Д.НАДМИД

Японы мэргэжлийн сүмогийн түүхэнд олон олон түүхэн амжилт байдаг юм билээ. Тэгвэл энэ удаа Монголын үндэсний бөхийн дархан аварга Ж.Мөнхбатын хүү, халхын их хүчтэн Хакүхо М.Даваажаргал энэ оны эхний башёд өвдөг шороодолгүй түрүүлс­нээр сүмод хамгийн дээд амжилтын эзэн боллоо. Сүмогийн их аварга Чиёнофүжи 32 насандаа 31, Тайхо 35 насандаа 32 дахь түрүүгээ авч байсан бол Хакүхо 29 насандаа 33 дахь түрүүгээ авлаа.

Иймээс түүнийг Японы үндэсний бөх сүмогийн “ноён оргил”-д гарлаа, сүмогийн ертөнцийг доргиуллаа гэж байгаа юм. Хакүхогийн амжилт зөвхөн Японд биш дэлхийд цуурайтлаа. Дээд амжилтын тухай энэ мэдээтэй хамт Монгол Улсын нэр сүр өргөгдөж байгаа гэж болно.

Эгнэшгүй хүчтэй монгол хүмүүн М.Даваажаргал сүмод хамгийн олон түрүүлэхдээ ёкозүна цолтойгоор хамгийн олон давсан зэрэг олон дээд амжилтын эзэн болоод байгаа юм. Саяын тэмцээний 12 дахь өдрийн барилдаанд Японы тэргүүн бөх Кисеносатог давснаар түрүүлэх боломжоо олж авсан бол сүүлчийн хоёр өдөр өөрийн гол өрсөлдөгч монгол аварга Харүмафүжи, Какирюү хоёрыг төдөлгүй орхисноор гайхамшгийг харуулж чадлаа. Хэрвээ сүмо олимпийн нэг төрөл байсан бол манайд олимпийн аварга аль хэдийнэ төрөх байсан биз.

Хакүхо өчигдөр эзэн хааны цомыг 33 дахь удаагаа гардан авах үеэр хэлэхдээ,

“Сүмод шинэ дээд амжилт тогтоосондоо баяртай байна. Миний амжилтад сүмогийн багш нар, дэвжээнд хамтдаа хүчээ үзэж байсан хийгээд байгаа бөхчүүд их нөлөөлсөн. Мөн бурхны ач ивээл гэж бодож байна. Энд нэг зүйлийг хэлэхэд манай Монголд “Муу эр эхнэрээ магтдаг” гэдэг үг бий. Гэвч би миний ард нэг хүчирхэг эмэгтэй бий гэдгийг хэлчихье. Амжилтын ихээхэн хэсэг түүнтэй минь холбоотой. Цаашид хэрхэхийг өнөөдөр хэлэхэд эрт ч гэлээ илүү их амжилтын төлөө хичээх болно” гэсэн юм.

 

Тийм ээ. Сүмогийн их аварга Хакүхог дахиад шинэ оргил хүлээж байгаа. Монгол түмэн хүчтэй бяртай хүүдээ баяр хүргэж байна.