Б.САН
Дэлхийн хамгийн их адал явдалтай автомашины аяллын нэг гэгддэг “Монгол ралли” манай оронд ажилладаг олон улсын буяны байгууллагуудад хандив цуглуулах зорилгоор анх 2004 онд болсон бөгөөд тэр аялалд зургаан баг оролцсоноос дөрөв нь Улаанбаатарт хүрч байжээ. Үүнээс хойш Евразийг хөндлөн гулд туулан манай улсын нийслэлд барианд ордог энэ аялал хүрээгээ маш хурдан тэлж Лондоны алдарт Хайд паркаас гараагаа эхэлсэн 2007 оны аялалд оролцохыг хүсэгчдийн тоо хэт их байсан тул 200 багийг сугалаагаар тодруулахад хүрсэн гэдэг. Энэ аяллын гол онцлог гэвэл 1.2 литрийн багтаамжтай цилиндртэй бага оврын машиныг л оролцуулдагт оршдог аж.
Олон арван орны нутаг дэвсгэрээр өнгөрдөг энэ аяллын үеэр эмгэнэлтэй осол гарсан нь ч цөөнгүй. Жишээлбэл, 2010 оны “Монгол ралли”-д оролцсон Английн хоёр иргэн Иран, Туркменистаны хил дээр осолдон амь насаа алдаж байжээ. Тус аялал 21 орны газар нутгаар болсон тохиолдол ч бий.
Харин арав дахь “Монгол ралли” энэ сарын 20-нд Лондоноос эхлэх бөгөөд оролцогчид 17 орноор дайран наймдугаар сарын 31 гэхэд Улаанбаатарт хүрэлцэн ирсэн байх ёстой аж. Энэ удаагийн аялалд Мальта улсын баг анх удаа оролцох бөгөөд орон орны нийт 300 шахам бага оврын машин Монголыг зорих юм байна.