Д.НАДМИД
Сар шинийн өмнөхөн олон арван хүн төрийн өндөр шагнал хүртсэний дотор ганцхан хүн Хөдөлмөрийн баатар болсон нь Хакүхо М.Даваажаргал байлаа. Түүнтэй шагналаа гардан авах үеэр нь уулзаж ярилцлаа.
-Та билгэ дэмбэрэлтэй цаг үед Монгол Улсын Хөдөлмөрийн баатар гэдэг эрхэм хүндтэй цол хүртлээ. Олон олон баяртай мөчийн чинь нэг энэ байхаа?
-Тэгэлгүй яахав. Монгол түмнийхээ итгэл найдварыг биелүүлэхийн төлөө чармайсны дүнд мэргэжлийн сүмод шинэ дээд амжилт тогтоолоо. Үүнийг маань үнэлж хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. Хичнээн их баяртай байгаагаа хэлэх үг олдомгүй сайхан байна. Бас аавтайгаа адил баатар болсон минь их хувь тавилан. Хоёр зуун дамжсан энэ л хугацаанд аав, хүү хоёр хөдөлмөрийн баатар болсон нь түүхэн үйл явдал шүү дээ.
-Өнгөрсөн нэгдүгээр сарын башё ер нь жаахан хэцүү байсан уу?
-Тийм ээ. Жаахан хэцүү байдлыг сүмо сонирхогчид төдийгүй олон түмэн анзаарсан шиг байналээ. Одоо би шинэ амжилтын төлөө барилдаж байгаа шүү гэж бодсноос ч тэрүү саяын башё тун амаргүй байсан шүү. Та бүхэн анзаарсан бол эхний долоон өдрийн барилдааны үед би сунаж уначих гээд л байсан даа. Найм дахь өдөр нь Аминишикитэй нэлээд ширүүхэн барилдсаны дараа бүх зүйл хэвийн болсон. Бас нэг том баяр нь 13 дахь өдрийн барилдаанаар түрүүлэх болзлоо хангаж тэнд очсон олон монголчуудаа баярлуулсан. Өөрөө ч их баярласан. Бага охины минь төрсөн өдөр байсныг ч хэлэх үү.
-32 дахь түрүүгээ аваад монгол эх хэлээрээ мэндчилсэн явдал япончуудад жаахан дургүйцэл төрүүлэх шиг болсон доо?
-Би түрүүлэх болгондоо монголоороо үг хэлж чаддаггүй л дээ. Сүмогийн дэг жаяг гэдэг туйлын хатуу.Гэхдээ нэгэнт дээд амжилтад хүрлээ гэсэн хөөрсөн сэтгэлдээ болоод монголоороо мэндчилэх нь зөв гэж бодсон. Жаахан буруутгасан байналээ. Нэг их юм болоогүй ээ. Тэр үг маань монгол ахан дүүст маань хүрсэн нь надад шагнал байлаа.
-Мөн 32 дахь түрүүгийн дараахан өөрийн чинь амнаас зодог тайлсан ч яахав гэх маягийн үг дуулдлаа гэж шуугисан. Үнэхээр тэгж хэлсэн үү?
-Миний өмнө дахиад хэд түрүүлэх зорилго бий. Хүсэл зорилго биелээгүй л байна. Давааны цаана даваа бий гэдэг шүү дээ. Тэгвэл хамгийн өндөр даваа өмнө минь байна. Футабаяма аваргын 69 дараалсан ялалт, Кайо озекигийн хамгийн олон даваа гээд л. Би чинь 63 даваад уначихсан нөхөр шүү дээ.
-Япон руугаа хэзээ буцах вэ?
-Битүүний өдөр буцах байсан шийдвэрээ өөрчилсөн. Жилийн жилд наадам үзэж чаддаггүй учир сар шинийн бөхийн барилдааныг үзээд шинийн нэгэнд аав, ээж, ах дүүстэйгээ золгоод буцна даа. Олон жилийн дараа нутагтаа шинэлнэ гэдэг юутай сайхан.