Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг “Алтан-Өд” наадмын шагналтнууд тодорлоо. Яруу найргийн төрөлд “Таслал” бүтээлээрээ Я.Баяраа шилдгээр шалгарсан юм. Түүнтэй холбогдлоо.
-Юуны өмнө “Алтан-Өд” шагнал хүртсэнд баяр хүргэе. Урам зориг хайрлаж ташуур өгсөн шагнал танд ирлээ гэж ойлгож байна?
-Маш их урам, бас хүндлэл гэж хүлээж авлаа. Таны хэлдэг зөв. Шагнал авсны дараа үеийн нөхөд маань цуглаад, бидний нэгэн үеийнхэнд өгсөн урмын ташуур гэлцэж байсан. Үнэн үг. 2005 оны үеэс уран зохиолд орж ирсэн бидний нэгэн үеийнхний гурав дахь “Алтан өд” нь энэ юм. Мэдээж хэрэг МЗЭ-ийн энэ шагнал уран зохиолын дээд хэмжүүр биш. Гэхдээ монгол үндэстний хамгийн олон бичгийн мэргэдийг эгнээндээ нэгтгэсэн төрийн бус байгууллагын энэ шагнал үнэлэмж, хүндлэлийг зэрэг агуулж явдаг нь хүртсэн мөчөөс л хойш надад мэдрэгдэж байна.
-Та “Таслал” бүтээлээрээ энэ шагналыг хүртсэн. Бүтээлийнхээ талаар сонирхуулахгүй юу. Нэрнээсээ эхлээд их сонин содон санагдаж байна?
-“Таслал” нэртэй номоо би саяхан өлгийдөж авсан. Дан ганц яруу найраг биш илүү даацтай уран бүтээл туурвих хүсэл, урам зориг төрөх болжээ. Тэр урам зориг, тэмүүллийн эхэн дээр шүлгүүдээ нэг эмхэлье гэж бодсон. Тэгээд “Таслал” гэдэг нэр өгсөн хэрэг.
-Дараагийн зорилго юу байна вэ?
-Ирэх онд уран сайхны шүүмжийн түүврээ “Харах өнцөг” нэрээр, “Зүс бүгэг андууд” хэмээх Монголын уран зохиолын шинэчлэгч бүлгийн тухай номоо хэвлүүлнэ. Бичиж эхлээд байгаа хоёр ч жүжгийн зохиолоо эмхэрдэх санаа байна.
-Удахгүй Монголын зохиолчдын хамгийн том наадам болор цом болох гэж байна. Та шүлгээ сойх уу?
-“Болор цом” наадамд оюутан байхдаа хоёр ч удаа орсон. Түүнээс хойш оролцоогүй. Оролцох ч үгүй байх. Энэ жил их найрагч Д.Нямсүрэнд зориулж, Дорнод аймагт хийхээр төлөвлөж байгаа гэсэн. Түүнээс өмнө “Цог” сэтгүүлийн шинэ дугаар гарах ёстой. Д.Нямсүрэнд зориулсан “Цог”сэтгүүлээр л “Болор цом”-ыг зорьж очсон үзэг нэгт нөхөддөө бэлэг барина гэж бодож сууна даа.
Энэ жилийн “Алтан-Өд” наадмын шилдгүүдийг танилцуулж байна.
- Хүүхдийн уран зохиолын шилдэг бүтээлээр зохиолч Ш.Энхбаярын “Болжмор, “Шоовдор”
- Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний шилдэг бүтээлээр зохиолч Д.Жамъянгийн “Сарны шувуу”
- Хүүрнэл зохиолын богино хэмжээний шилдэг бүтээлээр зохиолч Т.Бум-Эрдэнийн “Дотроосоо”
- Баримтат уран зохиолын шилдэг бүтээл зохиолч Л.Дашнямын “Байх, байх үгүйн дунд”
- Уран зохиолын судлалын шилдэг бүтээлээр судлаач, шүүмжлэгч Д.Галбаатарын “Гэгээг хүсэх, Мананд бэдрэх”
- Уран зохиолын шүүмжийн шилдэг бүтээлээр зохиолч П.Батхуягийн “Эсрэг цаг-3”
- Утга зохиолын орчуулгын шилдэг бүтээлээр зохиолч Д.Дашмөнхийн “Цэвэрхэн саруулхан газар”
- Жүжиг, киноны шилдэг зохиолоор Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар”
- Яруу найргийн шилдэг бүтээлээр яруу найрагч Я.Баяраагийн “Таслал” шалгарсан байна.