Ц.БАЯР

Спорт судлаач, Дархан-Уул аймаг дахь ,,Силикат,, ХК-ийн захирал Ц.Содбилэгтэй ярилцсаныг уншигчдадаа толилуулья.

-Монголын спортын ололт амжилтыг судалж ном болгон хэвлүүлэх гэж буйг сонссон. Хэр олон жилийн судалгаа вэ?

-Анх 1991 оноос бокс, таеквондо, жүдо, чөлөөт, муатай, хүндийн өргөлт, хөнгөн атлетикийн сонгодог дасгалуудыг нэгтгэн анхны сургалтын хөтөлбөрийг гаргасан. 1994, 1997, 2004, 2015 онд үндсэндээ 25 жилийн хугацаанд 5 удаа шинэчлэн найруулж сайжруулсан. Энэ хугацаанд 400 гаруй хуудас тэмдэглэл хөтөлSсөн байна. Үүнийгээ эмхэтгэж мэргэжлийн тулааны спортын сургалт арга зүйн гарын авлага гаргахаар ажиллаж байна.

-Найман төрлийн спортын зургаа нь олимпт ордог спорт байна. Тэгэхээр тулж өрсөлдөх спортын тамирчид, дасгалжуулагч нарт  зориулагдсан судалгааны бүтээл гэж ойлгож болох нээ?

Тулж өрсөлдөх спортын тэмцэлдэх хэлбэр нь өөр боловч дотоод агуулга нь адилхан. Сонирхогчийн, мэргэжлийн аль нь ч хүнийг хөгжүүлэх утгаараа нэг чиглэлтэй. Тиймээс бусад төрлийн спортод ашиглах бүрэн боломжтой.

-Сонирхогчийн спорт, мэргэжлийн спорт хоорондоо ямар ялгаатай байдаг вэ, энэ талаар тайлбар өгөхгүй юү?

Сонирхогч гэдэг нь тухайн спортод шимтэн дурлаж, дуртай учраас эд материалын сонирхолгүйгээр уралдах гэсэн утгаар хэрэглэгддэг. Мэргэжлийн гэдэг нь өөрийн авьяас чадварыг дээд зэргээр хөгжүүлж, түүгээрээ ашиг орлого, нэр хүнд олох үндсэн зорилготой юм. Тамирчид спортын мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулж зөвхөн мэргэжлийн тамирчид оролцдог спортыг хэлнэ.

-Мэргэжлийн тамирчдын  онцлог ямар байх вэ?

– Ямар ч хүнд нөхцөлд тэсвэрлэх чадвар нь илүү хөгжсөн, сэтгэл зүйн хувьд өрсөлдөгчөө буулгаж авахын тулд ямар ч эрсдэлийг хүлээхэд бэлэн байдгаараа онцлогтой. Сүүлийн үед шинжлэх ухаан, мэдээллийн технолги хөгжихийн хэрээр шинэ мэдлэг, мэдээлэл сургалтын арга зүйд нэвтэрч сонирхогчийн спорт мэргэжлийн тал руугаа явж байна.

-Сонирхогчоос мэргэжлийн тамирчин болно гэж ойлгож болох уу?

Спортоор хичээллэх явцад бие бялдарын үзүүлэлтүүд тодорхой төвшинд хүрээд тогтдог өөрөөр хэлбэл амжилт нь цааш ахихгүй болдог. Үүнийг “бие бялдарын хөгжлийн тодорхой үе дэх хязгаар” гэж томьёолдог. Цааш хүчээр ахих гэвэл бие бялдар, оюун санаа, сэтгэл зүй хоорондоо зөрчилдөн “азгүй тамирчин” гэх нэр томьёо бий болдог. Энэ хязгаарыг давах сэтгэлзүйн бэлтгэл, чадвараас мэргэжлийн спорт эхэлдэг гэж болно. Ихэнх мэргэжлийн тамирчдын замнал сонирхогчийн спортоос эхэлдэг.

-2008 онд Монгол Улс  олимпийн хоёр аваргатай болсон. Төр засаг олимпийн аваргуудаа өндрөөр үнэлэж гавьяа шагнал өгсөн. Гэтэл Бадарууган, Сэрдамба баатрууд маань дахиж ринген дээр гарсангүй. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Алдрын оргилд гарна гэдэг амаргүй. Аваргын титэмээ урт хугацаанд баттай хамгаалах гэдэг бүр ч амаргүй. Хөгжингүй орны спортын клубууд дэргэдээ судалгааны баг ажиллуулдаг. Тамирчинд олон талын мэдлэг олгож, бэлтгэлийн хөтөлбөрийг нь төлөвлөж өгнө, баримтлах зарчимуудыг нь зөвлөнө, тэдний хувьд бүх зүйл хяналтанд байдаг. Манайд энэ тал нь орхигдсон.

-Та энэ талаар номондоо оруулсан уу. Хэрэв энэ талаар бичсэн бол дасгалжуулагч, тамирчдад хүндрэл бэрхшээлийг даван туулахад нь туслах гарын авлага болох юм байна?

– Тэгж ойлгож болно. Дасгалжуулах явцад физиологи, морфологи, сэтгэхүй, сэтгэл зүйн өөрчлөлтүүд явагдаж байдаг. Сургалтын арга зүйг зөв төлөвлөж, зөв зохион байгуулбал тамирчны өсөлт түргэсч, амжилтын насыг наашлуулах цаг хугацааг товчлох боломж олгоно. Хэрэв одоо байгаа сургалтын арга зүй шинэчлэгдэхгүй хэвээр байвал тамирчдын амжилтанд өөрчлөлт гарахгүй. Аливаа улсын тамирчдын амжилт нь сургалтын арга зүйдээ байдаг. Сургалтын арга зүй бол аливаа спортын амин сүнс нь юм.

-Рио-2016 олимпийн наадам болж өнгөрлөө. Олимпод оролцсон манай баг тамирчдын үзүүлсэн амжилт, алдаа онооны талаар Та ямар бодолтой үлдэв?

Манай тамирчид суурь сайтай болох нь тэмцээний үеэр харагдсан.Харамсалтай нь хурд, тактик, тэсвэр сул байсан. Энэ талаар Ойдов багш жилийн өмнө ярилцлага өгч байсан. Сүүлийн 10 секундэд мэх хийж ялж байгаа тохиолдол их гарлаа. Япон, Европын сургалтын арга зүй шинэ төвшинд гарсныг, манай сургалт арга зүй хоцорсныг харууллаа.

-Өдөр бүр 2-3 бэлтгэл хийж байж амжилтад хүрдэг гэж сонссон. Ингэж бэлтгэж  байж олимпт оролцох байсан болов уу. Дэлхийтэй өрсөлдөнө гэдэг асар их бэлтгэлтэй байхыг шаарддаг байх?

Их хийхдээ гол нь биш хамгийн гол нь бэлтгэлийн темп. Хоёр цагийн бэлтгэлийг өндөр темээр хийж сурах ёстой. Өндөр темпээр хичээллэх үед хурд, хүч, тэсвэр хөгжөнө. Биеийн өөхний шаталт түргэсч жин буурна. Хөдөлгөөний шинж төрх хурц тэсрэлттэй болно. Манай тамирчид өөх мяраатай бомбогор намхан нуруутай удаан хөдөлгөөнтэй байгаа нь үүнтэй холбоотой. Жишээ нь. Алдарт Майк Тайсон 7 хоногийн 5 өдөр нь бэлтгэл хийдэг 2 өдөр нь амардаг байсан. Өглөө 04 цагт босч 5км-ийн кросс гүйнэ. Ирээд зарядка /гимнастик/ хийнэ. Цайгаа ууна. Орондоо орж унтана. Өдөр хоолны цагаар сэрнэ. Өдрийн хоол иднэ. Амарна. Үдээс хойш бэлтгэл. Маш хурдтай, эрчимтэй, 2 цаг яс бэлтгэл хийнэ. Амарна. Оройн хоол иднэ. Амарна. Орой унтахаас өмнө 1цаг дугуй унана. 10 цагт орондоо орж унтаж амарна. Үүнийг анзаарвал, 24 цагт 2удаа унтаж амардаг, өдөрт нэг удаа бэлтгэл хийдэг. Бэлтгэлээ хийхдээ маш эрчимтэй, өндөр нягтралтай хийдэг байсан байна.

-Тэгвэл  таныг 2020 оны Токиогийн олимпод оролцох тамирчдад зөвлөгөө өгнө үү гэвэл юу хэлэхсэн бол?

Тамирчны амжилтад нөлөөлдөг хоёр чухал хүчин зүйл бий. Нэгд, дасгалжуулагчийн мэдлэг, ур чадвар. Дасгалжуулах процесс хоёр цагаар хязгаарлагдахгүй. Энэ бол 24 цагийн үйл явц юм. Өдрийн хэмнэл, шөнийн хэмнэл, ачаалалт, амралтын харьцаа, темп, пульс, булчингийн чанар, жин, хоол хүнс, тэжээл зэрэг тамирчны бие бялдарт гарч байгаа бүхий л өөрчлөлтийн талаарх мэдээллийг нарийн тэмдэглэж хөтлөх ёстой.Ялангуя тэмцээний үеийн пульсийг тэмдэглэх нь цаашдын ачааллыг төлөвлөх чухал мэдээлэл юм. Дасгалжуулагч бол тухайн спортын оюун санааны тархи нь, амжилтын хөтөч нь юм. Дасгалжуулагчийн хариуцлага, санаачлага, бүтээлч чанар тамирчны амжилтад шууд тусгалаа олж байдаг. Иймээс бэлтгэлийн хоёр цагийг минут секундээр төлөвлөж, төлөвлөгөөний дагуу бэлтгэлийг явуулах ёстой. Дунд нь хоёр минутаас илүү тайлбар байх ёсгүй. Бэлтгэлийн дараах амралт маш чухал. Үүнийг пульсээр хянаж болно. Дасгалжууагч мэдээлэл дээр ажиллах, харьцуулсан шинжилгээ хийх, шинийг санаачлах, үргэлж түрүүлж сэтгэж, түрүүнд явах ёстой.

Нөгөө хүчин зүйл нь тамирчны мэдлэг, туршлага, сахилга бат юм. Ямар тамирчин амжилт гаргадаг вэ гэхээр: “…өөрийн спортын төрөлд авьяас чадвараа онцгой хөгжүүлж чадсан, тэмцээний үеийн амжилтад муугаар нөлөөлж болох сөрөг зүйлд тэсвэр тэвчээртэй хандаж чаддаг, бие бялдар, ёс суртахуун, зоригийн өндөр чанартай, олон жилийн туршлагатай тамирчин л спортын томоохон тэмцээнүүдэд өндөр амжилт гаргадаг”. Сахилга бат, хариуцлага маш чухал. Үүнийг өдөр тутмын амьдралд аа мөрдөх ёстой.

– Тамирчид бэлтгэх талаар бодож байна уу?

Дархан хотдоо Спорт сургалтын төв байгуулах зорилготой байгаа. Сургалт арга зүйн хөтөлбөр бэлэн болсон. Одоо спортын заал танхим, хэрэглэл тоног төхөөрөмжийн асуудлаа шийдэх үлдсэн. Олимпоос нилээд хэдэн аваргын алтан медалийг эх орондоо авчрах, Монголын шинэ үеийн спортын одуудыг Дархан хотоосоо төрүүлэхийг зорьж байна.

– Та тулааны спортын тамирчин байсан хүн. Өөрийн спортын замналын талаар манай уншигчдад яривал сонин байх болов уу?

Анх 10 настайдаа спортод хөл тавьсан. Монголын анхны тулааны мастер Төмөрбаатар багшийн удирдлага дор хичээллэж, 1991 онд сандо боксын дэлхийн аваргын тэмцээнд шагналт 4 дүгээр байрт орж байлаа. Монгол Улсаас анхны ITF-ийн дэлхийн аваргын тэмцээнд оролцож 5 дугаар байр, 1997 онд сандо боксын дэлхийн аваргын тэмцээнд кикбоксын ОУХМ цолтой. 37 жил спорттой холбоотой явж ирлээ. Спорт бол миний  хувьд амьдралын минь салшгүй нэг хэсэг гэхэд болно.