Т.САЙХАН
“Бадрангуй урлаг” төрийн бус байгууллагаас 2017 оны эхэн дээр нэгэн зэрэг гурван бүтээлийг хэвлүүлэн уншигч олондоо өргөн барьж байна. “Найруулагч-багш Лайхансүрэнгийн Лхаасүрэн”, “Жүжгийн түүвэр”, Ёжи Гротовкси “Ядмаг театраас хөтлөгч урлаг руу” гэсэн бүтээлүүдийн нээлт өчигдөр СУИС дээр боллоо. “Зууны мэдээ” сонины ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Д.Отгонбаяр гавьяат жүжигчин Л.Лхаасүрэнгийн тухай “Найруулагч-багш Л.Лхаасүрэн” номоо уншигчдад өргөн барьсан юм. Энэхүү номыг нэрт найруулагчийн 70 насны ойд зориулан гаргажээ. Энэхүү уран бүтээлчийг үзэгч түмэн “Төгсгөл” киноны Мөнхөө, “Тус биш ус”-ын Осор зэрэг дүрээр хайрлаж, “Гарын таван хуруу”-ны Шагдар, “Ацаг шүдний зөрүү”-гийн Сорвитоор “адлаж” хайрладаг билээ. Номын зохиогч Д.Отгонбаяр ”Л.Лхаасүрэн эгэл аавын хүү, ах, хүний хань, аав. Харин Монголын театр урлагийн ертөнцөд драм, дэлгэцийн аль алинд өөрийгөө харуулж чадсан жүжигчин. Нөгөө талаасаа найруулагч. Монголын олонх найруулагч жүжиг, концерт тавих гээд оногдсон гэх үү, үндсэн гэх үү ажилдаа дагнадаг байхад харин энэ хүн жүжгийн зохиол орчуулдаг, бичдэг хүн байв. Орчуулахдаа инээдмийн жүжгийн дэлхийн оргилуудын нэг Мольерийг барьж авсан. Бас багш, сурган хүмүүжүүлэгч. Шавь нартаа яаж жүжиглэж, бичиж, орчуулж, найруулахыг үлгэрлэн харуулж заасан хүн. Багшлахын зэрэгцээ судалгааны ажил хийж байсан. Сэтгүүлчид болж байгаа үйл явдал, мэдээллийг олон нийтэд хүргэхдээ чухам юуг нь онцолж, аль талаас нь бичиж нийтлэх вэ гэдгээ “өнцөг” хэмээн томъёолж, хамгийн чухал гэсэн өнцгөө барьж нийтлэл нэвтрүүлгээ бичиж бэлтгэдэг. Харин Л.Лхаасүрэн гэдэг энэ хүний тухайд аль нэгийг нь гоцлон онцгойлохын аргагүй тул олон тал, олон өнцгөөс харах гэж хичээж, түүнийгээ аль болох баримт нотолгоогоор баяжуулахыг зорьж, “Найруулагч-багш Л.Лхаасүрэн” бүтээлээ толилуулж байна” гэлээ. Л.Лхаасүрэнг хүүхэд, залуучуудын жүжгээр дагнасан найруулагч, СУИС-ийн багш, жүжгийн зохиолч, дэлхийн сонгодог жүжгийн орчуулагч байсныг тэр болгон мэддэггүй. Орчуулсан, бичсэн жүжиг нь мөн л хүүхэд, залуучуудын гэж болох инээдэм, ёгтлол нэвт шингэсэн байдаг нь бас л онцлог. Л.Лхаасүрэнгийн орчуулсан болон өөрийнх нь бичсэн бүтээлүүдийг “Жүжгийн түүвэр” болгон ийнхүү баринтаглажээ.
“Бадрангуй урлаг” ТТБ-аас уншигчдадаа барьж буй бас нэгэн бүтээл нь театрын найруулагч, сурган хүмүүжүүлэгч, тайз-дэлгэцийн урлагийн онолч, тайзны урлагийн онол сурталыг шинэчлэхийн төлөө тэмцэгч Ёжи Мариан Гротовски гэх польш эрхмийн “Ядмаг театраас хөтлөгч урлаг руу” юм. Хөтлөгч урлагт хөтлөх “хөтөч”-ийн нэг болсон Ёжи Гротовскийн энэ бүтээлийг XX зууны найруулга зүйн шилдгүүдийн гол бүтээлүүдийг цувралаар хүргэж буй нэрт орчуулагч Н.Пүрэвдагва орчуулжээ. Нэрнээсээ эхлээд содон тусах энэ номын агуулга нэр шигээ сонин, содон. Баян театр, Балмад театр, Нүцгэн жүжигчин, ядуу театр, ядмаг театр гэж томъёолж, түүнийгээ тодорхойлж тайлбарласан нь хүртэл өвөрмөц бөгөөд шинэ. Дүр гээд жүжигчинд өгч байгаа цаасан дээр бичсэн хэдэн үгнээс эхлээд түүнийг бүтээх үйл явцад нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг дуу хоолой амьсгаа авах хэмнэл хүртэл нарийвчлан авч үзсэн гээд тун олон талтай.
“Ёжик Гротовскийн “Ядмаг театраас хөтлөгч урлаг руу” хэмээх энэ товхимол дан ганц урлаг, уран сайхныханд зориулсан бүтээл биш юм. Ганцхан жишээ хэлье. Жинхэнэ шавь байна гэдгийг багшийнхаа хийж байгаад зогссон тэр цэгээс цааш үргэлжлүүлэн хийхийг хэлнэ гэсэн бол жинхэнэ багш гэж шавь нар нь өөр өөрийн өнгө төрхтэй байхыг хэлнэ гэж тодорхойлсон байх жишээтэй. “Бадрангуй урлаг” ТББ-ын шинэ бүтээлүүдийг таалан болгооно уу.