Т.САЙХАН

“Ub art” галерейд өчигдөр  нээгдсэн нэгэн үзэсгэлэн бидэнд зэрэгцээ ертөнцөө тольдох боломж олголоо.  Бид анзаардаг хэрнээ төдийлөн сайн анхаардаггүй агшнуудыг гэрэл зургийн хальснаа буулган харуулжээ.  Хүний амьдралын хамгийн гэгээлэг үе бол хүүхэд нас. Өнөөгийн нийгэмд эдийн засаг, уул уурхай, улс төрөөс илүү хүүхдийн эрхийн асуудал хамгийн ихээр тулгамдсан гэдгийг уг үзэсгэлэн сануулах ажээ.   “Лантуун дохио” төрийн бус байгууллага, “Тусгал” гэрэл зургийн клуб хамтран энэхүү үзэсгэлэнг үзэгч олондоо дэлгэж буй юм.  Нээлтийн үеэр “Тусгал” клубын тэргүүн Б.Анхбаяр “Энэхүү бүтээлүүд манай гэрэл зурагчдын хоёр жилийн хөдөлмөр юм. Ихэнх зургийг олон нийтийн сүлжээгээр цацахыг хориглосон байгаа. Учир нь энэ хүүхдүүд маань том болно. Тэр үед асуудал үүсэхээс хамгаалж байна. Тиймээс үзэгчид маань манай үзэсгэлэнг өөрийн биеэр ирж сонирхоорой” гэсэн юм.  Үзэсгэлэнгийн эхний хэсэгт хар зураг дэлгэжээ. Хүйтэн харанхуй хонгилд гуйлга гуйн суух жаал, харанхуй гудамжаар алхах бяцхан охин, хогийн цэгт ажиллах хүүхдүүд, хотын захын гэр хорооллын зутруухан амьдрал гээд үзүүлсэн бүтээлүүд нь хүртэл бараан байна.  Гэхдээ энэ дүр зураг бидний дунд байсаар байгаа гэдгийг үзэсгэлэнгээс мэдрэх юм. Мөн үзэсгэлэнд дандаа хар бараан зүйлийг тусгасангүй. Хүүхдийн баяр хөөр, инээдийг өгүүлэх хэсэг бий. Өвлийн өвгөнөөс бэлэг авсан жаалын инээмсэглэл, ээжтэйгээ ус зөөж буй тусч хүү, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал гээд сайхан бүхнийг өгүүлнэ.Ийнхүү хүүхдийн амьдралын эсрэг тэсрэг өнгийг  “Зэрэгцээ ертөнц”-өөр өгүүлэх үзэсгэлэн долоо хоног үргэлжлэх бөгөөд “Олон нийтэд түгээхийг хатуу хориглоно” гэсэн тусгай тэмдэглэгээтэй зургуудыг дэлгэсэн байна.

нэмэлт