А.ЦЭЭСҮРЭН
Ирланд улсад суралцаж байгаа гавьяат жүжигчин, дуучин Ч.Бат-Эрдэнэтэй утсаар холбогдлоо. Тэрээр амралтаараа эх орондоо иржээ.
-Эх орондоо хэзээ ирсэн бэ?
-Ирландын Дублин хотын “Carlyle institute” их сургуульд менежмент, манлайллын чиглэлээр сурч байна. Монголдоо амралтаараа ирсэн. Энэ сарын 20-ноос буцна. Арванхоёрдугаар сард сургуулиа төгсөөд, эх орондоо нэг мөсөн ирнэ.
-Нийтийн дуу дуулахаа болиод, менежерийн ажил хийх үү?
-Уран бүтээл, менежерийн ажлаа зэрэг хийнэ. Би өмнө нь ч тийм байсан. Тиймээс менежментийн чиглэлээр сурч байгаа юм.
-Зарим хүмүүс таныг гавьяат аваад биеэ тоосон уран бүтээл хийхгүй байна гэх юм?
-Хийхээр төлөвлөсөн ажил их байна. Залуу насандаа өөрийгөө хөгжүүлье гэж бодсон юм. Биеэ тоогоогүй. Би Удирдлагын академид сурч байгаад гадаад руу явсан. Сурахын хажуугаар уран бүтээл хийх хэцүү. Тиймээс сургуулиа төгчихөөд, уран бүтээлийн ажилдаа шамдан орох болно.
-Таныг хуучны эдлэл цуглуулдаг гэж сонссон юм байна?
-Монгол үндэснийхээ хуучны эдлэлийг цуглуулдаг. Цуглуулгаараа “Бид хэн байсан бэ” гэдгийг мэдрэхийг хүсдэг. Тухайлбал, содон хийцтэй, дарьганга баруун, зүүн бүсийн эмээлийн тоноглол бий. Үүгээрээ ирээдүйн үр хүүхдүүддээ монгол ахуй гэдгийг таниулах болно.
-Хамгийн хамгийнаасаа дурдвал?
-Мөнгөөр худалддаггүй, сэтгэлээ шингээсэн зүйлийг л хамгийн үнэтэй гэх байх. Цуглуулгад маань ганц ширхэг мөнгөн товч байдаг. Түүнийг Сүхбаатар аймгийн лам багш маань бэлэглэсэн юм. Энэ л надад хамгийн үнэтэй.