Д.НАДМИД

Казахстаны Астана хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн 27, эмэгтэйчүүдийн 17 дахь удаагийн тэмцээнд Монголын шигшээ баг өмнөхөөсөө давуу амжилттай оролцож 11 медаль хүртснээр багийн дүнгээр эрэгтэйчүүд хоёр, эмэгтэйчүүд гуравдугаар байр эзлэв. Амжилттай гэхээс аргагүй шүү дээ. Тэмцээний эхний өдөр таван тамирчин дэвжээнд гарч тавуулаа медаль хүртсэн байгаа юм. Тэдний гурав нь алтан медалийн төлөө барилдсан ч аварга болоход ганцхан хуруу дутсан гэж болно. Тэгвэл тэмцээний хоёр дахь өдөр дэвжээнд гарсан манай тамирчдаас 96 кг-ын жинд барилдсан олон улсынх эмжээний мастер Д.Хүдэрбулга алтан медаль хүртэж Азийн аварга болов.

Тэр эхлээд хийлж хоёрдугаар тойрогт Тажикстаны Рустам Искандерийг 8:2, Иракийн бөх Салах Межеед Ахмедыг 10:0, Киргизийн тамиричн Магомед Мусаевыг 7:5-аар буулгаж авснаар тивийн аваргын тоог нэмж чадлаа. Доржхандын Хүдэрбулга Төв аймгийн Өндөрширээтийн унаган хүүхэд. 2005 оноос чөлөөт бөхөөр Ц.Лхаажав, Ж.Дандар нарын удирдлагад хичээллэж байв. Дөрвөн жилийн тэртээ “Ганьт” клубт үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраагийн удирдлагад бэлтгэл хийж эхэлсэн. 2011 онд спортын мастер, 2012 онд ОУХМ-ийн болзол хангасан. Одоо үндэсний шигшээ багийн тамирчин. Амжилтын хувьд Азийн аваргын хүрэл, “Красноярск-2012”-ын алт, Кызылд болсон Төв Азийн АШТ-ий алт, “Mongolia Open” тэмцээний алт, хүрэл зэрэг олон улс, тивийн тэмцээнээс 10 гаруй медаль хүртээд байгаа бөх. Мөн үндэсний бөхөөр 2009 онд залуучуудын улсын аварга болж байв.

Бусад бөхчүүдийн хувьд эрэгтэйчүүдийн 57 кг-д Д.Цогтбаатар, 74 кг-д П.Өнөрбат, 125 кг-д Н.Золбоо, эмэгтэйчүүдийн 48 кг- Э.Нарангэрэл, 58 кг-д Б.Шоовдор, 69 кг-д Ш.Түмэнцэцэг нар мөнгөн медалийн эзэн болж тивд зиндаатай бөхчүүд гэдгээ харуулсан бол Н.Лхамгармаа, Б.Батмагнай, О.Үйтүмэн, С.Цэрэнчимэд нар хүрэл медаль хүртсэн байна. Ийнхүү Астанагийн дэвжээ манай бөхчүүдэд ивээлээ хайрлав. Багийн дүнгээр Монгол баг Япон, Хятадын дараа буюу гуравдугаар байрт жагслаа. Энэ тэмцээний дүнгээр Монголын эрэгтэй чөлөөтийнхний амжилт эрс дээшилсэн нь харагдсан байна. Эмэгтэйчүүдийн хувьд өнгөрсөн жилийн амжилтаа давтсан юм.