Ч.ЗОТОЛ

“Үүр шөнийн оддоос асуугаарай” хит дуутай хамт рок, подын ертөнцөд “Блюз” хатагтай Б.Ану нэрээр цахиур хагалж, одоо ч үзэгч, сонсогчдын зүрх сэтгэлд уяатай байдаг Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Мягмарсүрэн  эх орондоо тоглолтоо хийхээр болжээ.  Түүний хувьд 2008 оноос  Франц улсад ажиллаж, амьдарч байгаа. Мөн Сорбонийн их сургуульд урлагийн чиглэлээр багшлахын зэрэгцээ уран бүтээлээ тасралтгүй хийж, тэнд болж буй томоохон тоглолтод оролцож ирсэн юм. Тэгвэл ирэх сард эх орондоо ирж өөрийн багш, дуурийн дуучин   Лирисса Тосканеллитай хамтарсан тоглолтоо фенүүддээ хүргэхээр болсон байна.

“Блюз” хатагтайн багш Франц, Итали гаралтай Лирисса Тосканелли   дөрвөн настайгаас эхлэн Луис Мартинийн удирдлагад  дуулж эхэлсэн. Мөн  балетын бүжигчин, театрын жүжигчин, бас дуурийн дуулаачаар суралцсан. Лирисса Сорбоны хөгжмийн сургуулийг төгссөний дараа Парисын дуулаачийн сургуулийн тэмцээнд оролцож Уянгат урлагийн нэг, хоёрдугаар зэргийн шагнал авсан юм. Тэрээр мөн Тулузын олон улсын уралдаан болон Жафре Руделийн сангийн тэргүүн шагнал хүртэж байв. Лирисса Тосканелли  гадаадын томоохон театр, концертын танхимд олон удаа дуулсан алдартай дуурийн дуучин юм. Лирисса Тосканелли Франц болон гадаадын олон оронд концерт тоглож, мастер хичээл заадаг юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин