Ч.ГАНТУЛГА
Хорвоогийн бүх л аялгууг хоёрхон чавхдаст багтаадаг хосгүй нэгэн ард түмэн Азийн цээжинд оршдог. Энэ л ардын урлагаараа бид дэлхийд гайхуулж, бахархаж ирсэн түүхтэй. Тиймээс энэ удаад морин хуурч Б.Хонгорыг зочноороо онцоллоо. “Монгол онгод” хамтлаг байгуулан, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээл хийхээр хөдөлмөрлөж байгаа тэрээр залуу хүний эрч хүчийг мэдрүүлсэн нэгэн юм.
-”Монгол онгод” хамтлагийг байгуулаад удаагүй байгаа. Хамтлагийхаа тухай яриач?
-Манай хамтлаг найман гишүүнтэй. СУИС-ийн оюутнуудаас бүрдсэн. Этник урсгалаар уран бүтээл хийдэг. Ардын хөгжмийг орчин үеийн хөгжимтэй хослуулан өөрсдийн гэсэн урсгалыг бий болгохоор ажиллаж байна.
-Анхны уран бүтээл чинь гарсан уу. Сонсогчид хэр хүлээж авч байна?
-Хамтлаг байгуулагдаад дөнгөж гурван сар болж байгаа учир анхны албан ёсны уран бүтээл хараахан гараагүй байна. Бидэнд суралцах, судлах зүйл маш их байна. Гэхдээ youtube дээр нэг уран бүтээлээ тавьж үзсэн. Сонсогчид сайнаар хүлээж авсан байна лээ. Энэ нь бидэнд хийж бүтээх урам өгсөн. Сонсогчдоо удаан хүлээлгэхгүй удахгүй уран бүтээлээрээ уулзана.
-Манайд “Алтан ураг” “Жонон” гээд ардын урлагаар уран бүтээл хийдэг хамтлагууд бий. Та нарын хувьд тэднээс юугаараа ялгарах вэ?
-Ардын хөгжмөө сурталчилсан олон хамтлаг бий болж байгаад уран бүтээлч хүнийхээ хувьд баяртай байдаг. Манай хамтлаг DJ-тэй гэдгээрээ ялгарах байх. Мөн ардын хөгжим дээр үндэслээд өөр олон урсгалыг оруулж ирнэ.
-Жишээлбэл?
-Жааз, R&B, поп гээд бүх л чиглэлээр тоглоно. Манайх битбоксчинтой. Стиль имижийн хувьд ч шинэ содон хэв маягийг эрэлхийлж байна. Манай хамтлаг “Цагдаагийн сүлд” чуулгын харьяа болсон. Бүгдээрээ дэд ахлагч цол авсан. Тиймээс хувцсаа ч цагдаагийн дүрэмт хувцастай хослуулна.
АДЕЛИЙН ДУУГ ҮНДЭСНИЙ ХӨГЖИМТЭЙ ХОСЛУУЛАН ТОГЛОСОН
- Монгол хөгжим тоглодог болохоор нэлээдгүй үндсэрхэг үзэлтэй байх?
-Монгол залуу хүн болгоны дотор үндсэрхэг үзэл байгаасай гэж би хүсдэг. Ялангуяа ардын урлагаар уран бүтээл туурвидаг бидний хувьд яах аргагүй байх ёстой үзэл. Залуучууд бид л эх орноо хайрлаж, Монгол чигээр нь авч үлдэх ёстой. Дэлхийн хаана ч байхгүй энэ их өв соёл маань цаг хугацаа өнгөрөх тусам үндэсний хэв шинжээ алдаад байх шиг санагддаг.
-Эх орноо өв соёл, үүх түүхтэй нь авч үлдэхийн тулд бид яах ёстой вэ?
-Өөр, өөрсдийн үзэл бодолдоо үнэнч байж ардын урлагаа дэмжих ёстой. Ядахдаа л монгол дээлээ өмсч заншмаар байна. Эндээс л эх орон ч сэтгэлгээ эхэлнэ шүү дээ. Гэхдээ нэг үеэ бодвол хүмүүс ардын урлаг, үндэсний хөгжмөө ойлгож мэдэрдэг болсон нь сайхан санагддаг юм.
-Манай ардын урлагийг гадныхан сонирхдог. Гэхдээ бусад улсын урлагтай харьцуулж үзэхэд ямар төвшинд яваа юм бол?
-Монголчууд гэхээр л хөдсөн дээлтэй, адуу малтай ноцолдсон, бүдүүлэг ард түмэн гэсэн ойлголт аль эрт ард хоцорсон. Тодорхой хэмжээгээр дэлхий дахинд Монголыг мэддэг болж. Ялангуяа Япон улс манай ардын хөгжмийг ихээхэн сонирхдог юм билээ. Очоод уран бүтээлээ хүргэхэд ч халуун дулаанаар хүлээж авдаг. Манай урлаг хөгжлийнхөө ид үед явж байна гэж залуу уран бүтээлчийнхээ хувьд дүгнэж байна. Манай хамтлаг ч дэлхийд эх орноо сурталчлах зорилготой.
-Бусад урлагийн төрөл жанртай ардын урлаг маань өрсөлдөж чадах уу?
-Тиймээ. Эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулсан сайн хамтлаг болж, чанартай уран бүтээлээр бэлэг барихаар бид хөдөлмөрлөж байна. Одоогийн байдлаар попын хатан хаан гэгдээд байгаа дуучин Аделийн дууг үндэсний хөгжимтэй хослуулан тоглосон. Удахгүй сонсогчдын сонорт хүрэх байх. Цаашдаа ч дэлхийн шилдгүүдийн уран бүтээлийг монгол хэлбэрт оруулж, шинэ соргог бүхнийг бүтээнэ гэдэгтээ итгэлтэй байна. “Монгол онгод” хамтлаг дөрвөн жилийн дараа дэлхийн талд танигдсан чансаатай хамтлаг болохын төлөө зорьж байна.
-Бусад уран бүтээлчдээс танай хамтлагтай хамтран ажиллах санал ирсэн үү?
-Хөгжмийн зохиолч Яруу ах манай хамтлагийг сонсох, тоглолт зохион байгуулж өгөх санал тавьсан. Бид хичээж бэлдэж байна.
МОРИН ХУУРЫГ СЭТГЭЛ ЗҮРХЭЭРЭЭ МЭДЭРЧ ТОГЛОДОГ
-Залуу хүний хийж бүтээх чин эрмэлзэл, эрч хүч чамаас мэдрэгдэж байна?
-Уран бүтээлч хүн болохоор сэтгэл хөдлөл ихтэй л дээ./инээв/ Морин хуур хөгжим хүний сэтгэлийг хөгөлж, уяраадаг. Чингис хаан хүртэл морин хуурын аялгуунаас тайтгарлыг авдаг байсан гэж түүхэнд бичсэн байдаг. Хамтлагт ороод тоглоход морин хуур бусад хөгжмийг дарж, зөөлрүүлдэг онцлогтой.
- Уран бүтээлийн сэтгэл догдлуулсан мэдрэмж хаанаас гардаг юм бол?
- Хамгийн эхэнд хөгжмийн зохиолчийн авьяас. Тэр хүний зохиосон аялгууг би өөрийхөөрөө мэдэрч тоглодог. Хүч хөдөлмөрөө шавхан, сэтгэл зүрхээрээ мэдэрч тоглохыг хичээдэг болохоор л магадгүй тийм сайхан мэдрэмжийг өөрт чинь төрүүлсэн байх.
-Манай залуус хөнгөн хөгжимд их дурлах болжээ. Энэ талаар ямар бодолтой байна?
-Буруутгах аргагүй л дээ. Орчин үеэ даган хөгжиж байгаа нь тэр. Гэхдээ барууны ямар ч оронд техно, транс хөгжмийг стресс тайлах биеийнхээ чилээг гаргаж бүжиглэх зорилгоор л сонсдог. Харин манай залуус цэнгээний газар ууж дарвих гэж л сонсоод байгаа нь жаахан таагүй санагддаг.
- Таны хувьд ардын хөгжмөөс өөр ямар урсгал сонсдог вэ?
-Япон болон Араб дуу сонсох дуртай.
-Араб гэхээр сонин сонсогдож байна. Ямар төрлийн дуунууд байдаг бол?
-Араб дуу их өвөрмөц бас сонин. Уянгалаг аялгуутай болохоор сонсох дуртай.
-Морин хуурч болох чиний багын мөрөөдөл байв уу?
-Багадаа “Морин хуур” чуулгын тоглолтыг үздэг байсан. Тэр сонирхол хүчтэй нөлөөлж, сэтгэлд хоногшсон байх. Мөн урлагийн гэр бүлд өссөн маань нөлөөлсөн байх. Миний өвөө саксафон хөгжимчин, ээж СУИС-ийг дуулаачаар төгссөн. 2000 онд Хөгжим бүжгийн коллежид хоёрдугаар ангиасаа орсон. Хорвоогийн жаргал зовлонг хоёрхон чавхдаст багтаадаг морин хуур бол манай үндэсний бахархал. Цаг хугацаа өнгөрөх тусам мэргэжилдээ улам дурлаж, хийж бүтээх чин хүслээр дүүрэн явна.
-Шинэ уран бүтээл дээр ажиллаад хамгийн түрүүнд хэнд сонсгодог вэ?
-Миний уран бүтээлийн эхний сонсогч, бас хамгийн сайн шүүмжлэгч нь гэр бүлийхэн байдаг. Ямарваа нэг уран бүтээл хийхдээ чин сэтгэлээсээ хандаж, мэдэрч, өнгийг нь алдалгүй олж тоглоорой гэж өвөө минь сургадаг. Өвөөгийхөө сургаалийг санаж уран бүтээлдээ шингээхийг зорьдог.
-Шантрах үе гарч байв уу?
-Шантрах үе гаралгүй л яах вэ. Анх Хөгжим бүжгийн коллежид орчихоод хурууныхаа өндгийг цус хурж, шалбартал хичээллэдэг байсан. Багш маань хатуу зарчимч хүн. Нэг ангид оруулаад ганцааранг минь суулгачихна. Энэ бүхэн надад асар их хатуужил болсон доо. Одоо багшдаа баярлаж явдаг.
-Уран бүтээлч байхын хамгийн жаргалтай үе хэзээ байдаг юм бол?
-Аливаа уран бүтээлч хүн өөрийн хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ шингээсэн бүтээлээ хүмүүст хүргээд асар их энерги, эрч хүчийг авдаг. Тайзан дээрээс буухад, хөшиг хаагдтал тасралтгүй үргэлжлэх нижигнэсэн алга ташилтыг сонсох л уран бүтээлч болсны дээдийн аз жаргал.
-Тэр аз жаргалыг хэр олон мэдэрч байв?
-Их олон удаа сэтгэл зүрхээрээ мэдэрсэн. Гадаадын олон орноор явж үндэсний урлагаа сурталчилж байхдаа илүү ихээр мэдэрдэг. Монгол хүн болж төрсөндөө, морин хуурч гэдэг энэ агуу мэргэжлийг сонгосноороо бахархаж, омогших сэтгэл өөрийн эрхгүй төрдөг.