Ч.ГАНТУЛГА 

Монголын кино урлагийн түүх 1910 оноос эхтэй. Учир нь тухайн үед Их хүрээний Богдын ордон, Наймаа хот, Американ дэнжид анхлан сүүдэр ший гарч монгол хүмүүс ихээхэн сонирхсон тухай “Монголын кино урлагийн түүх” номд тэмдэглэн үлдээсэн байдаг. Энэ бол дэлхий нийтээр кино гэдэг шинэ, содон урлагийн үнэрийг үнэртэж, амтыг нь амталсан эхэн үе. Үүнээс хойш илүү хурдацтай хөгжсөөр өнөө бидний үед дэвшлийн дээд цэгтээ хүрсэн гэвэл худал. Учир нь техникийн эрин үе ноёрхож буй энэ цагт цэнхэр гаригаас тасарч, огторгуйн уудамд уран сайхны кино бүтээж байна гэвэл гайхах зүйлгүй. Хэдийгээр энэ нь нэг талаар ололт ч киночид тухайн бүтээлээрээ хүмүүсийг хэрхэн соён гэгээрүүлж, ухааруулах ёстойг умартаж байгаа нь харамсалтай. 1960, 70-аад оны кинонууд одоог хүртэл яагаад үнэ цэнээ алддаггүй юм бол гэж олон удаа өөрөөсөө  асууж байв. Үүний шалтгаан нь өнгө зүс, овор хэмжээ, хөнгөн инээд бэлэглэсэн орчин үеийн гэх тодотголтой, жүжигчний анхан шатны мэдлэггүй, тухайн дүрийг амьдруулах чадваргүй мэргэжлийн бус хүмүүсийн бүтээл гэх хошин шогийн үзүүлбэрийг суваг солих болгондоо харсаар залхсанаас үүдсэн эмзэглэл юм. Ардын жүжигчин Д.Жигжид “Жүжигчин хүн төрдөг. Түүний нуугдмал авьяасыг нээн илрүүлэх нь жинхэнэ найруулагчийн ажил” гэж дурссан байдаг. Тэгвэл байгаль дэлхий хишгээ хайрлаж, цалгисан авьяастай, мэдрэмжтэй Ц.Цэгмид, М.Бадамгарав, Ч.Долгорсүрэн Б.Цэцэгбалжид, Б.Дамчаа шиг жүжигчдийг төрүүлэхээ больчихсон юмуу. Эсвэл өнөө цагийн залуу уран бүтээлчид урлагт шунан дурлаж, түүний төлөө хөдөлмөрлөж чадахгүй болохоор өнөөх “мэргэжлийн” гэдэг үг, үнэ цэнээ ингэтлээ алдчихсан юмуу. Мөн царайлаг, нуруулаг гэх хоёрхон үгийн цаана Монголын кино урлаг мөхөж байна уу.

 

МОНГОЛЫН КИНО УРЛАГ ЗАГВАРЫН ТАЙЗ БИШ

Монголын киноны түүхэнд авьяас чадвараасаа гадна гоо үзэсгэлэнгээрээ алдаршсан цөөнгүй бүсгүй бий. Тэдний нэг нь “Анхны алхам” киноны Мядагийн дүрээр сэтгэлд үлдсэн Б.Цэцэгбалжид агсан. Хэдийгээр олон кинонд дүрээ мөнхөлж чадаагүй ч түүнийг Монголын кино урлагийн түүхэнд хоромхон зуур тод гэрэлтээд харвачихсан од гэж ахмадууд ярьдаг. Үнэхээр түүний дөлгөөхөн харц, намуухан хоолой, дүрээ амьдруулж чадсан алтан мэдрэмж нь “Анхны алхам” болон “Өнөр бүл” кинонд тод үлдсэн байдаг. Мядагийн дүрийг харахад гэнэн томоогүй, амьдралын хаалгыг дөнгөж алхаж буй 20 настай бүсгүй ч түүний харцнаас олон зүйлийг сурах чин хүсэл эрмэлзэл, өөрийн байр сууриндаа үнэнч, шийдэмгий байдал мэдрэгддэг. “Анхны алхам” киног үзсэн тухайн үеийн болон одоогийн залуус өөрөөсөө түүн шиг хөдөлмөрч, ажлын төлөө сэтгэлтэй, хүнийг хайрлаж, энэрч чадах ухаан надад хэр байгаа билээ гэж асуудаг нь лавтай. Тэр тэгж бодогдуулахаар тоглож чадсан юм. Энэ л тухайн кино, жүжигчний хүмүүст хүргэх гэсэн гол санаа аж. Гэхдээ тэр загвар өмсөгч байгаагүй. Өмнө нь тайзан дээр гарч, олонд танигдаж ч амжаагүй байсан үе нь. Гэвч түүний байгалиас заяасан авьяас, мэдрэмжийг Г.Жигжидсүрэн найруулагч гярхай ажиглаж, нээж чаджээ. Найруулагч нь “Б.Цэцэгбалжид бурхнаас заяасан, бялхсан авьяастай бүсгүй байсан. Хүний үгийг анхааралтай сонсоно, алдаагаа ухамсарлана, дүрээ бүтээх гэж чин сэтгэлээсээ хөдөлмөрлөдөг байлаа” гэж дурссан юм.

Харин өнөө үед юун хөдөлмөрлөх. Өндөр, царайлаг бол Монголын кино урлагт тавтай морил. Ялангуяа уран бүтээлчид дүр сонгохдоо загвар өмсөгчдийг илүүд үзэж байгаа нь эмгэнэлтэй. Хамгийн сүүлчийн жишээ нь “Хувьсал” продакшны “Зүрхээр наадагч” кино. Гавьяат жүжигчин У.Уранчимэг болон СТА Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарыг энэ цагийн нөлөө бүхий, чадвартай уран бүтээлч гэдэгтэй маргах хүн үгүй. Тиймээс ч үзэгчид тэднээс мэргэжлийн, өндөр төвшний бүтээл хүлээдэг. Хэдийгээр киноны хэлэх санаа, өгүүлэмж дажгүй боловч гол дүрийн залуугаараа Азийн топ модель О.Мөнхдалай хэмээх залууг сонгосон нь асуудал. Өмнө нь кинонд тоглох нь битгий хэл киноны анхны мэдлэггүй залууг сонгосон нь ямар учиртай юм бүү мэд. Ямартай ч О.Мөнхдалай өндөр биеийнхээ хүчээр үзэгчдийн зүрхээр наадаад авна лээ. Тэрээр цаашлаад жүжигчний карьер хөөхгүй нь лавтай. Уг нь киноны үйл явдал тэр залуугаас эхтэй. Гэвч киног үзчихээд гарч явахдаа түүний дүр сэтгэлд үлдэж чадаагүй нь мэдрэгдсэн. Үг, хэллэг нь дэндүү хатуу, киноны үйл явдалд уусах, хувирах чадвар тааруу болохоор яаж ч үлдхэв. Нүд хүний сэтгэлийн толь нь нүд байдаг. Түүнээс л бодол уншигдаж, дүр ялгарч харагддаг гэж гавьяат жүжигчин Ш.Цэцэг багш зааж байсныг тод санаж байна. Гэтэл модель залуу яг л тайзан дээр алхаж байх шиг нэгэн хэвийн, баригдмал, уйтгартай, хөшөө мэт эвгүй.  Харин дараагийн онцлох бүтээл “Давхар цохилт” кино. Энэ киноны ээлжит сенсааци нь мэдээж топ модель Э.Одгэрэл нүцгэлсэн явдал. Кино нээлтээ хийхээс өмнө танилцуулга нь цацагдаж мөнхийн залуу хатагтайн энгэр цээж задгай зургууд телевизийн дэлгэцээр харагдах болсон нь учиртай. Энэ нь үзэгчдийг татах гэсэн оролдлого. Учир нь театрт кино үзэж буй хүмүүсийн 70 гаруй хувийг зөвхөн хүүхэд эзэлдэг гэдгийг сануулахад илүүдэхгүй . Э.Одгэрэл анх “Татар ажиллагаа” кинонд нүцгэлсэн. Дараа нь “Гэр” кинонд тоглосон ч үзэгчдээс хамгийн муу үнэлгээг авсан. Тэрээр тоглосон кино бүртээ биеийн гоо сайхнаа гайхуулахаас биш хүний сэтгэлд үлдэх нэг ч үг хэлж харагддаггүй.

Үүнээс өмнө “Валентины захидал” хэмээх кино гарсан. Гол дүрд нь мисс Б.Бадамцэцэг, П.Шүүдэрцэцэг, Х.Бадамгэрэл гэсэн бүсгүйчүүд тоглосон. Валентины өдөр болохоос өмнө тэд хайртай хүнтэйгээ учрах ёстой. Хэдийгээр киноны үйл явдал үзэгчдийг инээлгэж, чаддаг ч дүрээ ялгаж, товойлгож гарч ирсэн жүжигчин хайгаад ч тус бүтээлд байхгүй.

 

ЖҮЖИГЧИД ХААЧИВ?

Одоогоор Монголд мэргэжлийн жүжигчин бэлтгэдэг 10 гаруй улсын болон хувийн сургууль байна. Тэдгээрээс жилд дунджаар 300 гаруй оюутан диплом өвөртөлдөг гэсэн судалгаа бий. Түүний 60 гаруй хувь нь мэргэжлээрээ ажилладаггүй гэсэн баримт бас байна. Тэд яагаад мэргэжлээрээ ажиллахгүй, жүжигчин гэдэг ховорхон мэргэжлийн үнэ цэнэ, ур чадварыг, мэргэжлийнхээ орон зайг бусдад амархан алдаад байна вэ. Эсвэл манай урлагийн сургуулиудын сургалт муу, багш нар кинонд тоглох жүжигчин бэлтгэж чадахгүй байна уу. Үүний цаана үзэгчид буруутай. Учир нь тэд олонд танигдаагүй ч ур чадвар сайтай мэргэжлийн жүжигчнээс илүү олны танил хүмүүс тухайн кинонд тоглосон бол очиж үздэг жишиг тогтоод удаж байна. Үүнийг кино бүтээгчид овжноор ашиглаж, мэргэжлийн жүжигчдийг биш, моделиудыг кинондоо тоглуулах сонирхолтой болжээ. Мөн жүжигчин мэргэжлийг эзэмшиж буй оюутнуудын буруу бүр их. Нэгэнт л номыг нь сонсч, алтан тайзыг сонгосон бол мэргэжлийнхээ төлөө хөдөлмөрлөж, тууштай байж, авьяасаа тордох, хэрэгтэй. Хэрэв жүжигчид байхгүй бол, тэд загвар өмсөгчдөд ажлаа булаалгасаар байвал Монголын кино урлаг элгээрээ мөлхөнө. Тиймээс хэн хэн нь эзэмшсэн  мэргэжилдээ эзэн нь болж, Монголын кино урлагийг “мэргэжлийн” болгохын төлөө хичээе.

Үргэлжлэл бий