А.ЦЭЭСҮРЭН
“Монгол туульчдын урын сан” улсын анхдугаар уралдаан болж байна. Уралдаанд Дорноговь, Ховд, Баян-Өлгий, Увс аймаг, Улаанбаатар хотын туульчид оролцож байгаа юм.
Мөнх цасан эхтэй
Мөлгөр чулуун оргилтой... хэмээн туульчид “Алтайн магтаал”-аа хайлж, эх дэлхийгээ магтав. “Урьд цагт туульчид хот айлаараа нэгдэн, гурван өдөр тасралтгүй тууль хайлж, байгаль дэлхийгээ аргаддаг байсан тухай” хоорондоо хууч хөөрнө. Тус уралдааны шүүгч профессор С.Дулам “Алтайн магтаалаа хайлаад, 13 цаст цагаан оргилыг хайлуулж, 13 аранзал зээрд морьтой алиа Хонгорыг залж ирүүллээ. Хүлэг морь нь багтахгүй учраас музейн дээгүүр гурван удаа дүйлээд буцлаа. Туульчдын маань хуурын эзэн задарч, онгод нь орж байна” хэмээн туульчдыг үгээр мялаав. Энд “Агийн улаан хаан”, “Хөх морины сэтэрийн тууль”, “Эрийн сайн хан харангуй”, “Гэсэр”, “Жангар” тэргүүтэй туульс гурван өдөр эгшиглэх юм. Уралдаанд оролцогчдын бүтээлийн хугацааг нэгтгэвэл 120 цаг болох гэнэ.