Жил жилийн наадмаар ямар бөхчүүд цол нэмэх бол гэж бөх сонирхогчид өөр хоорондоо ярилцаж байдаг. Тааврын уралдаан отож суугаа хүмүүс ч бий. Тэдний “нэр дэвшүүлж” байгаа бөхчүүдийн тоонд багтаж байгаа дөрвөн хүчтний тухай уншигчдын анхааралд хүргэж байна. Зурагт буй дөрвөн бөхийг энэ зуны наадмаар цолоо ахиулах байх гэж бөх сонирхогчид тааж байна. Баруун гараас улсын заан Ч.Санжаадамба. Архангай аймгийн Хашаат сум, “Бөх билэгт” дэвжээний гол найдвар энэ нөхөрт зааланд бяр чадлаа гайхуулдаг шигээ барилдвал улсын баяр наадмын түрүү энүүхэнд ер нь аваргын дайтай бөх гэдэг.

Хоёр дахь бөх нь Булган аймгийн Могод сумын харьяат, улсын өсөх идэр начин Э.Энхбат. Уран барилдаантай бөх хэн бэ гэвэл түүнийг тун дээгүүр жагсааж болно. Бөх сонирхогчид түүнийг зааны энтэй бөх гэж тооцдог. Жүдогийн олон улсын хэмжээний мастер цолтой хүн. Тиймдээ хазах, хайрахаас бусдыг хийж барилдана даа. Тэр.

Гурав дахь нь улсын залуу гарьд Б.Гончигдамба. Завхан аймгийн Их-Уул сумын унаган хүчтэн. Өнгөрсөн жилийн наадмаар үзүүрлэж гарьд цол хүртсэн. Энэ бол түүний авах цолны дээд тал нь биш гэж бөх сонирхогчид хэлээд байгаа. Б.Гончигдамбын нэг онцлог нь бөх хүнд байх эгэл даруу шинжийг өөртөө шингээсэн, хэдийд ямар мэх хийхээ нарийн тооцоолж барилддаг. Ийм хүн юм сурна даа гэдэг шиг ямар ч цолны эзэн байж болох бөх дөө. Улсын наадмын түрүү бөх гээд зогсож байхыг хэн ч байг гэхгүй биз.

Дөрөв дэх нь Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын залуу начин Р.Пүрэвдагва. Аварга, арслангуудын зүрхэнд шар ус хуруулж байгаа бөхийн нэг. Түүний барилдааныг харахад өдрөөс өдөрт ур чадвар нь дээшлээд байгаа гэж болно. Хэн нэг залуу цолонд хүрээд хэмжээ нь болсон юм шиг болчихдог. Алдаг оногхон сайн барилддаг байдаг бол Р.Пүрэвдагва үнэнхүү тогтмол амжилттай барилдаж байна. Заал, танхимын барилдаанд шөвгөрөөгүй нь ховор. Их шөвөгт ч үлдэж л байдаг. Түүнийг амлах бөх ховор голдуу тунаад байгаа. Энэ бол цол нь багадаад байна гэсэн үг л дээ. Түмний хайртай дөрвөн сайхан бөхдөө цол нэмэхийн ерөөл өргөе.

 

 

БМ сонин