Д.БИЧЭЭЧХҮҮ

Арын сайхан хангай нутаг алдар цуутай олон бөхтэй. Тэдний нэг нь Монгол Улсын заан Ч.Адъяа гуай юм. Тэр хорьдугаар зууны их хүчитнүүдтэй ана мана үзэж явсан өнөөгийнхний нэрлэснээр алтан үеийнхний нэг. Түүнтэй ярилцлаа.

 

-Таныг Архангай аймгийн Хотонт сумын уугуул гэдгийг олон түмэн мэднэ. Харин хэдий үед хэрхэн барилдаж улсын цолд хүрсэн тухай бэлэн зэлэн хэлэх хүн ховор байдаг?

-Би 20 нас хүрч цэрэгт явсан хүн дээ. Тэгээд цэргээс халагдаж Намын төв хороонд ус зөөдөг байлаа. Сүүлд нь засварчин болсон хүн.

-Хөдөөгөөсөө цэрэгт ирсэн байж яагаад хотод үлдсэн юм бэ?

-Яахав хотын хүн байх зүгээр ч юм шиг. Бас барилдах санаатай л байлаа.

-Таны үеийн хүчитнүүд гэж аймаар “амьтад” байсан биз ээ?

-Тэгэлгүй яахав. Б.Түвдэндорж, Ш.Батсуурь, Д.Дамдин, Ч.Бээжин нарын аварга, арслан Ө.Эрдэнэ-Очир, Д.Жамц, манай Чойжилсүрэн, тэмээ өргөдөг хэмээх Б.Жамъяндорж гээд дайраад өнгөрдөг унах нь ховор бөхчүүд байлаа. Тэдний дундаас гарч ирж цол авна гэдэг хэцүү даваа.

-Тэгээд та хэрхэн барилдаж заан болсонсон билээ?

-Анх 1957 онд улсын наадамд цолгүй бөх барилдаад Ш.Батсуурь аваргад унаж байлаа. Хойтон жил нь Б.Жамъяндоржид ойчсон доо. Түүнийхээ дараа жил С.Оргодол арслангаар тав давж начин болсон. Тэгээд 1962 онд ажлын газрынхаа зарим дарга нарыг уурлуулан байж барилдаад улсын заан цол хүртсэн. Тавын даваанд Ч.Бээжин аваргыг, дараа нь Д.Дамдинг хаяад долоод Ө.Эрдэнэ-Очиртой тунаж барилдаад хаясан юм.

-Тэгтэл тэр жи­лээ таныг заанаар тогтохоор­гүй байсан гэдэг юм билээ?

-Тийм ээ. Би наймын даваанд Ж.Чойжилсүрэнд бууж өгөөд алдаа гаргасан. Тэр надад “Чи Ч.Бээжин, Д.Дамдин, Ө.Эрдэнэ-Очир нарыг хаяж тус хүргэлээ. Одоо би гарцаагүй түрүүлэхээр болоод байна. Яахав” гэхээр нь би нутгархсан ч юм уу “Намайг ав” гэчихсэн юм. Тэгээд тахимаа өгчихөөд буцаж ирэхэд засуул “дэгээ” хэмээх Гончиг гуай “Чи бууж өгч байгаа юм уу. Бууж өгсөн бөх цаашдаа олигтой барилдана гэж байдаггүй юм. Ш.Батсуурь яалаа. Бууж өгснөөсөө хойш дээш гараагүй” гэж билээ. Тэр үгийн үнэнийг би биеэрээ үзсэн хүн дээ.

-Тэгээд тэр наадамд Ж.Чойжилсүрэн түрүүлж чадаагүй биз дээ?

-Чадаагүй ээ. Д.Жамцад уначихсан. Ер нь давсан Чойжоо, унасан би хоёр олигтой барилдаагүй ээ. Хожим нь.

-Архангайнхан найраа хийсэн байхнээ тэр үед?

-Тийм л болж таарч байгаа юм. Гэхдээ өнөө үеийнхэн шиг өгөө аваа гэж байсангүй.

-Ж.Чойжоо бас Д.Жамцтай тохироо хийгээгүй байж дээ?

-Зүгээр л үзсэн чинь дийлээгүй гэж хожим нь ярьж байсаан.

-Д.Дамдин аваргыг ёстой л “гарлаа давлаа” гэдэг байх үед нь өвдөг шороодуулсан хүний нэг та юм билээ. Таныг амласан гэдэг байх аа...?

-Заан болдог жил зургаагийн даваанд Д.Дамдин амлалаа гэлээ. За даа өнгөрч дээ гэж бодсон. Урьд нэг барилдчихсан болохоор зангийн нь мэднэ. Дайраад орж ирэхээр нь алгадаад хавсарчихсан чинь яваад өглөө. Би ч өөртөө итгээгүй. Хүмүүс шуугилдаад явчихаар нь би давлаа гэж бодсон. Тэгтэл Д.Дамдин намайг барьж авч үнсээд “За чи Бээжин бид хоёрыг хаясан юм чинь заан болдог юм шүү” гэсэн. Энэ үг их урам өгсөн. Тэр зоригоороо Ө.Эрдэнэ-Очирыг хаяж билээ. Уг нь Д.Дамдин чинь тэр үед тав түрүүлчихсэн надаас хэдэн арван хувь илүү хүн. Бариад авбал хэнийг нь базаад хаядаг үе нь байсан даа.

-Та ямар мэх голдуу хийдэг байсан бэ?

-Барьцтай барьцгүй, баруун зүүнгүй хавсардаг байлаа. Одоо тийм бөх алга шиг санагддаг. Залуудаа адуу малтай ноцолдож өссөн болохоор хоёр шуундаа жаахан бяр суусан байх. Хүнийг мөрөн дээрээс нь шүүрч аваад сэгсрээд хавирчихад ойчоод өгдөг байлаа. Бас орно. Орж чадахгүй бол гарч ирмэгц тонгордог. Тонгорооо амжилтгүй бол хавирна даа. Ер нь түүнийгээ хийгээд л унавал унана, давбал давна гэж боддог байлаа.

-Та түрүүнд бууж өгөөд дараа нь олигтой барилдаагүй гэлээ. Үүнийгээ биеэр мэдэрсэн гэсэн байхаа?

-Жолооч болж хээр гадаа их явна. Байнга барилдаад байх боломж ч муу. Нэг удаа Спортын ордонд очиж барилдаад нэгийн даваанд унадаг байгаа. Хүмүүс их алга ташиж байна. Намайг уналаа гэж тэр юм байх. Тэгэхээр нь давж алга ташуулахаас унаж алга ташуулах гэж ер нь дэмий юм гэж шийдээд түүнээс хойш барилдаагүй дээ.

-Одоо та бөх үзэж байгаа л харагддаг. Өнөө үеийн бөхчүүдийн алдаа, оноо юу байна гэж хардаг вэ?

-За яахав сайхан л болж байна. Байнгын бэлтгэлтэй хэрэндээ чанга байдаг бололтой. Гэхдээ бөхийн чанар тийм сайн биш. Бөхчүүд цолондоо хүрч барилдахаа байж. Үүний нууц нь азаар юм уу өөр аргаар цолд хүрдэг нь олон болсон байх. Бидний үед аймгийн арслан улсад ирээд барилдахад нэг юм уу, хоёр л давдагсан. Тэгтэл одоо чинь ая нь таарвал аймгийн цолтон зарим барилдаанд түрүүлж л байх юм. Нөгөө аварга, арслан, заанууд яав. Унаад л өгөх. Улсын наадмын түрүү бөх дараа наадмаар гурав, дөрвийн даваанд л унаж байх жишээтэй. Аварга гээд байгаа С.Мөнхбат, арслан П.Бүрэнтөгс нар гэхэд хэнд ч хамаагүй унаж байна. Тэгэхээр нь хайран цол гэж санагдах үе ч байх юм. Бидний үеийн аварга, арслангууда бол зургаа, долоогийн даваа хүртэл учраагаа дөнгөж барьж авч сэгсэрэхэд л сүүлд хоорондоо үздэг байлаа шүү дээ.

-Та залуу бөхчүүдэд хандаж юу хэлэх вэ?

-Бууж өгнө гэдгийг цээрлэ. Хийморь лундаанд муу шүү гэдгийг хэлье. Яагаа ч үгүй байж нэг их чээж хөдөлгөөд найраа яриад тийм заваан юманд бүү хутгалд. Бөх хүний цээр гэж байдаг. Бас архи, тамхинаас хол яв. Бөхийн жудаг гэж том юм бий. Үүнийг бүү алд гэж л хэлье дээ.

-Танай Архангайгаас одоо аварга бөх төрөх болов уу?

-Аа мэдэхгүй. Энэ Санжаадамбыг сайн барилдах болов уу гэж горьддог. Дэндүү орон гаран хүн юм. Заалны барилдаанд хэмхэлчих гээд л байх. Тэгсэн наадам болохоор эрт уначихдаг. Бас илүү дутуу зан гаргаад байх юм. Ийм хүн хол явахгүй байж мэднэ. Д.Рагчаа жаахан азгүй юм. Аль эрт арслан болчих эрэмбэтэй бөх. Одоо ч түрүүлж  чадахгүй байх.

-Г.Өсөхбаярыг дархан аварга болох учиртай гэдэг юм билээ?

-Уг нь тийм. Даан ч “далай” гэдэг нэмэр цол саад болсон. Гэхдээ тийм сайхан бие хаатай хүн мэх сайтай бол бас өдийд дархан аварга болох эсэх тухай ярих биш болчихсон байх учиртай юм шүү.