Д.ЦЭРЭННАДМИД

 Тийм ээ. Амьдралын аливаа агшин гэдэг нэг л болоод өнгөрдөг. Тэр тусмаа спортын агшин бүр ч хоромхон хугацаанд гялбаа шиг байдаг ховор зүйл. Тэр бүхнийг Монголын уран зургийн галерейд саяхан нээгдсэн “Үл мартагдах агшин” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгээс ойлгож болох юм. Энэ үзэсгэлэнг гаргаж байгаа уранбүтээлч нь Ч.Ганбат. Тэр Монголоос анх удаа албан ёсны эрхтэйгээр зуны олимпийн наадам сурвалжилсан фотосурвалжлагч юм. Түүнтэй цөөн минут ярилцлаа.

 - “Лондон-2012” олимп сурвалжилсан сэтгэгдлээ­сээ хуваалцана уу?

-Олимп нь хүн тө­рөлхт­ний спортын их наа­дамд гэдэг утгаараа аугаа юм. Урьд өмнө очиж үзсэн дэлхий, тивийн аваргын тэмцээнээс огт өөр. Дэлхийн спортын сорууд, жинхэнэ одууд тэнд очдог юм байна. Спортын оргил наадмыг халуун цэг дээрээс нь сурвалжилсан минь надад олдсон  том хувь заяа юм даа.

-Олимпийг найрамдал, нөхөрлөлийн их баяр гэдэг. Өөрийн чинь хувьд олон найз нөхөдтэй болов уу?

-Фотогийнхон гэж бүхэл бүтэн “арми” байлаа. Олон танилтай болсон. ОХУ-ын мэргэжил нэгтнүүдтэйгээ нэлээд лав танилцсан. Гүрж, Тажикстан, Узбекистан гээд. Тэднээс сурах юм ч их байсан. Тэмцээний ховор агшныг нэг хүн бүгдийг авна гэдэг хэцүү. Маш их авхаалж шуурхай байдал шаардах юм. Тиймээс заримтай нь баг болж харилцан туслалцаж байлаа.

-Үзэсгэлэнг чинь үзэхэд энэ нь байдаг л юм гэхээр зураг бараг алга. Дандаа л ховор агшин санагдлаа. Хамгийн сэтгэл хөдөлж авсан нь ямар зургууд байна вэ?

-Зураг болгонд л сэт­гэл, бодлоо хөдөлмөрөө шингээж авсан. Бүгд л миний авьяас чадварын илэрхийлэл. Н.Түвшин­бая­рын мөнгөн медалийн төлөө барилдааны, Н.Төгс­цогтын рингэнээс бууж ирээд нулимсаа барьж чадахгүй үе гээд баяр, харамсал зэрэгцсэн агшин, хөгжөөн дэмжигч­дийн өөрийн эрхгүй хөөрөлттэй дүр зураг гээд ярьвал олныг өгүүлж болно. Мөн дэлхийн хамгийн хурдан хүн Усейн Болт, алдарт харайгч Исинбаева болон цуутай хамтлаг дуучдын хөргийг яг дэргэдээс авах үнэхээр сэтгэл догдлом юм билээ. Гэмтэлтэйгээр медалийн тавцанд гарах үед түрүүхэн нь өөрийг нь ялж алтан медалийн болзол хангасан ОХУ-ын бөх Түвшээг маань үнэн сэтгэлээсээ түшиж сугадаад тусалж байгаа үе дахин давтагдахгүй мөч. Бас олимпийн нээлт, хаалтын гайхамшигтай үеүд байлаа.

-Энэ үзэсгэлэндээ хэчнээн зураг дэлгэн үзүүлж байна вэ?

-Өлгөсөн нь 250 зураг байна. Цаана нь үлдсэн 1000 гаруй зургийг үзэс­гэлэнгийн танхимд таван телевизор зоож ди­житаль хэлбэрээр толи­луулж бай­на. Өөрийн үзсэн харсан бүхнийгээ монголчууддаа бүрэн үзүүлэх юм шүү гэж л бодсон.

-Энэ алтан агшнууд харуулсан ховор үзэсгэлэнгээ ер нь яах бодолтой байна даа?

-Ихээхэн хөдөлмөр багагүй зардал  гаргасан үзэсгэлэн л дээ. Яахыг одоогоор шийдээгүй бай­на. Юуны түрүүнд “Эр­дэнэт” үйлдвэр, “Хан­гарьд” спорт клубын хү­сэлт гаргасан дагуу Орхон аймагт очиж үзэсгэлэнгээ дэлгэж орон нутгийнхныг баярлуулна. Дараа нь олим­пийн ме­дальтнууд­даа, ивээн тэт­гэ­сэн бай­гууллагадаа үзэс­гэлэн­гийн­хээ дээжээс бэлэглэнэ.

Ч.Ганбатын бүтээлүүдээс харсан даруйд бүхнийг мартуулахаар, хожим сэтгэлд хоногшим олон агшныг үзлээ. “Нүд” хэмээх зураг байна. Оройдоо мөнх цастай Отгонтэнгэр уулыг морины нүдэнд багтана чинээ хэн санахав. Тэгвэл тэр уулыг хавь орчинтой нь багтаасан “Нүд” зураг гайхалтай агшин. Түүнийг олж харна гэдэг үнэхээр торгон мэдрэмж. Цаашлаад хөлбөмбөгчний нисэлттэй цохилт, адуучин эрсийн золбоолог үйл явдлууд гээд хараад хараад ханашгүй зураг дэндүү олон. Энэ үзэсгэлэнг үзсэн хүн олимп үзсэнтэй адил болохоор юм билээ.