Р.ОЮУН
Урлагийн гавьяат зүтгэлтэн, дизайнер Д.Эрдэмбилэгийн урлангаар зочиллоо. Тэрээр үйлдвэрлэлийн дизайнер мэргэжил эзэмшээд 20 гаруй жил болж байгаа ч энэ мэргэжил эзэнгүйдсэн болов уу гэсээр угтав. Учрыг лавлахад улсад үйлдвэрлэл хөгжиж байж түүнийг дагаж дизайны салбар нь зэрэг явдаг. Бүтээгдэхүүн гаргахгүй болохоор дизайнеруудаас бүтээл гарах нөхцөл бүрэлдэхгүй удчихлаа гэсэн юм. Тэрээр зүгээр суусангүй олон төсөл санаачилсан байна. Үүний нэг нь “Майдар” цогцолбор дээр уран бүтээлчийнхээ хийх ажлыг хийж гүйцэтгэсэн. Ганцхан бурхнаа угсрах ажил үлдсэн гэв.
Мөн тэрээр цаг үетэйгээ хөл нийлүүлж байгаль экологитой холбоотойгоор урлагийн сэдлүүдийг яаж холбож болох талаар “Говийн хөгжлийн ногоон морь” гэсэн төсөл дээр ажиллаж байна. Мөн нийслэлийн агаарын бохирдол, замын түгжрэлийг бууруулахад хувь нэмрээ оруулах зорилгоор жижиг оврын цахилгаан автомашины төслийг өнгөрсөн жилээс мэргэжил нэгт залуучуудтай хамтран туршиж байгаа ажээ. “Замын түгжрэл хүний сэтгэл зүйд муугаар нөлөөлдгийг хүмүүс анзаардаггүй. Үүнээс үүссэн уур уцаар, бухимдал өдөржин тэр хүнд болон ойр тойронд нь байгаа хүмүүст нөлөөлдөг. Тиймээс машины овор, хэмжээ саад болж байгааг олон жил ажигласан” хэмээн Д.Эрдэмбилэг ярьж байлаа.
Мөн тэрээр өглөө хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөх, орой авах үед жийпэн дотор ээж, бага насны хүүхэд хоёр харагддаг. Ийм том эзлэхүүнтэй машинд хоёрхон хүн явж байна. Энэ ачааллыг иргэд өөрсдөө үүсгэж байна. Үүнээс харахад хоёрхон хүний зориулалттай машин байхад болно. Би ч гэсэн сүүлийн үед жийп машинаас татгалзсан. Хоёр хүний машин Японд үүсч байна. Эрт, орой хэзээ нэгэн цагт хоёр хүний машиныг хэрэглэх учраас үүнийг урьдчилж хийж байя гэсэн санаагаар жижиг оврын цахилгаан автомашин төслөө хийгээд явж байна” гэсэн юм. Цахилгаан машины өргөн нэг метр гаруй, урт нь хоёр метр хүрэхгүй хэмжээтэй байх нь нэг том жийпний зайд 2-3 машин явах боломжтой. Өглөөний түгжрэлийг 20-30 дахин багасах юм байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин