Ч.ГАНТУЛГА
“Sweetymotion” хамтлагийн ахлагч Э.Ганболортой ярилцлаа. Түүнтэй шинэ уран бүтээл, гоо сайхан, эрүүл мэнд, хайр сэтгэлийнх нь тухай хөөрөлдсөн юм.
-“Sweetymotion” хамтлагийн бүсгүйчүүдээр сонин юу байна. Уран бүтээлийн олз арвин уу?
-Одоогоос хоёр жилийн өмнө Эмэгтэйчүүдийн баяраар тоглолт хийж байсан юм. Тэр үед Х.Төмөрбаатар ахынхаа “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай” дууг хамтарч, дуулж байлаа. Удахгүй хүндэлдэг ахад минь зориулсан хандивын тоглолт болох гэж байна. Манай хамтлагийнхан гурван дуу дуулна. Одоогоор бэлтгэл ажилтай явна.
-Тэр дуунд бүсгүй минь чи инээмсэглэж яваарай. Цэмцгэрхэн байгалиа чимж яваарай” гэж гардаг шүү дээ. Инээмсэглэл гэдгийг та юу гэж ойлгодог вэ?
-Бүсгүй хүний хамгийн сайхан гоёл инээмсэглэл. Магадгүй эмэгтэй хүний сэтгэлийн толь байх. Хүмүүс хүн өөдөөс нь инээгээд байхад муухай аашилж, эвгүй зан гаргаж чаддаггүй шүү дээ.
-Хүн бүхний өөдөөс хараад инээнэ гэдэг нэг бодлын сул тал болж магадгүй юм?
-Инээмсэглэл сэтгэлийнх байхдаа л хүчтэй. Түүнээс үнэхээр хүсэхгүй бол хэрэггүй биз дээ. Өөрийгөө хүчилвэл жүжиглэсэн болчихно.
-Таны хувьд амьдралдаа хааяа жүжиглэх шаардлага гарч байв уу?
-Би өөрийнхөөрөө байхыг хүсдэг. Гэхдээ урлагийнхны амьдрал хэцүү. Тайз хатуу учраас ямар ч шалтгаантай байсан бүхнийг мартаад тайзруугаа гарах тохиолдол байдаг юм. Хүмүүст мэргэжлийн төвшинд уран бүтээлээ хүргэх нь бидний үүрэг учраас инээгээд л дуулдаг.
-Хамтлагийн тань хоёр бүсгүй таныг хамгийн зөөлөн сэтгэлтэй нь гэж тодотгож байсан?
-Хааяа дэндүү зөөлөн сэтгэлтэй юм болов уу гэж боддог. Аливаа зүйлд амархан сэтгэл хөдөлчих гээд байдаг юм. Магадгүй энэ нь миний сул тал байх.
-Гэхдээ давуу тал болох нь олон юм шиг санагдаж байна. Эмэгтэй хүн сэтгэл зөөлөнтэй байх тусмаа дотоод хүн хүчирхэгжиж байдаг гэж сонссон юм байна?
-Эмэгтэй хүн ээж болдог учраас илүү уян зөөлөн байдаг. Бие давхар болон хүүхдээ тэврээд явж байгаа бүсгүй хүн ямар сайхан харагддаг билээ. Хүний амьдралын утга учир нь өнөр өтгөн гэр бүл, үр хүүхэд байдаг. Би ээж, аавынхаа бахархал нь болсон сайн охин байхсан гэж хүсдэг юм. Мөн нийгэмтэйгээ хөл нийлүүлж алхмаар байна. Хувь хүнийхээ зүээс бодсон, хүссэн, төлөвлөсөн зүйл олон байна.
-Сүндэрээ ээж болчихсон. Хүүхэд нь одоо нэлээд том болчихсон уу?
-Энэ жил бидний хувьд сайхан жил байлаа. Сүндэрээ маань ээж болсон нь хамгийн том бэлэг. Одоо хөөрхөн, эгдүүтэй болчихсон. Бид нэг хэсэг уран бүтээлээ завсарласан нь шинэ хүнтэй холбоотой. Энэ намраас уран бүтээлдээ эрчимтэй орж байна. Удахгүй шинэ дуу, мюзиклээрээ фэнүүдтэйгээ уулзана.
-Хоёр найзыгаа амаржихад таны сэтгэл их хөдөлсөн байх?
-Бид дунд сургуулийн жаахан охид байхаасаа л найзалсан. Энэ үеэс амьдрал, уран бүтээл, хувь заяагаа хүртэл холбосон юм шиг санагддаг. Тэр хэмжээгээр бие биедээ дассан. Мэдээж нэг нь ээж болоход өөрөө ээж болсонтой адил баярлаж, догдолдог юм билээ. Хүүхдийг нь харахаар хөөрхөн санагдаад, өөрийн эрхгүй хайр ундраад байх юм.
-Одоо та л үлдчихлээ. Хэзээ ээж болох вэ?
-Хүн хувь заяа, ирээдүйгээ харж чаддаггүй. Би хувийн амьдрал, хэзээ хүүхэдтэй болохоо төлөвлөдөггүй. Бурхан надад хэзээ бэлгээ өгнө тэр үед ээж болно доо. Надад ч бас бусдын адил сайхан амьдрах, сайн ханьтай болж, гэр бүлийн амьдрал зохиох мөрөөдөл бий. Удахгүй мөрөөдлөө биелүүлнэ ээ.
-Тэр мөрөөдлийг тань хамтдаа биелүүлэх заяаны ханиа ямар хүн байгаасай гэж бодож байна?
-Хүн сэтгэлийн амьтан гэдэг шүү дээ. Бие биедээ татагдаж, бие биенээ хүндэлсэн сэтгэлээс л хайр үүсдэг. Заавал тийм байх ёстой, одоо ингэнэ гэж ярих нь утгагүй байх.
-Одоо бүсгүйчүүд эрчүүдэд их шалгуур тавьдаг болж. Танд ямар эр хүн таалагддаг вэ?
-Эргээд бодоход найзалж, нөхөрлөж байсан хүмүүс минь хоорондоо тэс өөр байсан санагдах юм. Тухайн үед миний сэтгэлийг яаж хөдөлгөнө түүнээс л шалтгаалдаг юм болов уу. Хамгийн чухал нь ирээдүйг хамтдаа төсөөлж, түүнийхээ төлөө тэмцэж чаддаг, буурьтай, ухаантай эр хүн л сайхан. Түүнээс өндөр нам, боловсролтой боловсролгүй, баян ядуу нь хамаа алга.
-Зарим хамтлагийнхан бие дааж уран бүтээл хийдэг болчихож. Таны хувьд өөрийн уран бүтээлээ гаргах бодол бий юу?
-Бид хамтлагаараа байхыг илүүд үздэг. Яг л “Харанга-25”, “Хурд-20” жил гэдэг шиг. “Sweetymotion” тэр он жилүүдийг туулмаар байна. Харин энэ хугацаанд өөрөө, өөрийгөө тодотгосон ганц, нэг уран бүтээл хийнэ гэсэн төлөвлөгөө бий. Гэхдээ хамтлагийн уран бүтээл хэзээ ч тасрахгүй.
-Та дуучин болоогүй бол?
-Би багадаа тагнуулч, цагдаа болохыг хүсдэг байлаа. Энэ мөрөөдөл минь дуусаагүй ч одоо тагнуулч болно гэж зүтгэхгүй. Би хуулийн чиглэлээр сурч байгаа. Гэхдээ энэ нь хуульч хийгээд явна гэсэн үг биш. Магадгүй хэзээ нэгэн цагт боломж гарвал урлагийнхныхаа оюуны өмчийг хамгаалах ч юм уу, хуулиа урлагтайгаа холбоод ажиллаж магадгүй.