Риогийн олимпийн медалийн буухиаг үргэлжлүүлж боксын 60 кг-ын жинд амжилттай өрсөлдөж эх орондоо хүрэл медаль авчирсан Д.Отгондалай баасан гаригийн өглөө 06:00 цагт эх орондоо ирсэн юм. Мөн түүнтэй хамт бокс, чөлөөт бөхийн шигшээ багийнхан “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардав.
Олимпийн хүрэл медальт Д.Отгондалайг нисэх буудалд гэр бүл, хамаатан садан, ХХЕГ-ын орлогч дарга, бригадын генерал Ч.Сайнтөр болон хил хамгаалах байгууллагын хамт олон, Дорнод аймгийн нутгийн зөвлөл, Боксын холбооныхон угтаж авсан юм. Энэ үеэр Д.Отгондалай хэлэхдээ “Эх орондоо ирээд маш их баяртай байна. Ойр дотны олон хүн тоссон, сэтгэл их хөдөлж байна. Олимпийн дэвжээнд анх удаа тулалдаад хүрэл медаль хүртлээ. Өмнө нь тоглож байсан тамирчидтай таарч, ялагдаж байсан тамирчнаа яллаа. Тэмцээн маань наймдугаар сарын 16-нд дууссан. Түүнээс хойш эх орондоо ирэхээр маш их яарлаа. Тоглож дуусаад ялагдсан мэдээг сонсоход хэцүү байсан. Залуу байгаа учраас дараагийнхаа тэмцээнд амжилт гаргахыг хүсч байна. Хожигдлыг тэр дор нь мартсан. Ирэх оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэлээ базааж хичээх болно. Хил хамгаалах ерөнхий газар, Хилчин спорт хороо, бэлтгэл цуг хийдэг найзууд, дүү нар, үе үеийн мундаг багш нартаа маш их баярлалаа” гэсэн юм.
Д.Отгондалайгийн ээж эрүүл мэндийн шалтгаанаар хүүгээ тосч чадаагүй учраас эмээ Г.Сувдаа болон эхнэр Г.Хулан нар нь түүнийг тосч авсан юм.
Эмээ Г.Сувдаа: ХҮҮГЭЭ ТОГЛОХЫГ ХАРААД УЙЛСАН
-Ач хүүгээ нэр хүндтэй том тэмцээнээс медаль хүртэж Монгол түмнээ баярлуулж байгаад маш их баярлаж байна. Ээж нь аймагтаа эмнэлэгт хэвтэж байгаа учраас би Дорнод аймгаас зорьж ирлээ. Хүүгээ тоглохыг хараад уйлаад сууж байсан. Хүүдээ улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Эхнэр Г.Хулан: ХАНИАРАА МАШ ИХ БАХАРХАЖ БАЙНА
-Сэтгэгдэл өндөр байна. Ханиараа маш их бахархаж байна. Олон жил шаргуу, хамаг хүчээ дайчлан хөдөлмөрлөсний үр дүнд оргилоос нь медаль авч чадлаа. Ханиа тосохоор охинтойгоо хамт ирлээ. Ханиа ямар ч үед нь үргэлж дэмждэг. Би гэлтгүй манай гэр бүл, хамаатан садан найз нөхөд, Монголын ард түмэн дэмжлээ.
Боксын ОУХМ, Боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч
Д.Батсүрэн: ОЛИМПИЙН МЕДАЛИЙН БУУХИАГ ТАСЛААГҮЙДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
-Д.Отгондалай бол хөдөлмөрч, хүчтэй дайчин тамирчин. Олимпийн медалийн буухиаг таслаагүйдээ баяртай байна. 2013 онд Алматагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд булхайтай шийдвэрээр Д.Отгондалай ялагдаж байсан.Булхайтай шүүснийг нь олимпийн дэвжээн дээр гэрчилж дэлхийн хэмжээний тамирчин гэдгээ харууллаа. Алжирийн боксчинтой тактикаа биелүүлж дайчин сайхан өрсөлдсөн. Мөн манай шүүгч Х.Хас-Эрдэнэ өөрийнхөө бүх чадлаар сайн ажиллалаа. Бид хамтын хүчээр энэ амжилтыг авчирлаа.
Г.Мандахнаран: НАДАД ИТГЭЖ БАЙГАА АРД ТҮМЭНДЭЭ БАЯРЛАЛАА
-Монголчуудын хувьд олимпийн медальтнуудаас дутахааргүй бахархаж, хүсч хүлээсэн хүн бол “Рио-2016” олимпийн чөлөөт бөхийн 65 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран байв. Тэрээр эх орондоо ирсэн сэтгэгдлээ хуваалцахдаа “Ард түмнийхээ итгэлийг алдалгүй, чөлөөт бөхийн эрэгтэй тамирчдын 36 жил тасарсан олимпийн медалийн буухиаг залгуулж хүрэл медаль хүртсэн гэдгийг би өөртөө итгүүлсэн. Өнөөдөр тэр итгэлтэйгээ байна. Намайг медаль хүртсэн гэж итгэж байгаа Монголын бүх ард түмэндээ баярлалаа. Дэлхийн чөлөөт бөхийн холбооны зарим шүүгчдийн шударга бус шүүлтээс болж миний медалийг өгөөгүйд сэтгэл дундуур байгаа ч эх оронтой хүн, ард түмэнтэй хүн гэдгээрээ би баярлаж байна. Энэ бүхэнд л сэтгэл тайтгарч явж байна” гэсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин