Хөрөг
Д.НАДМИД
Өвөрхангайн шилдэг бөхчүүдийн нэрийн жагсаалтад Монгол Улсын заан Зэвгийн Дүвчин тун дээгүүр бичигддэг. Тус аймаг хоёр ч аваргатай бас арслантай. Заанууд гэвэл олоон. Бөх сайтай нутгийн сайн бөх нь тэрнийг гэхэд хэн ч маргахгүй дээ. З.Дүвчин бусдын адил хурга, ишигтэй хөөцөлдөж айлын хүүхдүүдтэй дээлээ урж ноцолдсон нэгэн байж. Баянхонгорын Барилгын ТМС-т сурдаг ах З.Ойдов нь өсвөр үе, идэрчүүдийн улсын аварга болж улмаар Хархорин сумынхаа наадамд барилдаад түрүүлчихсэн. Энэ нь дүү Дүвчингийн хор шарыг хөдөлгөж л дээ. Би яагаад барилдаж болдоггүй юм гэсэн бодол толгойд нь хадгалаастай л байж. Тэгээд бөх болох хүсэлтэйгээр ахынхаа сурч байсан ТМС-д очжээ. Төгсөөд Хужиртын барилгын ангид хуваарь авчээ. Гэтэл Дүвчинг барилга барих биш барилдах тухай бодол л эзэмдэж байснаас ахдаа хэлж. Удахгүй Улаанбаатарт шилжин ирж “Хөдөлмөр” нийгэмлэгт дасгалжуулагч Х.Намшир багшийн секцэнд орсноор их бодол тээж явсан толгой нь хөнгөрөх шиг болсон байна. Гэвч 1970-1975 онд барилгаа барьсаар, бас барилдсаар байж. Дараа нь гутлын үйлдвэрт ажилчин болж тэндхийн үндсэн хүнээр 16 жил ажиллав. Энэ үедээ буюу 1977 онд улсын өсөх идэр начин цол хүртсэн байдаг. Тэр жил үйлдвэрийн дарга нь “За дурак минь чи наадамд олигтойхон барилдаарай хө. Чамайг манай үйлдвэрийн 3500 ажилчин харж байгаа шүү” гэж. Энэ нь Дүвчинг зоригжуулах үг байж. Даргынхаа өгсөн даалгаврыг ч биелүүлж. Ямар ч цолгүй залуу улсын наадамд шууд зургаа давчихна гэдэг том амжилт байлаа. Гэхдээ бас сонинтой гэж байгаа. Наадмын өмнөхөн барилдаж байгаад хавиргаа гэмтээчихэж. Тэгээд наадмаар барилдах ч өнгөрлөө гэж бодож. Гэтэл улсын начин Г.Жалаа тааралдаад “Наадмаар барилдана биз дээ” гэхэд нь хавиргаа хэлж. Тэгсэн начин загнаж байна гэнээ. Чиний нэг муу хавирга хугараа л биз. Юун шалтагч юм. Барилд чи гээд Дүвчингийн нэрийг бичүүлж мандат аваад өгчихөж.
Тэгээд болоогүй ээ морь үзэж яваад нэрээ дуудахад байсангүй. Хасагдсан биз гэж бодож явтал засуул Агваан гуайн чармайлтаар зодоглоод гарав. Ингээд унах шахаж, унагаж хаяж явсаар зургаа давж. Тэр үеийн аварга, арслан, заанууд гэж архайсан, ааг нь багтаж ядсан сайхан амьтад байж. Гэтэл “Дүвчин” зоргоороо барилдаад улсын цолд хүрчихэж. Наадамчин олон баяр хүргээд жигтэйхэн байлаа гэж Дүвчин ярьдаг.
Түүнээсээ арван жилийн дараа буюу 1987 онд М.Мөнгөн арслангаар долоо давж улсын заан болжээ. Яагаад ийм олон жилийн зайтай цол хүртсэн бэ гэвэл чөлөөт бөхийн тэмцээнд оролцох энэ тэр гээд зодоглоогүй жилүүд байдаг аж. З.Дүвчин заан тун өвөрмөц барилдаантай бөх. Дэгжин гэж ч хэлэм уран барилддаг. Хүнд бярдуулахгүй, өөрөө ч тийм суурь бяртай биш болохоор хүчээр даваа авах нь ховор. Учраагаа мэх хийх явцад тун хөөрхөн аргалчихаж харагддаг. Хашир бөхчүүд залууст “Дүвчингийн баруун хөлийг авч болохгүй” гэж их захина. Энэ нь баруун хөлөө өгч байгаад хүч нь төвлөрөөд ирэхээр өлгөөд хаячихдаг нь түүний үндсэн мэх юм. Үнэхээр дүүрэн барилдаантай бөх гэж бөхийн мэргэжилтнүүд түүнийг үнэлдэг. Заан “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойн том наадмаас хойш зодоглосонгүй. Энэ нь хойч үеэ бэлдэхээр дасгалжуулагчийн ажилд шилжсэнтэй холбоотой. “Замчин” нийгэмлэгт байх үеийн шавь нараас нь олон хүн улсын цолд хүрч. Сүүлдээ чөлөөтөөр улсын шигшээ багт дасгалжуулагчаар ажиллаж байна. Саяхан түүнтэй уулзаж тав, гурван үг солилцслн юм.
-Та ойрд нутгийнхантайгаа бөхийн галд гарсангүй юү дээ?
-Тийм ээ. 2005 оноос хойш наадмын бэлтгэлд гарсангүй. Улсын шигшээд дасгалжуулагч болсноор зав тун бага. Тэмцээн ч олон болж. Гэхдээ улсын наадмаар барилдаагүй ч бөхчүүдтэйгээ уулзаж, наадам үзэж баясдаг л даа.
-Чөлөөтийн улсын шигшээ багийнхны тэр дотроо эмэгтэйчүүдийн амжилт их дээшилсэн. Энэ талаар...?
-Би яг 10 жил дасгалжуулагчаар ажиллаж байна. Манай шигшээгийн охид дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс бусдад нь гайгүй амжилт гаргасан. Энэ нь ганцхан миний ажлын үр дүн биш. Надаас туршлагатай дасгалжуулагч ч байгаа. Миний шавь нартаа хэлдэг үг бий. “Сайн бөх болохгүй байж болно. Хамгийн гол нь энэ их спортоос эрүүл салах хэрэгтэй шүү” гэж.
-Дэлхийн аварга С.Батцэцэг таны гарын шавь биз?
-Тиймээ. Чөлөөтөөр нэг л жил хичээллэсэн үедээ над дээр ирсэн. Урьд нь Архангайн Хашаат сумын багш Дондовоор барилдааны цагаан толгой заалгасан гэдэг юм. С.Батцэцэг хичээл зүтгэл сайтай, бөх байх бүх шинжийг бүрдүүлж чадсан тамирчин. Амархан ч гарч ирсэн дээ. Дэлхийн аварга болсныхоо дараахан 2012 оны олимпоос хүрэл медаль авчирсан. Энэ нь Монголын чөлөөт бөхийн тамирчдаас олимпийн медалийн буухиаг 32 жилийн дараа үргэлжлүүлсэн амжилт юм. Бас “Универсиад” наадмын аварга болсон.
-Өөр бусад шавь нарынхаа тухай ярина уу?
-Гавьяат тамирчин Ц.Энхжаргал, ОУХМ Г.Наранчимэг, Э.Сумъяа, Ш.Түмэнцэцэг гээд бий. Ц.Энхжаргалын жинхэнэ багш нь дасгалжуулагч Т.Сүхбаатар юм шүү дээ. Харин миний удирдлагад ирсэн үедээ ДАШТ-ээс хүрэл медаль авчирч байлаа тэр. Түүнээс хойш манай эмэгтэй тамирчдын амжилтын буухиа тасраагүй ээ. Г.Наранчимэг Азийн наадмын аварга боллоо. Э.Сумъяа Будапештэд болсон ДАШТ-ээс мөнгөн медаль авч ирсэн гээд тоочиж болно. Ш.Түмэнцээцг тун сайн бөх. Түүнийг хэзээ нэг цагт амжилт гаргана гэж горьддог.
-Үндэсний бөхөөр бэлдсэн залуучуудаас чинь онцлог бөх олон биз?
-Ч.Санжаадамбыг 15 настай байх днь үндэсний бөхөд хөтөлж оруулсан. Түүнийг заанаас өндөр цол хүртэх байх гэж харж бөайдаг даа.
-Сүүлчийн асуулт. Энэ жилийн наадмын бөхийн өнгө ямар байх бол. Тийм бөх цол хүртэх болов уу гэсэн таамаг өөрт чинь байна уу?
-Наадмын бөх жилээс жилд сонирхолтой болж байгаа. Энэ жил шижигнэсэн залуучууд байна. Цолтон олон төрөх биз. Чухам тэр тэр цолд хүрнэ гээд хэлэх зориг алга даа. Сүүлийн үед таахад хэцүү болсон цаг шүү дээ. Хэн бэлтгэл сайтай, од нь гийсэн нь сайн барилддаг жамтай л даа.