоглох гэж байна. Манай театрын 150 хүн БНХАУ-ын Тянь жин хотод шинээр нээгдсэн “Гранд” театрт “Цөмөөхэй” балетыг тоглоно. Энэ бүгдээс дүгнэхэд Монголын сонгодог урлаг ямар төвшинд байгааг хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх.
СОЁЛГҮЙ ҮЗЭГЧ, МУУ УРАН БҮТЭЭЛЧ ГЭЖ БАЙДАГГҮЙ
-Ажил бол хоёр дахь гэр гэдэг. Уран бүтээлчдийнхээ ажиллах нөхцөлд хэрхэн анхаарч байна вэ?
- Гэрийн эзэгтэй хүн гэрээ аятай, тухтай байлгахыг хүсдэг. Тэр утгаараа хийх зүйл их байна. Театраа бага багаар засаж л байна. Их зүйл хэрэгтэй байгаа.
-Салбарын шинэ сайдтай болсон. Сайддаа уран бүтээлчдийнхээ нийгмийн асуудлыг шийдэх ямар хүсэлт тавьсан бэ?
-Салбарын сайдад манай байгууллагаас гадна харьяа таван байгууллага нэгдээд, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ямар асуудлыг тусгах талаар олон саналуудыг багцлан өгсөн. Засгийн газраас хэрэгжүүлдэг “Сонгодог урлаг” хөтөлбөр сайн санхүүжилттэй батлагдаж байгаа. Төрөөс олон төслүүдийг маань дэмжиж байна. Театрын барилга засварын ажил бага багаар ахиж байна.
-Сонгодог урлагтай тайз, чимэглэл, хувцас, дүр хувиргалт гээд олон зүйл хамт байдаг. Энэ бүхэн цаг үетэйгээ зэрэгцэж чадаж байна уу?
-Театрын урлаг өөрийнхөө жамаар хөгжиж байна. Дэлхийн стандарттай зэрэгцэн алхаж байгаа. Түүний төлөө ч ажиллаж байна.
-Ямар ч салбарт хойч үеэ бэлтгэх нь чухал. Сонгодог урлагийг заавал гадаадад сурч, мэргэжил дээшлүүлдэг үү?
-Урлагт авьяас давамгайлж байж гарч ирдэг. Одыг харин төрүүлж болдог. Тиймээс авьяаслаг уран бүтээлч өөрийгөө хайрлаж, үнэ цэнээ мэдрэхийн тулд авьяасаа хөгжүүлэх шаардлагатай. Сүүлийн жилүүдэд Засгийн газрын “Сонгодог урлаг” хөтөлбөрт дэлхийн хөгжингүй орнуудын урлагийн том сургуулиудад суралцах тэтгэлэгүүд ирж байна. Харин манай залууст хэлний бэрхшээл тулгардаг. Хэчнээн авьяастай байлаа ч өөрийгөө хөгжүүлэхийн тулд боловсрол өндөр байхыг шаардаж байгааг бүгд анхаарах цаг болжээ.
-Гадаадын өндөр хөгжилтэй оронд сонгодог тоглолт үзэхийн тулд жилийн өмнөөс захиалж, гадаад үзэмжиндээ хүртэл анхаардаг гэсэн. Монголын үзэгчдийн соёл ямар төвшинд байдаг гэж боддог вэ?
-Үзэгчдийн соёл олон зүйлээс шалтгаална. Энэ бол бүх нийтийн үйлс. Зөвхөн нэг театр юм уу, урлагийн байгууллага шийдэхгүй. Соёлгүй үзэгч, муу уран бүтээлч гэж байдаггүй. Хүнд гэр бүл, найз нөхөд, ажил гэх мэт орчин нөлөөлдөг. Үзэгч, тоглогч хоёрын нэгдэж чадах тохиолдлыг сайн уран бүтээл гэж нэрлэдэг. Миний менежментийн гол зорилго энэ нэгдлийг үүсгэхийн тулд ажиллаж байна.
-Танай театрт Германы уран бүтээлчид зочилсон гэж дуулсан. Театрын цаашдын төлөвлөгөөнөөс танилцуулахгүй юу?
-Германы Дордмунтын камерны оркестрын удирдаач гурван хөгжимчинтэйгээ ирчихсэн байгаа. Театрын маань дараагийн зочин Америк, Английн уран бүтээлч байна. Энэ жил Орос, Хятад, Итали, Франц, Герман, Америкийн уран бүтээлчидтэй хамтран ажиллахаар гэрээ хийсэн. Энэ жил манай театрын 50 дахь улирал тохиож, ирэх жилийн тавдугаар сард ойгоо тэмдэглэнэ. Энэ сард ДЖ.Вердийн алдарт, “Реквием” манай тайзнаа дахин эгшиглэнэ.