Н.БАТМӨНХ
Н.Ганбаатар Говь-Алтай аймгийн Чандмань сумаас гаралтай, Улаанбаатар хотод 1982 онд МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржийн хоёр дахь хүүхэд болон төрсөн. Аав нь сумын заан, авга ах Р.Дашдорж 1986 оны Дундговь аймгийн баяр наадамд үзүүрлэж аймгийн заан цол, авга ах Р.Давааням 1987 оны нэгдүгээр сард болсон Монголын бүх ард түмний VII спартикиадын үндэсний бөхийн барилдаанд аймаг, нийгэмлэгээс шалгарсан шигшмэл 34 бөх тойргийн журмаар барилдахад 30 давж хоёрдугаар байр эзэлж улсын заан болсон. Түүний хүү Д.Лхагавдорж улсын начин цолтой, мөн хүү Бямбадорж нь Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь аварга. Иймийн учир Н.Ганбаатар бөхийн удамтай гэж болно. Н.Ганбаатар 2004 онд Өмнөговь аймгийн баяр наадамд очиж барилдан 128 бөхөөс найм давж түрүүлж аймгийн арслан цол авчээ. Дараа нь 2005 оны улсын баяр наадамд анх удаа аймгийн арслан цолтой барилдаж хоёрын даваанд улсын начин Л.Наранбаатар, гурвын даваанд улсын заан Р.Давааням, дөрвийн даваанд улсын заан Д.Бумбаяр нарыг давж, тавын даваанд улсын начин До.Ганхуягт /улсын арслан/ долоон хүнээс амлуулан унажээ.
2006 онд хоёрын даваанд аймгийн заан Ж.Ганзолбоо, гурвын даваанд улсын заан Р.Давааням нарыг давж дөрвийн даваанд улсын начин Ш.Уламбаярт өвдөг шорооджээ. 2007 онд хоёрын даваанд аймгийн арслан Ш.Жаргалсайхан /улсын начин/, гурвын дааваанд аймгийн арслан Б.Золбаяр, дөрвийн даваанд улсын заан Д.Амгаланбааатар, тавын даваанд улсын начин Ду.Батбаяртай тунаж, зургаагийн даваанд аймгийн арслан Л.Нямсүрэн /улсын начин/-тэй тунаж тус тус даваад долоогийн даваанд улсын заан Х.Мөнхбаатар /улсын арслан/-д унаж улсын харцага цолыг 25 насандаа авчээ.
2008 онд хоёрын даваанд сумын заан Р.Анхбаатар /аймгийн заан/, гурвын даваанд аймгийн начин Ц.Чимэддорж /аймгийн арслан/, дөрвийн даваанд аймгийн арслан А.Сүмбээ, тавын даваанд аймгийн арслан Э.Энхбат /улсын начин/, зургаагийн даваанд улсын харцага Т.Мөнгөнцоож, долоогийн даваанд улсын аварга Д.Сумъяабазар, наймын даваанд улсын заан Б.Ганбат /улсын арслан/ нарыг давж улсын начин До.Ганхуяг /улсын арслан/-д унаж үзүүлэж улсын гарьд цолыг 26 насандаа хүртээд байна.
2009 онд зургаа давж үнэн хүчит чимэг. 2010 онд тав давж өсөх идэр чимэг. 2011 онд долоо давж саруул сайжрах чимэг. 2012 онд дөрөв давжээ. 2013 оны улсын баяр наадамд гурав давж, дөрвийн даваанд аймгийн арслан Т.Баасанхүү /улсын начин/-д унажээ. Үүнээс гадна Монгол бөхийг Гиннесийн номонд бүртгүүлэх хүчит 6016 бөхийн барилдаанд ес давж сүүлийн 12-т үлджээ. Н.Ганбаатар гарьд баруун талтай, шуудагнаас татаж мордох, давуулж гуядах мэхүүдийг голдуу хийдэг, арал чац сайтай бөхчүүдийн нэг. Арал чацаа ашиглаад гарныхаа атгалтыг сайжруулж хөлний гишгэдлээ зөв тавьж урагш тэмүүлж баилдвал цолоо ахиулах боломжтой бөх юм. Тэрбээр 2002 онд МУИС-ийг физикийн мэргэжлээр дүүргэсэн. Одоо удирдлагын академид суралцаж байна.