Ч.ГАНТУЛГА

 “Оюун ухааны академи”-ийн тэргүүн Х.Хатанбаатартай ярилцлаа. 

 

-“Оюун ухааны академи” хэзээ байгуулагдсан бэ?

-Анх 2010 онд байгуулагдсан. Хувь хүний хөгжил болон амьдарч буй нийгэмдээ манлайлах чадвар бүхий иргэдийг бэлдэн төлөвшүүлэх зорилготой байгуулж байлаа. Түүнээс хойш чамгүй олон ажлыг амжуулсан байна шүү. Оюуны спортын талаар мэдээлэл өгөхөөс гадна оюуны чадамжаа хэрхэн хөгжүүлэх талаар томоохон лекцийг 18 аймаг, нийслэлд үнэ төлбөргүйгээр уншиж мөн сургалтуудыг жил бүр зохиож байна. Оюуны спортын зарим төрлөөр тэмцээн уралдааныг тогтмол зохиосоор ирлээ.

-Хэдэн наснаас эхэлж оюуны спортоор хичээллэх боломжтой байдаг юм бэ?

-Оюуны спортод бага, дунд, насанд хүрэгчид гэсэн гурван ангилал бий. Тэгэхээр багаасаа хичээллэвэл илүү амжилт үзүүлэх боломжтой гэсэн үг. Сургуулийн насныхан энэ спортод илүү сонирхолтой байдаг. Бид ч тэмцээн, уралдаанд түрүүлсэн сурагчдаа дэлхийн хэмжээний тэмцээнд оролцоход нь дэмжиж ажилладаг.

-Таны шавь нараас дэлхийн чанартай тэмцээнд амжилт гаргасан хүүхэд олон бий юу?

-Өнгөрсөн жил манай тамирчид олон улсын болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нийт 72 медаль хүртсэн амжилт үзүүллээ. Мөн Англид болсон дэлхийн аваргын тэмцээнд гуравдугаар байрт орж, хүрэл медаль хүртсэн. Энэ бол монгол залуус дэлхийд манлайлж байна гэсэн үг. Ирэх сард Америкт ой тогтоолтын шилдэг 16 тамирчны дунд халз өрсөлдөөн болно. Үүнд эх орноо төлөөлж 15 настай, Ой тогтоолтын их мастер Ц.Бат-Эрдэнэ оролцохоор бэлтгэлээ хийж байна.

-Бахархмаар санагдаж байна шүү. Таны хувьд дэлхийн чанартай олон тэмцээнд оролцож, эх орныхоо нэрийг гаргасан. Тухайн үед шилдэгт багтахад юу бодогддог байв?

-Хамгийн эхэнд монгол хүн болж төрснөөрөө бахархдаг байлаа. Мөн монгол залуусаараа бахархах, хайрлах сэтгэл төрнө. Бид чинь агуу ухаантай хүмүүсийн удам юм байна. Тэдгээрийн залгамж халаа болж яваадаа баярладаг.

-Манай залуусын бусад орны тамирчдаас ялгарах гол онцлог нь юу вэ?

-Манай залуус гүйлгээ ухаан сайтай, юмыг амархан сурдаг. Түүнийгээ мартах нь удаан байдаг. Харин бусад орны тамирчид олон жил хичээллэсэн ч амжилт гаргахдаа маруухан санагдсан. Тэгэхээр монгол хүний ген, газар нутгийн онцлог арай өөр байдаг болов уу.

-Таныг Турк улсад сурч байхдаа оюуны спортоор хичээллэх болсон гэж сонссон. Яагаад энэ спортыг сонгосон юм бэ?

-Би чинь залуу хүн шүү дээ. Уураг тархиа задалж, өөрийгөө хөгжүүлье гэж бодсон юм. Оюуны спорт дэлхийн хэмжээнд эрчимтэй хөгжиж байна. Сонирхох залуус ч олон болж. Энэ чиглэлээр амжилт гаргаж, өөрийгөө нээх, монгол хүний оюуны чадамжийг дэлхийд гайхуулах тамирчин бэлтгэх хүсэл надад бий. Анх би 2008 онд олон улсын оюуны олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож байсан. Тэр үед монгол залууст энэ наадамд амжилт гаргах бололцоо ойрхон байгааг олж харсан.

-Хүмүүсийн тархины багтаамжинд хязгаар гэж байдаг болов уу?

 -Энэ сэдвээр эрдэмтэд олон жил маргалдаж байгаа. Гэхдээ бүрэн тайлж, олоогүй юм билээ. Урьд нь хүмүүс тархиныхаа зөвхөн 15 хувийг ашиглаж байгаа гэж үзэж байсан бол сүүлийн жилүүдэд зөвхөн нэг хувийг ашиглаж байна гэсэн судалгаа гарсан байна лээ. Гэхдээ энэ тоо хэдэн жилийн дараа яаж өөрчлөгдөхийг хэн ч мэдэхгүй.

-Ой тогтоолтоо сайжруулахын тулд ямар дасгал хийх ёстой юм бэ?

-Логик сэтгэлгээ, төсөөлөн бодох, дүрслэх чадвар, баримжаа чухал. Үүнийг хөгжүүлэх тусгай дасгалууд бий. Арга, техникээ зөв олж чадах юм бол ой тогтоолтын бүх төрлийн спортыг богино хугацаанд эзэмшиж болно. Хамгийн чухал нь тэвчээртэй байж, анхаарлаа төвлөрүүлж сурах хэрэгтэй.