Мэргэжил:

Төгөлдөр хуурч

Уран бүтээлийн гараа:

2004 он “Киви” хамтлаг

Анхны амжилт:

“Бяцхан эстрадын дуучин” тэмцээний хүрэл медаль

Шагнал:

2011 онд Соёлын тэргүүний ажилтан болсон

Гоо сайхны нууц:

Хөдөлгөөн бол эрүүл амьдралын үндэс

Амьдралдаа баримталдаг зарчим:

Шударга байхыг эрхэмлэдэг

 

Ч.ГАНТУЛГА

Монголын хөгжмийн ертөнцөд гурван өөр өнгө, дүр төрхийг мэдрүүлсэн хамтлаг бол “Киви”. Тус хамтлаг байгуулагдаад 10 гаруй жилийг үджээ. “Киви” хамтлагийн дуучин Ц.Намуунаатай ярилцлаа.

-Намуунаа кинонд тоглосон гэсэн үү?

-Кинонд дүр бүтээнэ гэдэг шаггүй ажил юм билээ. Гэхдээ надад таалагдсан. Чадварлаг уран бүтээлчидтэй хамтарч ажилласан болохоор түшигтэй байлаа.

-Ямар дүр бүтээсэн бэ?

-Одоохондоо нууцлая. Хүмүүс ирээд үзвэл сонин байх.

-Ука ээж болсон. Найзынхаа баярт мөчийг хэрхэн хуваалцсан бэ?

-Хүүхэд гэдэг хүний амьдралын аз жаргал, утга учир шүү дээ. Бид бүгдээрээ л баярласан. Одоо бүр өхөөрдөм, хөөрхөн болчихсон.

-“Киви”-ийн бүсгүйчүүд одооноос хувийн амьдралдаа анхаарал хандуулж байх шиг. Магадгүй дараагийн ээж нь Ц.Намуунаа байж болох юм шүү?

-Бүсгүй хүн бүхэн ээж болох тавилантай. Надад ч ялгаагүй мөрөөдлийн амьдрал бий. Сайхан гэр бүлтэй болж, хувийн амьдралаа эхлүүлнэ. Харин хүүхдийн хувьд бурхан надад хэзээ бэлгээ илгээнэ, тэр үед нь л болох байх.

 -“Киви” хамтлаг Монголын хөгжмийн ертөнцөд дахин давтагдахааргүй өнгө төрхийг мэдрүүлж чадсан. Магадгүй энэ нь хамгийн давуу тал болсон байх?

-Анх хамтлаг байгуулах үеэс л гурван өөр, өнгө төрхийг гаргаж ирэх зорилготой байсан. Тиймээс ч манай хамтлаг хүмүүст илүү хурдан танигдсан. Гэхдээ үүнийг зөвхөн гадаад өнгө төрхөөрөө сонсогчдыг татсан гэж ойлгож болохгүй байх. Учир нь бид хамтлагийнхаа, уран бүтээлийнхээ төлөө чин сэтгэлээсээ хөдөлмөрлөсөн.

-Гэхдээ таны хувьд хамтлагт орохоосоо өмнө урлагийн ертөнцөд хөл тавьчихсан байсан. Төгөлдөр хуурч мэргэжилтэй байх аа?

-Анх зургаан настайгаасаа л урлаг гэдгийг мэдэрч эхэлсэн. Өвөөгөө дагаад Хөгжим Бүжгийн сургуульд орж байсан. Дараа нь СУИС-д суралцсан.Тэгэхээр миний амьдралд урлагаас хөндийрсөн хором бараг байхгүй юм байна. Бяцхан охин байхаасаа л өнөөдрийг хүртэл урлагтаа үнэнч хүчин зүтгэж байна.

-Өвөөгийн эрх охин байсан гэж сонссон юм байна шүү?

-Би жаахан байхаасаа л өвөөгөө дагаад явдаг байлаа. Урлагт дурласан сэтгэл минь тэр үеэс л эхтэй. Өвөө минь их хөдөлмөрч хүн. Одоо ч тэр хэвээрээ. Надад зөвхөн урлагаас гадна олон зүйлийг зааж, сургасан. Монголын урлагт тодорхой хэмжээний байр суурийг эзэлсэн, хүн болгонд хүлээн зөвшөөрөгдөж чадсан тийм л хүн. Өвөөгөөрөө үргэлж бахархаж, хайрлаж явдаг юм.

-Одоо төгөлдөр хуурч мэргэжлээрээ ажиллахгүй юм уу?

-Мэргэжлээрээ уран бүтээл хийнэ гэсэн мөрөөдлөө орхиогүй. Ойр, дотны хүмүүс минь ч хэлдэг юм. Хэзээ гэдгээ хэлж мэдэхгүй ч төгөлдөр хуурчийнхаа хувьд ямар ч байсан уран бүтээл гаргана. Гэхдээ ойрын хугацаанд гэсэн амлалт өгч чадахгүй нь.

-“Монгол модель” агентлагт суралцаж байсан гэдэг юм билээ. Дуучин болоогүй бол загвар өмсөгч болох байсан уу?

-Охид бүхэн багадаа мисс, загвар өмсөгч болохыг мөрөөддөг шүү дээ. Би ч ялгаагүй тэр мөрөөдлийг тээгээд “Монгол модель” агентлагт Д.Болормаа багшийн шавь болж байсан. Гэхдээ урлагт элэгтэй сэтгэл минь илүү давамгайлсан байх л даа. Би багаасаа л дуучин, бүжигчин, төгөлдөр хуурч, загвар өмсөгч болно гэж мөрөөддөг байсан. Гэхдээ энэ дөрвөн мэргэжлийг тодорхой хэмжээгээр эзэмшиж чадсандаа баярладаг.

- Та гурвыг фэнүүд чинь хамгийн дэгжин гэж үнэлдэг. Үргэлж дэгжин явна гэдэг хэцүү байх. Энгийн үедээ Намуунаа ямар хувцаслалтыг сонгодог вэ?

-Үргэлж даашинз өмсөөд, өндөр өсгийт дээр алхана гэдэг хэцүү. Тоглолттой үедээ л юу юм. Түүнээс энгийн үед биед эвтэйхэн хувцас сонгодог. Ялангуяа би жинсэн өмд өмсөх дуртай. Тод өнгийн хувцас сонирхдоггүй.

-Харин ааш, зангийн хувьд өөрийгөө юу гэж тодорхойлох бол?

 

-Намайг хүмүүс хурц, омголон гэдэггүй. Бас тийм ч даруухан, дуугай биш. Хүмүүстэй ч энгийн зөв харьцахыг хүсдэг юм. Гэхдээ энэ асуултад надаас илүү миний ойр дотны хүмүүс илүү оновчтой, үнэн хариултыг өгөх байх.