Д.ЦЭРЭННАДМИД

Хадын Пүрэв гэхээр бөхийн хүрээнийхэн лав андахгүй л дээ. Монгол үндэсний бөхийн гарын даа, нэртэй засуулч, бөх цоллооч гээд л тоочих биз. Харин энэ хүний удам ямар хүмүүс юм. Яагаад бөхтэй ажил амьдралынхаа олон арван жилийг холбож ирсэн хийгээд ямархуу үзэл бодолтой нэгэн юм бэ гэдгийг нарийн мэдэхгүй байх. Иймээс энэ талаар нь сонирхож ярилцлаа.

 

-Та бөхтэй холбогдсон нь ямар учиртай юм бэ. Эндээс ярилцлагаа эхлэх үү?

-Би Архангай аймгийн Өлзийт сумын хүн л дээ. Бөхтэй ямар учраар холбогдов гэж та асуулаа. Тэгвэл миний бөхтэй холбогдсоны учир нь тохиолдлын юм бишээ. Миний удамд сайн бөхчүүд байсан. Аавын минь ах гандангийн “улаан хүзүү” Х.Дэлэг гэж мундаг бөх байлаа. 1934 оны улсын баяр наадмаар  1024 бөх барилдахад арав давж түрүүлсэн хүн. Манай аав Хад ч сайхан барилдаж байсан. Нэг удаа айхтар гэмтээд түүнээсээ хойш барилдаагүй. Харин сайн уяач байлаа л даа. Нэгдүгээрт тийм. Тэгвэл үе дамжсан бөхийн удам манайд бий. Дээд талаас нь хэлбэл миний төрсөн дүү Х.Пүрэвбадамаас гарсан сүмогийн их аварга Д.Дагвадорж, үндэсний бөхийн улсын аварга Д.Сумъяабазар гээд нэг гэрт хоёр аварга байна. Хүргэн дүү Д.Долгорсүрэн бас улсын заан гээд ярина шүү дээ. Би эхээс наймуул. Найман Пүрэв байлаа. Хамгийн том нь би тэгээд Пүрэвсүрэн, Пүрэвбадам, Пүрэвханд гээд байлаа. Манайхан бөхтэй удамтай айл байв. Авга ах Дэлэг, аав ч нэг үе лам байсан юм. Би тэгээд бөхийн удамд төрсөн хүн болохоор бас л ноцолдох дуртай байсан. Гагцхүү гэмтээд олон барилдаж чадаагүй. Ингээд бөх, морь хоёрыг адилхан шүтэж тэр тогоон дотор өдий хүрч явна даа.

-Тэр танай авга ах Дэлэг чинь улсад лав нэг удаа түрүүлсэн гэдэг байх аа?

-Хоёр удаа л том амжилттай барилдсан хүн л дээ.  1934 оны улсын наадамд  бөхөөс шалгарч түрүүлээд хамгийн их мөрийг авсан гэдэг юм. Мөрий гэж бай шагнал юм даа. Нэг Полу тэрэгний тэвш дүүрэн бараатай харьсан гэдэг. Тэр бүхнийг маршал Чойбалсан өөрөө дагуулж явж өгсөн юм билээ. Цай гэхэд хунзаараа, булигаар гэхэд боодлоороо  20 ширхэг гэх мэт. Тэгээд гурил будаа гээд тэвш дүүрч байж. Овоо их юм байна биз дээ. Жил жилийн наадмынхаас гоц их бай шагнал авсан байгаа юм. Дараа нь  1936 онд мөн 1024 бөхөөс Дорнодын Хумбан хар хэмээх Балсан, Мөнгөнморьтын Чимэд, Дорноговийн Намжилваанчиг нартай дөрөвт үлдэж. Тэгээд дараагийн давааны амаа аваад байтал дөрвөн бөхийг маршал дуудлаа гэж. Очтол манай Дагваалай /бид тэгж авгайлдаг байсан юм/-гаас “За арслан хэнийг хүртээд байнав” гэж тэгэхээр нь “Дорнодын хомбон гэнүү хумбаан гэнэ үү нэг бөхийг” гэтэл маршалын царай барс хийгээд явчихаж. Тэгэхээр нь хэрэг бишдлээ гэж ухаараад Балсанд даваа өгчихөж. Чимэдэд сануулж “За чи бид хоёрын төрийн наадмын чимэг, түмний цэнгэлийн дээд болж явах өнгөрсөн байнаа хө. Чи ч гэсэн өг” гэж. Тэгээд Чимэд ч өгч Балсан  түрүүлсэн байдаг. Дараа жил нь буюу 1937онд авга ахынд маань Дотоод яамныхан машинтай очиж. За та лам явсан уу. Тэгсээн ийм яриа болоод баривчлах юм болж. Ах маань сүрхий сэргэлэн хүн болохоор “За та нарт намайг баривчил гэсэн маршалын гарын үсэг байна уу. Би төрийн наадамд түрүүлсэн улсын арслан хүн” гэж. Тэгээд хоёр хөтөлгөө морьтой гарч Улаанбаатарт ирээд маршалтай уулзаж бичиг хийлгэж авсан байдаг юм. Уг бичигт:

...Энэхүү Дэлэг арслан болон лам бөхчүүдийг баривчилж болохгүй гэсэн байдаг. Тэр бичиг бидэнд үлдсэн байдаг л байлаа. Ийм л сэргэлэн, маршалтай ойр бие биеэ ойлгож чадсан танилууд байсан юм билээ.

-Танай Өлзийт сумыг бөх сайтай гэдэг байхаа?

-Тэгэлгүй яахав. Монголын бөхийн түүхэнд гурван аваргатай сум нь Хөвсгөлийн Цагаан-Үүр гэдэг бол гурван арслан төрсөн ганц сум манай Өлзийт юм шүү. Банзар, Ж.Чойжилсүрэн, авга ах гээд гурван сайхан арслан байв. Бас Ж.Найдандорж заан, хоёр ч начинтай л даа. Морь гэвэл хурдтай. 1926 онд Ж.Гончигсүрэн гэдэг хүн улсын наадамд ирж уралдаад хязаалан үрээ нь түрүүлж шүдлэн нь тавд орж байсан түүх байдаг. Би ч бөхийн зэрэгцээ морины хообийтой л доо. Авга ах, аав хоёр маань намайг наадмын морь унаж байхад ингэж хэлж байсан юм. Манайхан Хан-Уулын ард бөхөөр түмнийг цэнгүүлж чадна. Харин адууны тоос тэнд бас нэг босгочихвол миний хүүд зүгээр дээ гэж. Би тэр захиасыг санаж явсаар 2011 онд морь уяж ирээд 21-д гэдэг хурдан шүү. Одоо хэдэн адуутай л даа.

-За тэгээд бөхийн хүрээнд хэдийд орж ирсэн бэ?

-Би 1982 оноос бөх рүү орж ирсэн. Намайг бөх рүү хөтөлсөн хүмүүс бол О.Цэдэв, Цоодол нар. Гарын даа байсан улсууд. Анх тойргийн барилдаан хийх тоо бодуулах гэж намайг дуудсан юм билээ. Тойргийн барилдааны оноолт ярвигтай. Үүнийг маш сайн хийдэг хүн бол А.Пүрэвжав. Томоохон гарын даа. Тэр швейцарь систем гэдгийг жинхэнэ өөрийн болгосон хүн. Би биширдэг. Миний хувьд эхлээд гарын даа байгаад 1990 оноос хойш цолчин засуул байлаа. 28 жил бөх засч дээ. Багш гэвэл Халтмай гуай, Пүрэвсүрэн гуай нар. Мундаг зарчимч, шударга, хажуудахдаа маш өндөр шаардлага тавьдаг сайхан хүмүүс байлаа тэд. Бидэнд засуул хүн өөрөө биеэ яаж авч явахав, барилдааныг хэрхэн мэдрэх юм. Бөхдөө юуг нь яаж хэлэхэв энэ бүгдийг ой тойнд  ортол хэлж өгнө дөө. Энэ өвгөчүүлээс би их юм сурсан даа.

-Цолчин засуул гэдэг онцгой. Тэгэхээр бөхийн цол  хэдийнээс дуудаж эхлэв?

-Энд ... хэлэхэд манай ээж их сайхан дуулдаг хүн байсан. Тийм болоод би их дууламхай. Уртын дуу гайгүй дуулчихдаг байлаа. 1974 онд бүх ард түмний урлагийн үзлэгт шалгарч улмаар уртын дууч П.Дорждагва, Н.Норовбанзад нарын аугаа хүмүүсээр багшлуулж сарын курс төгсгөж байлаа. Энэ маань суурь болсон байх. Ер нь дуучин хүн цол сайхан дууддаг нь үнэн. Анх би Спортын төв ордонд Д.Дамдин аваргын цолыг дуудсан. Тэгсэн их сандарсан ч даваад гарсан. Өмнөх микрофонууд чинь нэг олон хүн нүүрэнд тулаад ирчихсэн юм шиг санагдаад байсан. Харин багш маань “За миний хүү тун сайхан дуудлаа” гэж магтсан. Тэгээд цоллоод эхэлсэн. Зун нь наадмаар бөх цоллов. Тэгэхэд бас сонион. Цэнгэлдэхийн үзэгчид тараад явчих шиг болсон. Яагаад гэхээр наадмын гурвын давааны цол дуудаад эхлэхээр цэнгэлдэх даяар дэндүү нам гүм болдог.

Энэ нь надад цэнгэлдэх эзгүйрсэн мэт санагдахгүй юу. Түүнээс хойш бөх засч, цол дуудсан.

-Энэ урт хугацаанд ярьмаар, дурсмаар юм их тохиолдож таараа даа?

-Янз янзын юм тохиолдож л байлаа. 1995 онд үндэсний бөхийн цол дуудаачдын улсын уралдаан болоход би түрүүлж дуучин, гавьяат Банзрагч удаалж байсан. Өмнө нь нэг удаа уг тэмцээн болоход “ган хоолой” хэмээх дуучин, цоллооч Мягмар түрүүлсэн байдаг юм. Одоогоос 14 жилийн өмнө 2000 онд улсын баяр наадмын төв комиссоос үндэсний бөхийн шилдэг цол дуудагч өргөмжлөлийг надад хүртээсэн. За тэгээд бөх засч байхад элдэв сонин юм алийг тэр гэхэв. 2010 онд Увсын Б.Ганбатыг түрүүлдэг жил би Өсөхөөг засч гарсан.

-За тиймээ. Өсөхөөг унахад үзэгчид амаа буруу авлаа гэцгээж байсан санагдана?

-Үгүй ээ. Дөрвөн бөх үлдэх үед ам буруу болсон. Өсөхөө Ганбатыг авах байсан. Гэтэл Д.Рагчааг амласан байсан. Уг нь тэр даваанд Ганбатыг авсан бол үзүүр, түрүүнд Д.Рагчаатай үлдэж болох байсан. Д.Рагчаа, Х.Мөнхбаатарыг гаргадаггүй юм шүү дээ. Бид тэгж тооцоолсон. Гэтэл наймын давааны амлалтаас болоод Өсөхөөгийн дархан аварга цол “будаа болсон”. Ганбатын ам мэхэнд л уначихсан юм шүү дээ.

-Юу гэсэн ам мэх байсан юм бэ?

-Ганбат ирээд Өсөхөөд за би аваргын замд саад болохгүй ээ гэсэн. Үүнд нь Өсөхөө тайвшраад байтал Ганбат дайрчихсан даа. Өсөхөө гармагц элэг бүсээ чангалаад баруун хойш алхахад би “За яах гэж байна” гэж асуусан мань хүн “Золгочихьё оо” гэв. Би тэгэхэд нь “Болохгүй ээ. Хүлээзнэ. Эхлээд золгож болохгүй” гэсэн мань хүн золгосон. Ганбат хап гээд цоожлоод дайрчихсан. Дээш хараад л унахгүй юү. Ийм  л юм болсон. Би сүүлд нь Өсөхөөд хэлдэг юм. Үгэнд орохгүй дээ гэж...

Уг нь урьд нь дөрвөн удаа түрүүлэхдээ гуравт нь миний мөрөн дээрээс гарсан юм.

-Сүүлд зарим нь надаас асууж байсан. Өсөхөөг засч гараад яагаад унагачихав гэж...?

-Үгэнд орохгүй юм чинь яахав. Өөрийн нь л хохь гэж шууд хариулдаг. Юм хэлэхэд тусгаж аваад санааг цааш хөгжүүлж барилддаг хүн бол даян аварга А.Сүхбат. Тэг, ингэ гэдгийг хэлэх биш харцаар дохиход л гялалзуулчихна шүү дээ. Мөн ч урамтай золбоотой бөх юм шүү дээ. За тэгээд Б.Бат-Эрдэнэ аварга 11, Г.Өсөхбаяр дөрөв, А.Сүхбат гурав түрүүлсэн. Дараа нь Д.Сумъяабазар тав дахь удаагаа үзүүр, түрүүнд үлдээд миний мөрөн дээрээс гарч аварга болсон. Өөрийн зээ дүү гэж бодохоор сайхан л байдаг юм. Дараа жил нь мөн л сайхан барилдах учир байлаа. Гэтэл Сайнбаяр зааныг ардаа гаргаад тэвдэж байгаад эргээд жаахан учраа олоод мэхээ хийх гэтэл засуул тээглээд хачин юм болж унасан. Засуул тээглэсэн гээд мань хүн тахимаа өгөхгүй байхаар нь би хэлсэн “За хө энэ олон түмний уур амьсгалыг хар, өгсөн нь дээр” гэж. Тэгээд л дууссан. Уг нь тэр тээглэсэн муу засуулаас л болсон нь бичлэгээс харагддаг юм.

-Барилдааны явцад тээглэдэг засуул ер нь ямар засуул вэ?

-Маш хариуцлагагүй муу засуул. Тэр зай талбайгаа мэдрэхээс эхлээд засч байгаа бөх болоод учраагаа яаж барилддаг, ямар үед мэхээ хийдэг гээд бүхнийг мэддэг байх ёстой. Тийм ч үүрэгтэй. Гэтэл өнөөгийн засуулууд гэж хөдөлгөөн байхгүй хэдэн малгай тэврээд төөрчихсөн “амьтад” байх юм.

-Өөрөө голдуу аварга, арслангуудыг засч байсан юм байна. Шинэ цолтон төрүүлж байв уу?

-Би чинь зүүн, барууны нэгд голдуу зогсоно. Тэгэхээр шинэ залуучууд байтугай начин, заан ч цөөн тааралддаг байлаа. Харин яагаад тэгж таарсан юм. Ганц начин төрсөн нь Сүхбаатар аймгийн харьяат Ц.Анхбаяр байсан. Заан төрөөгүй. И.Доржсамбуу, Н.Ганбаатар хоёр миний мөр дээрээс гарч гарьд цолд хүрсэн юм.

-Бөхчүүд ер нь засуулаас айна гэж байх уу?

-Хэрэв засуул шударга, шууд үнэнийг хэлж чаддаг хүнээс л айдаг юм. Үнэнийг хэлсэн хүнд дуртай ч гэж болноо. Би тахимаа өгөхгүй цааргалсан бөхөд хэлдэг л дээ. Чиний өвдөг чинь, тохой чинь эхэлж газардлаа шүү. Ер нь унасан хаяснаа мэдэхгүй бөх хүн гэж байдаг юм уу гэж. Намайг шударга зантайд тэрүү тэр олон жил бөх засахад надтай маргалддаг бөх байгаагүй л юм даа. Надаар заавал засуулна гэж талбай дээр дээл солиулж байсан бөх бол дархан аварга Д.Цэрэнтогтох. Би барууны нэгд зогсож байсан хүн чинь зүүний нэгд очиж түүнийг засч байсан удаа бий. Барилдааны явцад засуулынхаа үг дохио зангааг маш мэдэрдэг бөх олоон. Ж.Мөнхбат, Д.Цэрэнтогтох, арслан М.Мөнгөн гээд л... Мань П.Сүхбат 2002 онд Балжаа аваргыг хаясан юм. Балжаа амласан. П.Сүхбат над дээр гарахаар ирлээ. Тэгээд дэвчихээд малгай ав гэж байна. Би мэдээгүй юм шиг л байлаа. Бөөн салхиа. Ажаад л байхад дороо хийсчихмээр. Би тоохгүй л байгаад байлаа. “Хөөш малгай ав” гэж байна. Бас л авсангүй. Тэгсэн жаахан азнатал “Пүрэв ахаа малгай ав” гэв. Тайвширсан шиг байлаа. Тэгэхээр гаргачихав. Гялалзаж байнаа мань хүн “За хө чи барилдах гэж гарч ирсэн юм уу яах гэж гарч ирсэн юм” гээд нэг сайн алгадаад тавьчихсан чинь аваргыг аваад хаячихсан. Тэр их догдолсон үед нь гаргачихсан бол тэгж барилдаж чадахгүй л дээ. Ийм юмыг л засуул хүн мэдрэх ёстой юм. Б.Бат-Эрдэнэ авргын түрүүг ганц зогсоосон хүн П.Сүхбат шүү дээ. Тэгээд хэт догдолсон үед нь засуул нь аядуулж гаргахгүйгээс М.Гантогтохын дээгүүр даваад явчихсан. Догдлоог нь дарсан бол түрүүлчих ч байсан юм бил үү. Тийм учраас бөхийн засуул хийнээ гэдэг чинь үнэгүй бөх үзэх, телеевизээр эрээн дээлтэй гарах төдий юм биш. Өөрийгөө маш их боловсруулах учиртай. Тэгж байж бөхчүүдийнхээ хүндэтгэлийг хүлээнэ. Засч байгаа бөхөө, барилдааны явцыг маш сайн мэдэр. Тэгээд зөв шударга ханд. Тэгсэн тохиолдолд маргаан гарахгүй. Гарсан ч зөв шийдэгдэнэ.

-Тэр жил Өсөхөө, А.Сүхбатыг тийрдэг үед та засуул байсан даа. Яагаад тийрэлцэх болсон юм бэ?

-Бас л нөгөө ам мэхнээс болсон хэрэг.

-За тэгээд...?

-А.Сүхбат хэлсэн юм билээ л дээ. Энэ жил надад өгчих, дараа нь хоёр жил чамд өгье гэж. Тэгээд тэрнийгээ төгс шийдээгүй гараад А.Сүхбат Өсөхөөгийн хөлийг авч томоод хаячихсан. Үүнээс л болсон. Ам мэх гэдэг угтаа сээрэн дунгуйгаас аюултай юм шүү дээ. Тэгсэн сонин хэвлэлийнхэн над дээр шавчихдаг юм. Би гурван юм л хэлсэн. Төрийн наадам будилуулсан гэж байгаа бол цаана чинь наадмын комиссынхон байна. Хоёрт төрийн наадам дээр зодоон болсон гэж байгаа бол цагдаа, хуулийнхан байгаа. Гуравдугаарт эрүүл мэндээр хүн хохирсон бол эмч нар нь байна. Тэдэн дээр оч гэсэн. Би өөр юү хэлэх юм. Юм шударга нь дээр шүү дээ гэчихсэн.

-Өсөхөөг авч гарсан. Тэгээд нутгийн бөх тиймээс өөрөө талд нь байж таарав уу?

-Тэгээгүй ээ. Үнэн л хэрэгтэй шүү дээ. Намайг шударгадуу болохоор манай Архангайнхан хүртэл надад тааруу үе байлаа.

-Яагаад тэр билээ...?

-Би баруун талд зогсоно. А.Сүхбат над дээр гарна. Би Өсөхөөг хөл мэх байхгүй. Ийм тийм дутагдалтай талыг бүгдийг мэднэ. Тиймээс Сүхбатад миний хэлсэн үг, дохио хүртэл хужир байсан байх. Би авч гарсан бөхдөө бурууг хэлэх эрх байхгүй. Миний хүмүүжил, зан ч тийм биш байлаа. Харин 2003 онд Өсөхөө анх над дээрээс аварга болж нэр цайрсан юм. Би хоёр юманд харамсдаг. Нэг нь Б.Бат-Эрдэнэ аварга Б.Гантогтоход барилдалгүй элэг бүсээ тайлахад, нөгөөх нь А.Сүхбатыг гэнэт зодог тайлахад. Бөхөд хайртай тэгээд бие хаа эрүүл биш хүн бол өөд болчихмоор үйл явдал шүү дээ.

-Бөхийн найраа гэдэг юм бодьтой зүйл. Их байгаа. Хэн анх үүсгэчихсэн юм бэ?

-Мань Мөөеө аварга тэргүүтэй Д.Цэрэнтогтох, арслан Л.Сосорбарам, Л.Дагвасүрэн нар л сэдчихсэн юм даа. Тэгээд олон хүн үргэлжлүүлж бүр “цэцэглүүлсэн” гэж болно. Х.Баянаа аварга чинь харин энэ талаар нэр цэвэр хүн шүү.

-Бас тэр барилдалгүй элэг бүсээ тайлж бууж өгөх үлгэр үзүүлсэн хүн хэн бэ?

-Би дээр хэлсэн дээ. Б.Бат-Эрдэнэ аваргаас эхлэлтэй. Сүүлд гарьд Н.Ганбаатар хүртэл дуурайв шүү дээ.

-Таны бөх засах ажил яагаад хязгаарлагдчихсан юм бэ?

-Яахав дээ. Бөхийн холбооныхон бидний хооронд үзэл бодлын ялгаа гарсан юм. Би Монголын үндэсний бөхийн холбооны ажилд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байсан. Тухайлбал холбоо гэдэг бол сайн дураар нэгдсэн төрийн бус байгууллага. Үүнийг хэн ч өмчилж болохгүй. Гэтэл өмчлөх боллоо. Монголын ард нийтийн их өв соёл монгол бөхийг аль нэг байгууллага өмч шигээ байлгаж болохгүй.Тэгвэл өмчлөх оролдлого байна. Бөх барилдана, бөх засна гэдэг ч сайн дурын асуудал. Гэтэл чи зас, чи болохгүй гэдэг нь огт буруу гэж. Би шууд хэлдэг. Цол дуудна гэж хөглүүлж байна. Аймгийн цолтой хүнийг цоллоход түмнээс төгөлдөр, тод сонин үзэсгэлэнт, чин зоригт, бат суурьт гэж байх юм. Энэ чинь аварга хүний цоллоонд ордог үг. Үүнийг ялгаж салгаж мэдэхгүй байгаа. Ая дан ч гэж бүр байхгүй шүү дээ. Дуучин хүн хөгжмийн өнгө олдог шиг цолчин хүн өнгөө олохгүй бол дуугүй  болно доо. Нөгөө талаар бөхийг түгээмэл болгочих санаа надад их байсан.

-Бөхийн өргөөний талаар маргаан их байдаг. та аль талд нь байдаг вэ?

-Бөхийн өргөө чинь Монголын ард түмний өмч хөрөнгөөр боссон байшин. Бөхийн холбоо өмчлөх учиргүй. Гэтэл Монгол туургатны барилдаан Улаанбаатарт болж тэр гадаад орны олон бөх ирээд байхад бөхийн өргөөд өгөөгүйд нь их дургүй хүрдэг. Тухайлбал Р.Нямдорж, Данзан нарт. Бөхийн өргөө барих гэж байхад би Ханын материалын комбинатын ерөнхий инженер байлаа. Өргөөний суурьт 300 мянган тоосго орсон гэдэг юм. Би 299999 мянгыг нь хандивлаж нэг тоосго дурсгал болгож авч үлдэж байлаа. Бас талийгаач Даваасамбуу гуайтай явж Булган, Архангайгаас асар их хөрөнгө олж ирж байлаа. Тиймээс би тэдэнд үг хэлэх эрхтэй биз дээ. Яг үнэн нь 1.4 миллярд төгрөгийн 800 сая нь төрийн мэдлээс, 600 сая нь ард түмний хандиваас бүтсэн. Төр өгсөн мөнгө ч угтаа хөдөлмөрч түмний татварын мөнгө шүү дээ. Тийм болохоор бөхийн өргөө бол хэн нэгэнд барьж өгсөн сууцны байшин биш олны өмч. Энэ бүхнийг хэлж ярьсан. Даанч явцуухан үзэлтэй хүмүүс бол бөхийн өргөөнийхөн.

-Үүнээс болж таныг засуул хийхийг хязгаарласан юм байх нээ дээ?

-Тийм. Гол нь энэ шалтгаан байсан. Бас шалтаг нь гэвэл тэр монгол туургатны барилдаан Өвөрмонголд, Тувад, Буриадад болоход бид явсан. Түүнээс болж бөхийн шилдэг даа А.Пүрэвжав биднийг хүрээллээсээ хассан. Уг нь засуул Шүрхүү, Бадарч, Цогзол нар бидэнтэй хамт явсан юм. Гэтэл алаг үзсэн нь бидний өмнө нь шударга хандаж холбоонд шүүмжлэлтэй хандсаных.

-Та монгол үндэсний бөхийн өнөөгийн хөгжлийг ямраар хардаг вэ?

-Монгол бөхийг хөгжүүлж чадахгүй байна. Одоо бүр унасан. Нэг л олон хүн барилдууллаа гэх. Энэ чинь хөгжил биш. Бөх ядуурсан. Үзэхэд ч урам байхгүй болсон. Барилдаан гэж бөөн найраа. Барилдаан нь удаан уйтгартай. Гэтэл үүнийг бөх хөгжөөд энэ гэдэг. Шал худал.

-Хоёр бөхийг удах үед эд нар нэг дэвжээний хамт бэлтгэл хийдэг, бие биенээ сайн мэддэг болохоор хэцүү байгаа гэсэн үг тайлбарлагчийн үгэнд олон гардаг даа?

-Тийм гэж байхгүй. Хэдий олон учирч бие биенээ мэддэг болсон ч хэрэгцээтэй цагт хийдэг мэх, гаргадаг чадал гэж байдаг. Дээр үеийн том бөхчүүд бяр чадал тэнцлээ ч гэсэн “цай уух” юм байлгүй яахав гэдэг байсан юм билээ. Энэ чинь наадамд тэрэнтэй таарвал тэгж барилдана, тийм мэх хийнэ гэж бодож очдог байж л дээ. Уг нь монгол бөхийг зөв хөгжүүлэх юм бол гадаад, дотоодод хааяагүй үзүүлэх барилдаан хийж дэлхийд таниулчихсан мэдүүлчихсэн. Магадгүй олимпод монгол бөхийг оруулна гэж яриад сууж байж ч болох. Бусад орны үндэсний бөхийн олон төрөл олимпод багтсан. Одоо сүмо орох магадлал бий гэх боллоо. Монгол бөх бол аугаа юм шүү дээ. Хамаг мэх нь бусад төрөлд гол амин сүнс нь болчихсон байгаа. Тэр хойд айлын өвөөд, баруун саахалтын Сандагт зодог шуудаг өгч гаргаж байгаад 6000 хүн барилдуулсан гэж Гиннест бүртгүүллээ гэдэг ч хөгжил биш. Хэлбэр, нэр төр хөөцөлдсөн явдал байсан. Энэ бүхнийг шударгаар хэлж байгаа маань миний өвөг дээдэс, эцэг эхийн өгсөн хүмүүжил, өөрөө төр засгийн болон аж ахуйн ажлыг олон жил хийж юмыг олон талаас ялгаж салгаж ойлгодог чадвартай болсных юм шүү. Би буруу замаар явж байгаа хүмүүстэй дөрөө харшуулахгүй гэсэндээ бөхөөс хөндийрсэн чухам үнэн энэ.