Н.БАТМӨНХ

Баяржавхлан 1978 онд Завхан аймгийн Нөмрөг суманд төржээ. Аав Махгал нь Хөвсгөл аймгийн хүн бөгөөд хоёр метр гаруй өндөр их биерхүү нэгэн байж. Сумын заан цолыг эрт хүртсэн. М.Баяржавхлан 1997 оны улсын баяр наадамд анх зодоглож нэг давж хоёрын даваанд улсын начин Г.Жалаад унажээ. 1998 онд барилдсан эсэх нь тодорхойгүй, хэрэв барилдсан бол нэгийн даваанд унасан байх магадлалтай. 1999 онд хоёр давж улсын начин О.Одгэрэлд, 2000 онд мөн хоёр давж улсын начин Д.Пүрэвсүрэнд тус тус унажээ. 2001 оны улсын баяр наадамд хоёрын даваанд аймгийн арслан Б.Бямбаа, гурвын даваанд цэргийн арслан С.Дэлгэрбат, дөрвийн даваанд улсын начин И.Мөнхбаатар, тавын даваанд улсын заан Ц.Баярсайхан, зургаагийн даваанд аймгийн арслан Ц.Магалжавыг давж, долоогийн давааанд улсын заан Ц.Цэрэнпунцагт унаж улсын өсөх идэр начин цолыг 23 насандаа авчээ. 2002 онд барилдаагүй. 2003 оны улсын баяр наадамд зургаа давж улсын харцага цолыг, 2006 онд долоо давж улсын заан цолыг 28 насандаа авчээ. 2007 онд долоо давж саруул сайжрах чимэг. 2008 онд тав давж улам нэмэх чимэг. 2010 онд тав давж хурц шаламгай чимэг. 2011 онд найм давж улсын гарьд цолыг 33 насандаа хүртжээ. 2004, 2005 онуудын баяр наадамд дөрөв давж аймгийн арслан Р.Ганхуяг, улсын начин Д.Баасандорж нарт утс тус өвдөг шорооджээ. 2009 онд гурав давж аймгийн арслан Ө.Бат-Оршиход унажээ. 2012 онд зургаа давж цогт гарамгай чимэг. 2013 онд зодоглоогүй.

Монгол бөхийг Гиннесийн номд бүртгүүлэхэд зориулсан 6016 бөхийн барилдааны хоёрын даваанд Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуулийн залуу бөх Ч.Ган-Эрдэнэд өвдөг шорооджээ. М.Баяржавхлан гарьд баруун талтай, шуудагнаас татах, халз хутгах, тонгорох мэхийг даацтай хийдэг. Самбо, жүдо барилдааны олон улсын хэмжээний мастер цолтой, Бээжингийн зуны XXIX олимпод жүдогийн төрлөөр оролцож байлаа. Биеийн тамирын “Аварга” дээд сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгсчээ.