Ч.ОЛДОХ
Мэргэжлийн боксын Залуучуудын дэлхийн аварга Г.Баяртогтохтой ярилцлаа. Тэрээр Солонгосын боксчин Кым Кы Намтай ирэх амралтын өдрүүдээр АСА циркт халз тулаан хийхээр бэлтгэлээ базааж байна.
-Нууц биш бол Кым Кы Намтай хийх халз тулаан таны хэд дэх тулаан бэ. Энэ хүртэл та хэд ялж, бас ялагдав?
-Мэргэжлийн боксын рингэн дээр 30 дахь тулаанаа хийх гэж байна. Энэ хүртэл 29 удаа тулалдахдаа 23 ялж, таван удаа ялагдаж, нэг тэнцсэн. 23 ялалтын 20-д нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулгаж авч байлаа.
- Таныг боксын улсын шигшээ багийн тамирчин байсныг мэднэ. Мэргэжлийн бокс руу орсны дараачаас нэг хэсэг чимээ алдарсан болохоор зодог тайлжээ гэж бодож байтал гэнэт тулаан хийхээр гараад ирлээ?
-Би 1994 онд Дорнод аймгаас боксын спортын гараагаа эхэлсэн. Гавъяат дасгалжуулагч Ё.Төмөрбат багшийн удирдлагад боксын спортоор анх хичээллэж эхэлсэн. Багш минь энэ спортоор цаашид хичээллэх миний амжилтын суурийг сайн тавьж өгсөн. 1997-2000 онд улсын шигшээ багийн тамирчин байсан. 2000 онд 20 настайдаа мэргэжлийн бокс руу орсон. Энэ хооронд америк, англи, солонгос, япон багш дасгалжуулагчидтай хамтарч ажилласан. Солонгост Ким Баяраа нэрээр нэг хэсэг тоглосон. 2006 оноос хойш бараг долоон жил завсарлаад өнгөрсөн жил рингэнд гарч Азийн дэлхийн залуучуудын аварга, өөрөөсөө насаар нэлээд дүү боксчинтой тулаан хийсэн. Үүний дараа Солонгосын боксчинтой халз тулаан хийхээр эх орондоо урьсан юм. Тулаан ирэх бүтэн сайн өдөр товлогдсон. Олон жилийн туршлагаараа өөрөө өөрийгөө дасгалжуулж бэлтгээд явж байна. Мөн найз нөхөд маань туслаж байгаа. Миний хобби бол тулалдах. Өөрийгөө хөгшрөөгүй гэж бодож байна. тэгэхэр зодог тайлах хаа ч байсан юм. Мэргэжлийн рингэнд ойрын таван жилдээ хүч үзнэ.
-Улсын шигшээ багийн тамирчин байсны хувьд олимп, тив, дэлхийд амжилт гаргах боломж танд байсан. Гэтэл тэр бүхнийг орхиж, дөнгөж 20-хон настай мэргэжлийн бокс руу орох ямар шалтгаан байсан юм бэ, тэр үед?
-Мэргэжлийн бокс 12 раунд тулалддаг хүнд спорт. Тэсвэр тэвчээр ч их шаарддаг. Нүцгэн гараар цохиж байгаа юм шиг нимгэн бээлийтэй, толгойны хамгаалалтгүй тулалддаг. Тийм болохоор эрсдэл өндөр. Цохилт маш хүчтэй ирдэг. Мэргэжлийн боксоор тулалдаж, тив, дэлхийн жинхэнэ тулаанчидтай рингэнд гарч байж жинхэнэ тулаанч боллоо гэж үздэг ийм л спорт. Миний үед мэргэжлийн боксоор хичээллэх хэцүү байлаа. Манайд тэр талын мэдлэг мэдээлэл ч хомс байсан. Анх дэлхийн аварга Н.Лхагва ахыг дагаж мэргэжлийн бокст хүч сорих бодолтой хичээллэж эхэлсэн. Эргээд харахад би мэргэжлийн бокст 29 тулаан хийж, 20-д нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулгаж авсан байна.
Энэ хүртэл ямар амжилт гаргав гэвэл, 1998 оны дэлхийн залуучуудын аварга, 2002 оны WBC холбооны залуучуудын дэлхийн аварга. 2002-2007 оны өмнөд Солонгосын хоёр жингийн аварга. 2000-2007 оны хооронд Азийн мэргэжлийн боксын рейтингээр тогтмол 1-3 дугаар байрт явж ирсэн. Америкийн Лас Вегасаас эхлээд дэлхийн олон оронд тэмцээнд орж байлаа. Гадаадад том тэмцээнүүдэд оролцож явахад манай улсын иргэн болооч гэсэн хүсэлт, өндөр цалин, тэтгэмж амласан урилгууд их ирдэг ч би Монголоороо дуудуулж, эх орныхоо нэрийг гаргаж явахыг эрхэмлэж ирсэн. Өнөөдөр эх орондоо 30 дахь удаагаа мэргэжлийн боксын рингэнд гарах гээд зогсч байна шүү дээ. Тийм болохоор би сонирхогчийн боксыг орхисондоо, Монголоос явж бокс хөгжсөн том улсын өндөр цалинтай боксчин болоогүйдээ харамсдаггүй.
-Долоон жил завсарлаад рингэн дээр гаргах гэж байна. Одоо тулалдах гэж байгаа өрсөлдөгчөө хэр судлав?
-Ким Ки Нам бол Солонгосын хүнд жингийн өсч яваа залуу тамирчин. Жингийн хувьд надаас 7,8 кг-аар илүү, өндөр нь 178 см. Насаар мөн надаас дүү, одоо 23-тай. Мэргэжлийн боксын рингэнд 13 удаа тулаан хийж, найм ялсан амжилттай яваа тамирчин байгаа юм. Гэхдээ надад туршлага бий. Тэр хүүхдэд рингэн дээр хичээл заагаад явуулна гэж бодож байгаа шүү.
-Халз тулаан хийхэд өрсөлдөгчөө яаж сонгодог юм бэ?
-Сая би эхлээд Хятадын боксчинд тулалдах санал тавьсан юм. Гэтэл Австрали руу тэмцээнд явах боллоо гэсэн хариу өгсөн. Нөгөөтэйгүүр, би өмнө нь үндэсний үзэлтэй залуусын хөдөлгөөнд байсан. Миний ах дүү найз нар үндэсний хөдөлгөөн, иргэний нийгмийн байгуулагуудын идэвхтэй гишүүд. Эх орныхоо төлөө дуугарч байгаа ямар нэгэн жагсаал цуглаанд би иргэн хүнийхээ хувиар оролцдог. Түүнээс болж Хятадын тамирчин надад татгалзсан хариу өгсөн байж магадгүй. Тиймээс би Солонгосын тамирчинд жин харгалзахгүй хүч үзье гэсэн санал тавьсан юм. Би хүнд жингийн тамирчин учраас тулалдах тамирчин олддоггүй. Одоогоор миний жин 82-85 кг-ийн хооронд байгаа. Өрсөлдөх тамирчин маань 92-96 кг-ын жинтэй гэсэн.
-Өнөөдөр Монголд мэргэжлийн боксчин хэр олон байна?
-Солонгост нэг залуу бий. Францад мөн нэг тамирчин байдаг. Америкт ажиллахын зэрэгцээ ганц нэг тулаан хийж байгаа залуусын сураг дуулддаг. Монголд одоогоор би л байна. Т.Цэвээнпүрэв ахын хувьд нас нь нэлээд явчихлаа. Сүүлийн жил гаруй хугацаанд тулаан хийсэнгүй. Ерөнхийдөө зодог тайлж байгаа юм болов уу.
-Мэргэжлийн боксчид их төлөв гадагшаа явчих юм. Монголд энэ спортыг хөгжүүлэх, тамирчин бэлтгэх боломж байдаггүй юм уу?
-Монголд мэргэжлийн боксын хөгжил тааруу байгаа нь үнэн. Тэмцээн ч цөөхөн болдог. Тийм болохоор мэргэжлийн боксыг сурталчлах, залуус, өсвөр үеийнхэнд таниулах зорилгоор Солонгосын тамирчныг уриад тэмцээн зохион байгуулах гэж байгаа юм. Өмнө нь энэ чиглэлд би багагүй ажил зохион байгуулж Монгени цогцолбор сургууль дээр боксын секц хичээллүүлж байсан. Харин гарын шавь бэлтгээгүй. Гэхдээ тамирчин бэлтгэх бодол бий. Сүүлийн үеийн чиг хандлагыг харахад сонирхогчийн бокс толгойны хамгаалалтгүй болсон зэрэг мэргэжил тал руу хөгжиж байгаа зүйлүүд байна. Ер нь олимпийн бокст ч гэсэн мэргэжлийн боксчин хэр бэлтгэж гаргаж ирснээс бокс хөгжсөн орон гэж хүлээн зөвшөөрөгддөг. Гэтэл манайд мэргэжлийн боксын холбоо нэртэй 2-3 холбоо байдаг. Хийж байгаа ажил, боксыг хөгжүүлсэн нь дулимаг. Тэмцээн зохиохгүй, сэтгэл гаргахгүй, тамирчин бэлтгэхгүй байгаад би хувьдаа шүүмжлэлтэй ханддаг. Төрөөс амжилт үзүүлсэн тамирчиддаа шагнал урамшуулал өгөх асуудал бараг байхгүй. Би л гэхэд дэлхийн залуучуудын аварга болж байсан гэхэд улсаас ганц талархалын хуудас ч авч үзээгүй. Ер нь манайд мэргэжлийн боксын спорт хаягдчихсан гэж болно. Тиймээс “Монголын тулаанч дайчдын мэргэжлийн холбоо” нэртэй холбоо байгуулж, байнгын ажиллагаатай байлгахаар найз нөхөдтэйгээ ярьж байгаа. Өөрөө ч хүч үзнэ, шавь нар ч бэлтгэнэ.
-Тэмцээнд ороход таныг ивээн тэтгэдэг, дэмждэг байгууллага байдаг уу?
-Одоо хийх гэж байгаа тэмцээний хувьд ямар нэгэн ивээн тэтгэгч байгууллага байхгүй.Ах дүү нар, найз нөхдийнхөө тусламж дэмжлэгтэйгээр зохион байгуулах гэж байна.
-Бокс эр зоригийн спорт. Рингэн дээр гарахад таныг хамгийн их хурцалж, зоригжуулж өгдөг зүйл юу вэ?
-Эх орныхоо газар шороо, аав ээждээ залбираад гарахад хүчтэй тоглодог.
-Шантрах үе байдаг уу?
-Хүнд тулаанууд бий. Гэсэн ч бокс бол ялсан ч, ялагдсан ч хамгийн гоё спорт.
-Таны сэтгэлд тод үлдсэн ямар тулаан байдаг вэ?
-Би Америкийн Лас Вегаст хүч үзсэн монгол тулаанч. Тэнд Мексикийн тамирчинтай тулаан хийгээд нэгдүгээр раундад хүнд цохиолтоор рингэнээс гаргаж байлаа. Мэргэжлийн боксоор Лас-Вегаст тулалдана гэдэг тухайн боксчны хувьд, тамирчнаа оролцуулсан улс орны хувьд нэг төрийн хэрэг байдаг. Тэгэхэд би Лас-Вегаст тулалдсан анхны монгол тамирчин болж байлаа.
- Монголоос очсон мэргэжлийн боксчдыг тэнд хэрхэн хүлээж авдаг вэ?
-Монголчууд баатар дайчин эрсийн үр сад. Цусанд нь угийн тулаанч чанар байдаг. Монголчууд бэлтгэл хийх юм бол тулааны спортоор амжил үзүүлэх магадлал маш өндөр. Манайхан сонирхогчийн боксоор олимп дэлхийн аваргатай болчихлоо. Мэргэжлийн боксоор гурван дэлхийн аварга байна шүү дээ.
-Ингэхэд танай гэр бүлийн хүнийг Монголын анхны эмэгтэй боксчин гэж сонссон юм байна?
-Манай гэр бүлийн хүн Боксын спортын мастер, дасгалжуулагч, шүүгч Л.Мандах гэж бүсгүй бий. Монголын анхны эмэгтэй боксчдын нэг. Одоо хоёр ч шавь нь улсын шигшээ багт хүч үзэж байна.
-Таныг багаасаа боксын ертөнцөд өсч, хөлд орсон гэж найзууд чинь ярьдаг юм билээ?
-Манай аавын тал олон боксчинтой. Миний авга ах Монгол Улсын гавьяат тамирчин, дасгалжуулагч, Азийн хошой аварга Х.Алтанхуяг гэж боксчин хүн бий. Мөн Пан Азийн аварга, ОУХМ Нэмэхбаяр, спортын мастер Хосбаяр, Ольга нарын сайн боксчид байна. Харин аав маань чөлөөт бөхийн ОУХМ, хоёр олимпод оролцсон тамирчин, 52-ын Ганбат гэхээр хүмүүс андахгүй.
-Танайх хэдэн хүүхэдтэй вэ. Хүүхдүүд чинь боксын спортыг сонирхдог уу?
-Манайх гурван хүүхэдтэй. Том нь дөрвөн настай, бага нь дөрвөн сартай. Боксоор хичээлүүлэхэд бага байна.
- Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Монголчууддаа хандаж та юу хэлэх вэ?
-Юуны өмнө улсынхаа нэрийг өндөр өргөж яваа тамирчид, Монголынхоо боксчдыг ямагт дэмжиж, уншигчидтай уулзуулж урам өгч байдаг танай сонины хамт олонд баярлалаа. Танай уншигчид болон нийт монголчууддаа сайн сайхныг хүсье. Энэ сарын 11-нд АСА циркт болох халз тэмцээнд морилон саатаарай. Эзэн Чингис хаан мэндэлсэний 852 жилийн ойд зориулсан тэмцээн юм шүү. Монгол Солонгос боксчдын халз тулаан гэдгээрээ онцлог. Мөн Реппер Жи, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Т.Дэлгэрмөрөн, П.Хэрлэн нарын үндэсний үзэлтэй залуусын цугларалт болно. Та ч бас нэгдээрэй гэж урья. Монголын бокс мандан бадраг.