Азийн спортын онцлох үйл явдлуудын нэг болох зуны спортын XVII их наадам өнгөрсөн баасан гаригт БНСУ-ын Инчён хотын 60 мянган хүний суудал бүхий “Incheon Asiad main stadium” цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ. Түүхэндээ гурав дахь бага олимпийн наадмаа хүлээн авч буй Солонгосчууд өмнө нь /1988 онд Сөүл, 2002 онд Бусан/ зэрэг хотод зохион явуулсан байдаг.
Нээлтийн арга хэмжээ 19:18 цагт албан ёсоор эхэлсэн ч үзэгчдийн түрүүч үүнээс цаг гаруйн өмнө суудлаа эзэлсэн байлаа. Нээлтэд Солонгосын үндэсний болон орчин үеийн К-Поп урсгалын төлөөлөгчид тухайлбал “Big Bang”, “CN Blue and EXO” зэрэг хамтлаг дуучид Азийн наадмын сүлд дуу болох “Цорын ганц” дууг дуулж үзэгчдийг хөгжөөлөө. Түүнчлэн БНСУ-ын дуурийн дуучин Сүми Жо 920 хүний бүрэлдэхүүнтэй найрал дууны үзүүлбэр гадна, дотны төлөөлөгчдөд дотно сэтгэгдэл төрүүлнэ лээ. Цэнгэлдэхийн төв цэгт орон орны баг тамирчид төрийн далбаагаа мандуулсаар цагийн зүүний эсрэг орж ирэхэд Монголын тугчаар Азийн аваргын мөнгөн медальт ОУХМ Ж.Гантөгс ажиллав. Тэрээр хоёр жилийн өмнө Лондоны олимпод цэц сорьж явсан удаатай. Дараа нь уламжлал ёсоор бага олимпийн бамбар асаах ёслолыг эхлүүлэв.
Галт бамбарыг цэнгэлдэх хүрээлэнд БНСУ-аас төрж гарсан спортын алдар цуутай зургаан тамирчин буухиалсан ч гагцхүү их бамбарыг бадамлуулах хамгийн нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг БНСУ-ын нэрт жүжигчин И Ён Э /Жангум/-д даалгажээ. Тэрээр бамбарыг ганцаараа асаагаагүй юм. 14 настай эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхдийн хамтаар асаасан нь олимпийн түүхэнд өмнө нь гараагүй содон тохиолдол байлаа. Тухайн улсын иргэдийн дунд бамбарыг хэн асаах бол гэдэг асуулт өнөөг хүртэл олон таамгийг дагуулсаар иржээ. Энэ талаар олон нийтийн дунд санал асуулга хүртэл явуулсан ч, урлагийн төлөөлөл галт бамбарыг асаасан нь мөн л олимпийн түүхэнд урд хожид тохиогоогүй гэдгийг цохон тэмдэглэе. Нээлтийн арга хэмжээ хоёр цаг 40 минут орчим үргэлжилсэн. Дөрвөн жилд нэг удаа болдог уг спортын нэр хүндтэй арга хэмжээг Азийн 7000 орчим сэтгүүлч, Монголын 22 хэвлэл мэдээллийн ажилтан газар дээрээс нь спортын гал гарсан халуун өрсөлдөөнийг цаг алдалгүй мэдээлж байна. Харин энэхүү наадмын спортын 36 талбарт 45 орны 9500 орчим тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа билээ. Харин манай улсаас 23 төрөлд 235 тамирчнаа илгээгээд байгаа юм. Тэмцээний гурван өдрийн дараах байдлаар Монголын баг хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтайгаар жагсаалтын гуравт бичигдлээ.
БУУДЛАГЫНХАН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЛАА
“Инчён-2014” спортын их наадмын эхний өдөр манай эмэгтэй буучид галын шугамд гарсан. Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Гүндэгмаагаар ахлуулсан гурван бүсгүй хийн гар бууны 10 метрийн дасгалд багаараа хүрэл медаль хүртлээ. Энэ дасгалын ганцаарчилсан төрөлд О.Гүндэгмаа найм, Ц.Мөнхзул ес, Т.Баярцэцэг 15 дугаар байр эзэлж, багийн нийлбэр 1140 оноогоор хүрэл медалийн тавцанд гарсан нь энэ юм. Дашрамд дурдахад тэд хэдхэн хоногийн өмнө Испанийн Гранадаа хотноо болсон ДАШТ-д энэ бүрэлдэхүүнээрээ оролцоод багаараа мөнгөн медаль авч байсан юм.
САГСЧИД ХАРИУГАА ЧАНГАХАН АВЛАА
Энэ өдөр “Самсан” спорт цогцолборт сагсан бөмбөгийн тоглолт болж, Монголын баг эртний дайсан Хонгконгийн эрчүүдийг хүлээн авлаа. Дөрвөн үеийн гал гарсан өрсөлдөөний төгсгөлд манай баг 86:77-оор учраагаа хожсоноор хэсгээ тэргүүлж эхэлсэн. Тэд өнгөрсөн жил Азийн аваргын урьдчилсан шатны өрсөлдөөнд Хонгконгийн багт олон онооны зөрүүгээр гашуун ялагдал амсаж байсан бол бага олимпод урамтай тоглолт гаргаснаар даагаа чангахан авч чадав. Өчигдөр тэд хоёр дахь учраа болох Мальдивын багийг 112:54-өөр хожиж хэсгээ итгэл төгс тэргүүлж эхэллээ. Манай эрчүүд маргааш Кувейтийн багтай тоглохоор болоод байна. Хэрэв энэ тулаанд манай баг ялбал хэсгээсээ нэгээр гарах боломжтой юм.
ЖҮДОЧИД ИТГЭЛ ЭВДСЭНГҮЙ
Азийн наадамд Монголын шигшээ багийг айргийн тав руу оруулахад гол нөлөө үзүүлсэн нь жүдогийн охид, хөвгүүд юм. Тэмцээний эхний өдөр хөнгөн жингийн ангилалд Монголын дөрвөн тамирчин Инчёны татамид гарснаас гурав нь финалд шалгарч, нэг нь шагналт байрт орлоо. Алтан медалийн төлөөх барилдаанд хамгийн түрүүнд хэдхэн хоногийн өмнө хойд хөршийн Челябинск хотод болсон ДАШТ-ээс цорын ганц алтан медалийг эх орондоо авчирсан ОУХМ Г.Болдбаатар 60 кг-ийн жинд Японы бөхтэй барилдаж үндсэн цагт даралтаар хоёр вазари алдаж мөнгөн медаль дээр буусан. Харин энэ барилдааны араас Дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг 48 кг-д Японы хоёрдугаар шигшээгийн залуу бөхтэй барилдаж үндсэн цагийн төгсгөлд нэг вазари үнэлгээгээр буулган авч төрийн дууллаа Инчёны тэнгэрт хамгийн түрүүнд эгшиглүүлсэн юм. Түүний энэ амжилт булган сүүлтэй байж араасаа шар медаль дагуулав. Эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг Ази тивдээ босоо гэдгээ баталж алтан медалийн оосроос атгалаа. Тэгвэл өчигдөр дугаар шилжих мөчид 73кг-д Г.Одбаяр мөнгөн медаль авсан бол Б.Мөнгөнчимэг тавдугаар байрт, Ц.Наранжаргал хүрэл медаль, Д.Сумъяа хүрэл медаль хүртлээ.
ӨНӨӨДӨР Г.ГЭРЭЛМАА, Б.ЦОЛМОН НАР ӨРСӨЛДӨНӨ
Азийн спортын их наадамд анх удаа оролцож буй туялзуур сэлэмчид хүнд сэлэмний төрөлд тодорхой амжилтгүй тэмцээнээ дуусгалаа. Энэ өдөр эрэгтэйчүүдийн ангилалд Э.Дөлгөөн, Б.Батхүү нар хэсэгтээ тус бүр хоёр ялалт байгуулсан ч удаах тулаанд дараалан хожигдсоноор шөвгийн 32-т үлдэж үзэгчдийн суудал руу шилжлээ. Тэгвэл манай охид өнөөдөр хүнд сэлэмний төрөлд эхний тулаанаа хийх юм. Манай улсаас Г.Гэрэлмаа, Б.Цолмон нар энэ төрөлд хүч сорих билээ.