Ижий тахилгат ууланд очихуй

 Цэцэгс бороо зүүдэл­сэн, тэнгэрт үүлгүй үдийн халуунд Зураа сүмбэрийн уулс зургийн хайрхан шиг дүнхийнэ. Дуунд шимтсэн малчид малгай духдуулан тухална. Зундаа л золгодог хүүхнүүд хоргой ханцуй зөрүүлнэ.

Арбулагийн ард түмэн дууны найрагчдын өлгий, эх орон . “Гайхмаараа”-гийн Ж.Бадраа гуай, “Бодлын цагаан хун”-гийн Амгалан, “Бургас модны альхан зүгээс бултайж нуугдсаар ирэх болоо”-гийн Х.Найдан, “ Будантай буурал хорвоо”-гийн Ч.Дагвадорж багш цөм Арбулагийн унаган үрс нь. Улсын гавьяат жүжигчин А.Нэргүй уртын дуу уянгалуулахад ч, Олон улсын шагналт дуучин П.Ганбат гайхам сайхан дуулахад ч, саран мишээх мэт инээмсэглэх А.Долгор шаггүй бахтай  дуулахад ч сонсож чагнаснаас бус шагшиж гайхалгүй сууснаа  “Бог­дын лүндэнтэй Бү­жиймаа” гэдэг шинэ­хэн дууг алдаршаагүй залуу дуулахад чагнан, шагнан сууж_ бадаг дуусаагүй байхад барим том алга­нуудаа байн байн ташив аа. Мөн өмнийн говийн зочин Ц.Оюун­баатар, Хөвсгөлийн уугуул Т.Сэр-Од нарын зохиосон

“Арбулагийн хайлаас” дууг залуу дуучин Ш.Цог­золмаа дуулж Арбула­гийнханд өргөв. Үзэгчид алга ташин халуун дотноор хүлээн авлаа. Мориор, мотоциклээр ирсэн хөдөөгийн энэ улс шинэ сэргэгийг олж харах, онож үнэлэхдээ гарамгай нь гаатай.

Арбулагийн дэлгэр зун дэргэд налайж, торгон дээлтэй хүүхнүүд хөт­лөлцөн уяа руу явах гэснээ Улсын гавьяат жүжигчин Г.Тэрбишийн баянхуур хөгжимд хоргодон “танцлах уу” гэлцэв. Хоргой дээлтэй хүдэр эрс  мотоцикл руугээ нэг явах  гэснээ  хошууран ирж бүжиглэж гарав. Гайхмаар сайхан, бишрэмээр энгүүн. Уяа дүүрэн морьд толгой хаялан ялаархан, унаж яваа эзэд нь хөл нийлүүлэн бүжиглэж Ар­булагийнхан Арбулагтаа жаргаж сууна.

Холын гийчин Зоригийрэнбүүчий гуай нас их дээр гарсан ч Хөвсгөлийн Арбулаг  суманд буй Ижий уулыг зорин ирсэн нь замын дагуу яваа юм яав ч биш. Зоригийрэнбүүчий гуай Дорнод аймгийн Халх гол сумын хүн гэнэ. Хил дээр Буйр нуурын эрэгт төрсөн, дөрвөн настай байхдаа Монгол улсаас  Төвдөд ном үзэхээр очжээ. Цагийн байдал түг­шүүртэй, сэтгэлийн дотор үзсэнээ дуусгах тангараг­тайн учир Цаст Жагар орноос Өмнөговийн Да лам Очир дарь гуайтай хоёул Дилав гэгээнийг Америк гарахаар нь хойноос нь очсон байна. Тэд буддын сүм байгуулж, буян номоо үйлджээ. Дэлхийн 30 гаруй орноор явсан энэ Рэнбүүчий Далай ламыг багад нь үүрч явдаг байжээ. Нэг удаа Далай ламын ээжтэй тааралдан тэр эх Далай ламд хэл хүргэснээр амьдрал нь дээшилжээ. Одоо Гүмбэнд эдлэн га­зартай Зоригийрэнбүүчий гуай уншлагаа ер таслахгүй , Дорнодын хүн тааралдвал Буйр нуураа сураглаж суух юм. Соёлын Гавьяат зүтгэлтэн Ч.Дагва­дорж багш өнгөрсөн зун Арбулагийн уураг шаргал боржин хадан дээр ээжийнхээ дүрийг цохиж, өөрийн алдарт “Ээж минь дээ” дууны

 “Будантай юу  буурал хорвоодоо

Бүүвэйлж өсгөсөн ээж минь дээ хө

Буруу юу зөв хоёрыгоо

Ухааруулж өсгөсөн ээж минь дээ.. “ гэдэг бадаг шүлгийг нотын хамт  бичиж үлдээн , алтан боронзоор өнгөлжээ.

Хад цохио бүхэн өөрийн хэлээр ярьдаг бол “ хайрлаж яв ээжийгээ “ гэж цуурай нийлүүлэн байх шиг.

Замд тааралдсан нутгийн хүмүүс “Ээж хад” орох нь уу гэлцэх нь энэ уул  “Ээж хад” гэж алдаршиж байгаа нь энэ буй за.

“Сайн хүү ээжийгээ уул болгох юм даа _Шувуу л хүрэх өндөрт ээжийг мөнхөллөө” гэж Ш.Сүрэнжав гуайн гэргий Цэнд ажаа, Д.Бадарч гуай нар  ярьж очсон хүн бүр хадаг өргөв өө.

Энэ сумынхан хурдан морио уралдуулж бөх барилдав. Их насанд Түнэл сумын уяач Намсрайдоржийн хээр, азарганд Алаг-Эрдэнэ сумын алдарт уяач Галбадрахын саарал түрүүлэв.

Аагим халуун наранд хурга ишиг хариулангаа Арбулагийн энэ хад чулууны сүүдэрт Дагваа багш бага насаа өнгөрөөсөн.

Саахалт айлын хүмүүс сүү ааруул зөөж байна. “Сайн санааны үзүүрт сүү” гэж энэ юм даа.

Айлын олон хүүх­дүүдийг чихрээр цатгаж барахгүй ч ая дуугаар сонорыг нь мялаалаа. Улсын гавьяат жүжигчин А.Долгор, П.Ганбат, Г.Тэрбиш, А.Нэргүй, Ц.Өлзий-Орших, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуай бүгд л хонио бэлчээрт орхиод ирсэн энэ жаахан хүүхдүүдэд хүслийг асааж, хүрэх алсын жигүүр, мөрөөдлийн цагаан хүлгийг нь эмээллэж өгсөн нь дамжиггүй. ээ.

Дууны яруу найргийн тухай үнэлэмж ч янз бүр байдаг. Нэг хэсэг нь аялгуу нь гол юм л даа гэнэ. Тийм хүмүүст:

-Та наадах үггүй аяа л гүнгэнээд байлдаа гэх хэлмээр санагддаг. Хэрвээ дууны яруу найргийг ингэж үгүйсгэвэл дуу төрөх гурван жигүүрийн хоёр нь л лав үгүй болж таарна. Зарим хүмүүн дууны яруу найргийг их л энгийн, гарын үзүүрээр хийж болох мэт, толгой холбосон, холбоогүй мөрүүд байх юм шиг санадаг. Тийм хүмүүст:

        -Эндүүрчээ. Дууны яруу найраг чинь хамгийн нандин, аялгуу нэхсэн үг байдаг шүү дээ гэж хэлмээр бодогддог.

            Дуу бас өөрийн цаг үетэй, хэмжээ хэмнэлтэй өөрийн гэсэн өнгө илэрхийлэлтэй байдаг. Тийм дээрээс ч он цагаар нь төлөөлөл болгож хориод оны, гуч, дөчөөд оны, жар, далаад оны дуу гэхмэтчилэн ярих, бичих нь буй хэмээн өчүүхөн миний номын өмнөтгөлд бичиж, намайг хайрлаж, хамгаалж, хал дол үзүүлж, сэтгэлийг минь баян, итгэлийг минь бат, амьдарлыг минь тунгалаг болгож байдаг хүн бол бидний Да багш юм. Дүйнхорын вангийн их номын дуутай өргөөний арц хүжсээс шавьдаа гэж илүүчилдэг, дандаа тайван амгаланг ерөөж, тарина уншиж аврал айлдаж хар хороос хамгаалж явдаг хүн бол У багшийн минь хүндлэлд бүрнээ багтаж байсан Да багш минь  дандаа л даалгавраа шалгаж байгаарай.

ДА багшийн минь байшин

 

Далай шигээ цэнхэр дээвэртэй

Да багшийн дүнзэн байшин

Давилуун нэгэнд бол жаахан байшин

Даржин шавь нарт нь бол

Далай багшийнх шиг гэгээн өргөө

Элгээрээ илүүрдэж, нуруугаар хахагч

Эцгийн шар харуулыг элээж барьсан

Банзны хээг дээлийн торго шиг тааруулсан

Дүнзний  эвийг буриад мужаан шиг өрсөн

Даруухан байшин Да багшийн минь өргөө

Давалгаатай өдөр багш маань

Байшин сууцандаа дуудаж

Даллагатай өдөр багш маань

Далайн мандалд заларч

Хэн хүн анзаармааргүй ч

Хэрэгтэй газартаа уригддаг зайран

Хүүхдийн үсний найр,

Хүүхдэд нэр өгөх заллага ер тасрахгүй

Хөх усантай сэтгэл нэгтгэж

Хөндүүр сэтгэлээ эдгээнэ

Хөрстөд төрсөнийх

Хөвсгөл минь ганц аа гэж омгорхоно

Далайгаас баян далай сэтгэлтэйд нь

Да багшийг хүмүүс хүндэтгэдэг

Дахин дахин урин залдагт нь

Даанч их баярладаг

Хүн баярлуулсан хүн л

Хөлд дарагдаж суудаг аж

Хөхрөгч далайн захад

Хүүхдэд эрдэм хүлхүүлж байдаг аж

Дандаа гэрэлтэй Да багшийн байшин

Далавчлах олон шувууд ч, шавь нар нь ч

Далай зорих мэт цуглардаг өргөө