Д.НАДМИД

2015 оны жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж дүнгээ гаргалаа. Энэ тэмцээнд 21 байгууллагын 290 гаруй жүдоч 14 жинд өрсөлдсөн юм. Олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга М.Уранчимэг, Г.Болдбаатар нараас бусад шилдгүүд энэ тэмцээнд зодоглосон болохоор өрсөлдөөн ширүүн, бөх сонирхогчдыг тэртээ Буянт-Ухаа руу урин дуудсан үйл явдал боллоо. Жилийн жилд болж л байдаг тэмцээн гэхээсээ шинэ бөх, шинэ амжилт харах гэсэн хүлээлт их байсан гэж болно. Даангүй эхний өдөр тун үзүүштэй барилдаан олон байсныг хэлэх нь зөв болов уу. Хуучин аваргууд яагаад тэмцээн өнжив гэдгийг лавлахад яльгүй ч гэсэн гэмтэлтэй гээд бас бус шалтгаан хэлж байсан. Харин Н.Түвшинбаяр баатар маань “Миний хувьд бэлтгэл бүрэн хангагдаагүй ч энэ удаа залуучууддаа боломж олгоё гэсэн үүднээс тэмцээнийг өнжлөө” гэдгээ хэлсэн юм. Харин тэрбээр барилдаагүй ч тэмцээнийг тайлбарлагч, шүүмжлэгчийн зүгээс үзэж хандсан байлаа. Түүний хэлснээс түүвэрлэн хүргэвэл жүдогийн хүнд жингийнхнийг хатуухан шүүмжилмээр байна. Залуучууд бэлтгэлээ тааруу хийж байгаа харагдлаа гэсэн юм.

Энэ тун үнэн үг гэдгийг жирийн үзэгч ч хэлж байв. Улсын аваргад 20-иод жил хүч үзэж байгаа “Женко” клубын тамирчин Б.Ариун-Эрдэнэ, гавьяат тамирчин Ц.Цэрэнханд нар жиндээ түрүүлж спорт залуу насных гэдэг үгийг мартуулахыг санууллаа. Үнэндээ тэднийг гандан бууршгүй, туршлагатай тамирчид гэж магтахаас арга алга. Ц.Цэрэнханд “Би улсын аваргад тун чиг олон жил барилдлаа даа. Хэдэн ч удаа түрүүлчихэв. Тоо алдсан. Ер нь тэмцээнд түрүүлэх нь гол биш залуучууддаа үлгэр дууриал үзүүлье гэж бодсон” гэж ярьж байлаа.  Харин үүнтэй зэрэгцээд жүдогийн хүнд жингийн залгамж халаа олигтой бэлтгэгдээгүй байна гэсэн дүгнэлт гарч байгаа юм.

Жиндээ хамгийн олон буюу 44 жүдоч өрсөлдсөн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин медаль авч чадсангүй. Хэзээ ч аваргуудын “тулаан болдог” 73 кг-ын жинд Х.Цагаанбаатар бас медальгүй хоцорч олимпийн хүрэл медальт С.Ням-Очир хүрэл медаль дээр буусан зэргээс харахад тэмцээний эхний өдөр барилдааны чансаа өндөр байсныг харуулав. Энэ жинд туршлагатай жүдоч С.Мияарагчаа С.Ням-Очирыг техникийн давуугаар ялсан ч аваргын төлөө барилдаанд “Женко” клубын тамирчин Г.Одбаярт ялагдаад мөнгөн медаль авлаа. Тэрбээр өнгөрсөн жил тэр тавцандаа зогссон хүн.

Тэгвэл гавьяат тамирчин М.Бундмаа байна. Жиндээ 11 удаа улсын аварга болсноо хэлж байсан. Түүнтэй энэ удаа өрсөлдөх тамирчин гарч ирсэнгүй гэж болохоор харагдсан даа. Аргагүй л ясны жүдоч хэн бэ гэвэл Бундмааг хэлж болно. Мөн эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа арай л тасархай байналээ. Тэр алтан медалийн төлөө барилдаанд өрсөлдөгчөө ердөө 20-иодхон секунтэд буулган авсан. Энэ нь уг тэмцээний рекорд амжилт байлаа. Мөн эрчүүдийн 66 кг-ын жинд ОУХМ Д.Төмөрхүлэг босоо бөх гэдгээ харуулж торолгүйхэн түрүүлсэн бол 81 кг-д О.Ууганбаатар аваргын тавцанд зогссон юм. Тэмцээний бас нэг анхаарал татсан асуудал үнэмлэхүй жингийн аваргад түрүүлж, эл тэмцээний шилдгээр туршлагатай тамирчин Б.Ариун-Эрдэнэ, дэлхийд жиндээ 11-д эрэмбэтэй жүдоч Ц.Наранжаргал нар шалгарсан явдахл байв. Басхүү тэднийг магтахаас өөр яахав. Гэтэл бас цаана нь ямар жүдочид бэлтгэгдэв гэсэн асуулт дагалдаж байна л даа.

 

Энэ тэмцээний аваргууд Азийн аваргын болон Казахстанд болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан юм. Монголын жүдо бөхийн хөгжил өндөр байгааг дэлхийд үнэлж буй. Тэр үнэлгээг баталгаажуулахад жин бүрт сайн тамирчин бэлт­гэхийн чухлыг жүдо­гийн багш, дасгал­жуулагчид өнөөгийн гаргаж байгаа амжилтад сэтгэл ханах биш улам чармайлттай ажиллах нь чухал байна. Улсын аварга шалгаруулах тэмцээний өнгө төрх ийм үг хэлүүлэхэд хүргэснийг нуух учиргүй юм. Манай жүдо­чид сайн. Сайн дээр сайн байх нь л илүү шүү дээ.