Ч.ҮЛ-ОЛДОХ

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч,сэтгүүлч Ай.Төмөр-Очиртой ярилцлаа.

-“Болор цом-34” яруу найргийн наадам Дорнод аймагт боллоо. Наадмын эргэн тойронд  сэтгэгдлээсээ хуваалцаач?

-“Болор цом”наадамд оролцоод ирсэн. Би юмыг  сургаар шүүмжилж ярих дургүй.  Нүдээр үзэж,чихээр сонсч байж асуудалд ханддаг. Сая “Болор цом”-ын эхний шатанд шалгарсан. Оролцох эрхийнхээ дагуу очиж шүлгээ уншлаа.Тэндээс юу ч  горьдож яваагүй.  Гагцхүү үнэнийг мэдээд, дуулаад ирье гэсэн  юм. Ноднин  би “Болор цом”-ын боодогны чулуу. Хагарлаа” гэж шүүмжилсэн.Энэ жил “Болор цом”ын боодогны чулуу хагарчихаар, юу болдог юм бол гээд үзсэн. Яваад ирлээ, наадам сайхан боллоо. Дорнод аймаг маш сайн зохион байгуулсан. Хоол хүнс, машин тэрэг, найрагчдын тав тух гээд ямар ч асуудалгүй. Үнэхээр сайхан зохион байгуулсан. Дорнод 70 мянган хүн амтай том аймаг.  40 мянга хүн  аймгийнхаа төв дээр ажиллаж амьдардаг. Хүн ам олонтой, сайхан театртай юм. Үзэгчид пиг дүүрэн байсан. Зарим нь  “Болор цом”  болно гээд Улаанбаатар руу гоёлын дээл захиж авчрууллаа. Үсчин, гоо сайхны газрууд  үйлчилгээгээ өргөтгөсөн. Олон сайхан уран бүтээлч, оюуны сор болсон хүмүүс ирнэ , том наадам болно гээд бэлтгэсэн” гэж хэлж байсан. Залуус олон, билет нүдний гэм байлаа.Бүр100 мянгаар авъя гээд олдохгүй байна гэж байсан. Тийм үнэ цэнэтэй наадам болно гэж бодсон,болсон. Би явахаасаа өмнө хэлж байсан.Дорнод аймгийн Чойбалсан хот бол  бол Монголын 21 аймгаас бөмбөгдөлтөд  өртсөн ганцхан хот юм. Тэгэхээр Дорнодын “Болор цом”дээр бид үрлэн бөмбөг шидэхгүй, үгэн бөмбөг шиднэ  гэж.Дорнодын сонин, хэвлэл миний үгийг  авч тавьсан байна лээ.  21 аймгаас ихэнх нь   Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнуулсан байдаг.Ганцхан Дорнод аймаг л  Цэргийн гавьяаны Улаан тугийн одонтой. Эх орны төлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан олон баатруудын үр сад, Дорнодын ард түмэн бол баатарлаг ард түмэн гэж би ойлгодог. Наадам болдгоороо боллоо. Сайхан болсон. Гагц “Болор цом” маань өөрөө “Болор цом”-ын дайтай байж чадсангүй. “Болор цом” хөгжлийнхөө зүй тогтлоор явдаг байсан бол будилаад хэдэн жил болж байгаа. “Болор цом”-ын 30 яруу найрагчийг эн тэргүүнд хэлэхэд, тэдний  дотор яруу найргийн төрөлд  энэ жилийн  “Алтан өд” авсан Я.Баяраа гэж сайхан уран бүтээлч байсан. “Болор цом”-ын эзэн,том яруу найрагч  Арлааны Эрдэнэ-Очир байсан. Олны анхаарлыг татсан, сайхан бүтээлтэй найрагч олон байлаа. Тэр болгон  “Болор цом”-д ногт ганзагалдаг, зарим нь хазаар   ганзагалдаг. Заримнь даага хөтөлж очдог. Энэ жил ч тийм л байсан байх. Харин цом маань цом байж чадсангүй.Тиймээс  ““Болор цом”-оо боож аллаа, баяртай гэж ах нь  бодож явна.

-“Эргэж ирнээ, гэрээ  яг энд барина гээд Дарьгангынхаа талд гэрийнхээ буйрыг засчихаад явсан  шүү,  Данзангийн Нямсүрэн ах минь. Сүнс нь  Сүхбаатар руу харж байгаа. Та нар мэднэ үү гэж”  би “Болор цом” болохоос хэдхэн хоногийн өмнө өөрийнхөө цахим хуудаст Дорнодынхон руу  хандан  бичиж байлаа. Тэр ч ямар хамаа байхав. Ямартай ч  энэ жилийн цомыг Сүхбаатар  аймгийн яруу найрагчид өглөө? 

- Сүхбаатар  аймгийн яруу найрагч түрүүлсэн. Тийм байхад би баяр хүргэхгүй байж чадаагүй Хамт зургаа татуулахгүй байж чадаагүй. Сүхбаатар аймгийн яруу найрагч “Болор цом”-д түрүүлснээр Сүхбаатар аймгийн яруу найрагчдын нэр хүнд асар их уналаа.  Сүхбаатар аймгийн яруу найрагчдын бүтээл, ундарга гэдэг “Болор цом”-д багтдаггүй юм. Монголын төрийн төлөө, эх орныхоо  тусгаар тогтнолын төлөө дуугардаг, ийм галтай, оюун ухааны түймэр шиг яруу найраг асч дүрэлзэж байдаг. Миний хувьд үгэн бөмбөгөө мултлаад ирсэн. Би “Чоно ер нь яасан юм бэ”, “Баяртай” гэж Монголын нийгмийн тухай, эдүгээ цагийн улс төрийн тухай  шүлгүүд уншсан. Олон түмнийхээ алга ташилтаар мялаалгаад ирсэн, түүндээ их баяртай байгаа. Олон ч “Болор цом”болох байх. Одоо би  “Болор цом” наадамд дахиж орохгүй. Боллоо, баяртай. “Болор цом”-оо боож аллаа. Дахин дахин хэлэхэд баяртай.

-“Болор цом” болохын өмнөхөн “Өдрийн сонин”  цомд шүлгээ унших 30 найрагч дотор эхлэн бичигчид голдуу үлдлээ гэж тоймлосон  байсан. Сошиалд “Сонгуулиар Ардчилсан  намд ажилласан   найрагчдыг  цомын шалгаруулалтаас хасчихсан” гэсэн  сэтгэгдлүүд байсан.  Бас  зарим нь “Болор цомыг   Ардын намын сонгуулийн цалин, цагаан сарын бэлэг” гэсэн байна лээ...

-Тэрийг мэдэхгүй юм,би хараагүй.   30 найрагчийн ихэнх нь залуус байсан. Залуучуудаа дэмжинэ гэсэн. Ер нь бол тэр  түрүүлнэ гэдгийг  би “Болор цом” болохоос 20 хоногийн өмнө дуулсан. Гэвч “Арай ч үгүй байлгүй”гэж бодож байсан. Нөгөө талаас манай Сүхбаатарын найрагч анх удаа авах гэж байгаад баярлаж байсан. Гэхдээ юманд үнэ цэнэ, мөн чанар гэж байдаг бол тэр үеийн нөхцөл байдлыг харлаа, урамшууллыг нь харлаа,  манай  хүн тэр шөнө байрандаа ирээгүй. Найз нөхдөө гаргаж өгөөгүй. Түрүүлсэн бөх баяртай байна биз дээ, уг нь. Найз нөхдөө гаргаж өгөөд,өөрөө бас үдүүлээд, үнсч тэврээд  явна биз дээ. Тиймээс  “Болор цом” болоогүй гэж ойлгож байгаа. “Болор цом”-оо өгөөгүй шүү дээ. МҮОНРТ “Янжинлхамын хөрөг”-өө өгсөн,цом байгаагүй. “Болор цом” дээр чинь “Болор цом”болж  байж,  өнгөрсөн жилийн  “Болор цом”-ын эзэн Ц.Эрдэнэбаатар очиж наадмаа нээж, мялаалгын шүлгээ өргөж, булган сүүлтэй байлаа гэж хөшгөө нээдэг ёстой.  Энэ чинь бичигдээгүй хууль, 33 жил энэ жаягаар явж  ирсэн. 34 дэх жил дээр тэр уламжлал тасарсан. Хүмүүс “Болор цом”-ыг аваад л болоо юу. Ноднингийн цомын эзэн наадмаа нээгээгүй,цомоо эзэнд нь  өгөөгүй. Тэгэхээр “Болор цом” наадам биш. Би хувьдаа биш гэж үзэж байгаа. МЗЭ энэ жил дахиад  ”Болор цом” хийх юм байлгүй. Цага хугацаа байна шүү дээ. Манай утга зохиолын нэртэй шүүмжлэгч П.Батхуяг  гэж шүүмжлэлийн чиглэлээр  “Алтан Өд” шагналыг  энэ жил долоо дахь удаагаа шагнуулсан залуу бичсэн байна лээ.“Хайран ч яруу найраг минь дээ, хайран ч яруу найрагчид минь дээ” гэж. Өөр үгээр яахав.  Яруу  найрагчид  ингэж  тоглоом боллоо. Яруу найрагчдыг ингэж  толгой дараалан буудаж байгаа энэ үйл явц олон жил  явсан.  Б.Галсансүх  ерөнхий шүүгч хийсэн. Нутгийн дүү,Сэцэнханы  сайхан найрагч. Одоо би түүнийг хүндлэхгүй. Хүндэлж болохгүй байна. Би Бавуугийн Лхагвасүрэнг ч хүндлэхгүй. Ардын уран зохиолч  Д.Цоодол, Т.Галсанг ч хүндлэхгүй.

-Яагаад ?

-Яагаад гэвэл, ”Болор цом”-ыг чинь новшнууд авдаг юм байна шүү дээ. Тэр залуу “Болор цом” авчихлаа, тэдний дайтай юм байна гэж харагдахаасаа илүү тэр новшууд чинь ийм л новшнууд юм байна шүү дээ гэж  ингэж харагдаж байна  шүү дээ. Ер нь бол уртааш нь харахад, хүмүүс олон мэдээлэл ярьж байна. Би дотор нь уран бүтээлээ мэднэ, улс төрөө мэднэ. “Болор цом”-ыг өөрсдийнх нь  төрүүлсэн үр могойнууд боож аллаа. Олон “Болор цом” –ынэзэн, олон үр могойнууд бий. Би өнөөдөр тэдэнтэй наргиагүй  үнэнийг өчиж байна. Ноход долоож иддэг, ноёд булааж иддэг. Хэрэм цөмж иддэг,хэнбугай цөлж иддэг. Боорцгийг уутнаас   хулгайлдаг,  “Болор цом”-ыг улс төрөөс авдаг болжээ.”Болор цом”-ыг аврах аавын хүү  байдаг боловуу гэсэн алга байна. Монголчууд захын хүн гоо сайхны өндөр мэдрэмжтэй, өндөр боловсролтой ард түмэн. Ийм мундаг  ард түмэн. Ярих нь хүртэл яруу найраг байдаг. Ийм ард түмний дунд яруу найрагч байх хэцүү гэж Р.Чойном бичиж  байсан. Гэтэл ийм л сонин хөгийн юм болчихлоо. Бид яруу найргаа хөгжүүлэхгүй ч гэсэн мөлжүүлэхгүй баймаар байна. Дорнын их найрагч Б.Явуухулангийн  “Хүлэг минь, шүлэг минь чи бидэн хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” гэсэн. Одоо “Хүлэг минь,шүлэг минь чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэггүй. Мөнгө хэрэгтэй, улс төр, ая тал засах найз нөхөд хэрэгтэй” болж.  “Болор цом” –оор бол шалаа арчлаа,алаад хаячихлаа. Наад ”Болор цом”-ыг чинь цагтаа хүмүүс амаараа ч авсан юм байна, алаараа ч авсан юм байна. Өнөөдөр үнэхээр тартагтаа туллаа. Эцэстээ туллаа.

-Сүхбаатар аймгийнхан  мундаг найрагчидтай.Монголын оюун санааны том төлөөлөгчид энэ л нутгийнх.Та түрүүнд “Сүхбаатарын найрагч цом авсан нь Сүхбаатарын найрагчдын нэр хүндийг унагалаа” гэсэн. Өөр нэг эрхмээс сонссон үгээ би хэлчих үү?   

- Сонсъё.

-Эрх баригч Ардын нам Сүхбаатар аймагт иргэдийнх нь сонголт,итгэл сэтгэлийг  доромжилж, аймгийн удирдлагыг хууль бусаар тавьчихсан. Жишиг аймаг болж сүүлийн найман жил хөгжиж байсан энэ нутгийг, нутаг орноо сайхан болгож  зүтгэж явсан олон залуус, боловсон хүчнийг халж,сольж,ажил амьдралаар нь тоглож,  оронд нь   энд тэндхийн хулгай луйвартай холбогдож нэр нь сэвтсэн хүмүүсийг аваачиж   тавьж  байна. Тэд  Сүхбаатарыг хөгжүүлэхгүй. Одоо иргэд нь бухимдалтай, Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардын намын дарга манай аймагт ирвэл шороогоор булж хөөнө” гэцгээж байна. Үүний даруулга болгож, зөөлнөөр хэлбэл сүхбаатарчуудын омогшлыг нь дарах гэж  гэж, хатуухан хэлбэл нохойд шидсэн яс  нь “Болор цом” гэх хүн ч байна лээ....

-Тийм гаргалгаа хэлж байгаа хүн байгаа бол тэр хүний л  олж харсан зүйл байх. Гэхдээ зөв хүндээ “Болор цом” өгсөн бол нэр хүндийг нь өсгөдөг  юмуу, үнэ цэнэтэй байж чадна. Түүнээс буруу хүндээ өгсөн бол дахиад л Сүхбаатар аймгийн улс төр бузартана. Энэ Сүхбаатарын ард түмнийг баярлуулахгүй байгаа. Д.Сэнгэдорж гэж манай нутгийн сайхан багш, манай нутгийн сэхээтэн байдаг. Саяхан цахим хуудсаар дамжуулж захидал бичсэн байна лээ. “Их Дашбалбарын аваагүй,Данзангийн Нямсүрэнгийн аваагүй,Гомбожавын Мэнд-Ооёогийн аваагүй, адаглаад Ай.Төмөр-Очирын аваагүй “Болор цом”-ыг чи авлаа шүү, Энэ том цомыг чи даах юм уу”гэж харамсан бичсэн байна лээ.  Би бол нутгийн залуугийн хувьд юм ярих хэрэг алга. Би баяр хүргээд гарсан.Би  тэгэх ч жудагтай эр хүн. Цаана нь Монголын яруу найргийг харах юм бол дуугарахгүй байж болохгүй байна. Энэ их эмгэнэлтэй.  Адаглаад яруу найрагчийг  уран бүтээлч талаас нь,хүн талаас нь харах ёстой. Тэгээд хүн болж  чадаж уу,үгүй юу.  Уул уурхайнхан  хамаг баялгийг  ухаад байхгүй болголоо, дуусгалаа гэдэг, тусгаартогтнол хэцүүдлээ гэж халагладаг. Түүнээс илүү тусгаар тогтнолын чиньтом баталгаа бол  оюуны том соёл, баялаг. Оюун ухааныг ингэж онгичиж, тонхичиж,гавал  тархийг гашилгаж улстөр,  бизнес хийх ийм юм бол   тартагтаа тулна, эцэстээ хүрнэ. Монголын яруу найраг ийм  гутамшиг байгаагүй. Үнэхээр гудамшиг боллоо, гутаж байна.  Зохиолчдын хорооны удирдлагын тухайд  Гүйцэтгэхзөвлөл гэж хэдэн хүн байна. Нөгөө талдаа М.Саруулдалай гэж гүйцэтгэх захирал байгаа. Ёстой шаварт ойчсон шарын эзэн гэгчээр маш сайн зохион байгууллаа, “Болор цом”-ыг. Ганцхан эрх мэдэл нь хүрээгүй. Дээрээс нь лантуудсан,мөнгө төгрөгний,эрх мэдлийн лантуугаар “зодуулсан”. М.Саруулдалай магадгүй дургүй нь хүрээд өөрөө цомоо өгөлгүй, зуураад үлдчихсэн байх. “Болор цом”сайхан боллоо, бүх ажил сайхан явлаа. Ганцхан түрүүлсэн хүн маань биш байна аа”  гэж ярьж явсан сурагтай байна лээ. “Болор цом” мөн,бишийн тухай би түрүүнд хэлсэн. Биш бол дахиад хийх юм байлгүй. Мөн бол баяртай. Олон залуу яруу найрагчдыг би дараа, дараачийн  “Болор цом”-д орохгүй байхыг уриалж байна.  “Болор цом” гэдэг яруу найргийн түвшинг тодорхойлдог юм биш.Анх 1983 онд байгуулагдсан. 1992 оны есдүгээр сарын 15-нд  Монгол Улс социализмаас зах зээлд орсон.  Тэр нийгмийн яруу найргийн үнэлэмжийг тогтоож байсан энэ наадам болмөн чанараараа биш болчихсон. Өнөөдөр хоёр нийгэм сольчихоод байна. Дараа,дараачийн нийгэм  шинээр гарч ирчихээд, бүх салбарт шинэчлэл явагдчихаад байна. Ганцхан Монголын яруу найргийн түвшинд  энэ л шалгуураар явж, түүгээр яруу найргийг ойлгож, хэмжиж байгаа нь харамсалтай.

-Та “Болор цом, баяртай”гэж тэр тайзан дээр нь хэлбэл хэлчих л байсан байх?

-Би зодог тайллаа гэж тэнд хэлбэл хэлмээр санагдсан. Гэхдээ авьяас тэтгэвэрт гардаггүй. Ай.Төмөр-Очир  зодогт тайлж болно.  Эх орон ч зодог тайлдаггүй юм. Би дахиад ч үнэний  төлөө дахиад ч дуугарах болно. Миний зэвсэг шүлэг яруу найраг байдаг. Би  зодог тайллаа гээд дуугарахгүй байх юм уу. Үнэн үгийн цэц, оргилоос би хэзээ ч  буухгүй. Эх орончийнхоо хувьд дуугарна, үнэн үгийг хаана ч хэлнэ. Тэр ч утгаараа чамд ярилцлага өгөөд сууж байгаа юм. Энэ нээх жижигхэн асуудал,  Ай.Төмөр-Очир нутгийнхаа хүүхэдтэй зууралдаад  гэж харвал, эндүү. Монголын тусгаар тогтнолын том ноён оргил нурж байхад бид инээгээд сууж байж болохгүй. Монголын оюун санааны ертөнц элсэн цөл боллоо. Удахгүй МЗЭ-ийн их хурал болно. Монголын оюуны ертөнцийнхөн нэгийг бодож, хоёрыг тунгааж байгаа байлгүй. Монголын зохиолчид энэ байгууллагаа аврах юм уу. Алах юм уу. Зөнд нь орхиж,  ганд нь хаях юмуу. МЗЭ-ийн  нэрийг барьж олон сонин хүмүүс мөнгө төгрөг мөрөөдөж,олон ч удаа хулгайн буруу замаар ажил явагдаж байна. Саяхан UB паласт Ш.Билэгсайхан гэдэг яруу найрагч “Эх орны төлөө”яруу найргийн  наадмыг явууллаа гээд  том  үнэтэй билет зараад,Их хурлын 76 гишүүд  ивээн тэтгэгчтэй юм хийсэн. Явж очоод оролцсон,үнэхээр сонин санагдсан. Доктор, профессор Галбаатар тэнд  шүүгчээр сууж байсан. Цаана нь Улаанбаатарын их сургуулийн багш Г.Билгүүдэй,доктор Цэвээндорж нар харагдсан.    Галбаатар багшийг байхаар нь сайхан наадам болж байгаа юм болов уу гэж бодсон.Олон сайхан залуу найрагч шүлгээ уншина лээ. Гар дээр нь таванцаас ч тавилгүй,өөрөө түрүүлээ, 10 сая төгрөг авлаа гэсэн. Энэ эмгэнэл. Манай зохиолчид, доктрууд,томчууд  турж үхэх гээд байгаа бол байгууллагууд  цалинг нь нэм. Анх Л.Хасарыг тэр жил  “Болор цом”-д түрүүлэхэд  Б.Лхагвасүрэн,  Б.Догмид, Галбаатар гурав шүүсэн. Би тэр үед “Богд уулын буга хог ухсаар байгаад цуснь ойртож үхэж дууссан даа. Монголыних утга зохиолын томчууд ингэж цус ойртож үхэл дээрээ ирж байгаа юм болов уу” гэж хэлж   байсан. Тэр хэдэн жилийн өмнөх явдал. Одоо цус ойртох юу ч биш, томчууд баасны хэрэгт  хутгалдах хэмжээнд хүрчээ.

-Сая Дорнодын “Болор цом”-д   ганцхан Соёлын гавьяат зүтгэлтэн оролцсон нь та байв уу?

- Тийм ээ, би ганцаараа очиж оролцсон. Ер нь гавьяат аваад дуугүй суух ёстой юм уу. Би харин гавьяат аваад илүү их эрч хүчтэй байх, уралдаж тэмцэлдэх, түмэн олондоо үнэн үгийг  хүргэж явах ёстой л гэж ойлгож байгаа шүү  дээ.

-Ер нь тэгээд цомын онцлог,сонин,содон юм нь юу байв даа?

-Тэр жил Б.Галсансүхийг түрүүлдэг жил  даага өгч байсан. Энэ жил даага хөтөлж гарч ирсэн. Даага хөөрхөн байсан. Ирэх жилээс илжиг хүртэл хөтөлж гарч ирж  мэдэх л байх.Аягүй бол Хятадаас, орон гүрний цаанаас ивээн тэтгэх юм байна.  “Болор цом” дэндүү мөнгөний өмнө мөлхөж байна. Өнгөний өмнө өнхөрч байна. Энэ үгийг би олон утгаар хэлж  байна. “Болор цом”-оо бодооч,өрөвдөөч гэж байгаа юм. Та нарыг хүний зэрэгт хүргэсэн энэ сайхан яруу найргийн наадмыг  битгий боож алаач, битгий үр могойн зан гаргаад байгаарай. Ингээд ярилцлагаа дуусгачихая. Хэнийг хэлж байгааг өөрсдөө мэдэж байгаа байх аа.

-Сониноос Дорнод аймагт болсон “Болор цом”   Монголын яруу найрагт мөр зэрэгцэж явсан  Дарьгангын “Шадар гурав”-ын нэг Данзангийн Нямсүрэнгийн 70 насны ойд зориулсан наадам байлаа. “Шадар гурав”-аас Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч  Г.Мэнд-Ооёо  л амьд сэрүүн байна. Яагаад очоогүй юм бол?

- “Болорцом”-д хамт явах гэж байгаад гэнэт больчихно лээ. Хашир нэг юм мэдээд больсон  байх. Би  харин Г.Мэнд-Ооёо ахдаа мэлмэртэл уйлаад  очноо. Яаваа,миний дүү гэвэл, “Манай аймаг  Болор цом авчихлаа шүү дээ гэж. Бид ингэж доошоо орох гэж дээ”  гэж хэлнэ.

Эх сурвалж: www.polit.mn