Монгол Улсын Үндэсний сурын хошой мэргэн С.Энхтунгалагтай ярилцлаа.
-Үндэсний сурын харваанд татагдаж орсон үеэ сонирхуулж ярина уу?
-Би Монгол Улсын Их сургуульд оюутан байхдаа найз Сувдаагийнхаа ятгалгаар сурд суралцахаар Ч.Батхуяг багш дээр анх очсон. Миний багш Ч.Батхуяг Үндэсний сурын сэдвээр доктор хамгаалсан, профессор, спортын мастер мундаг хүн л дээ. Одоо Үндэсний сурын холбооны хүндэт ерөнхийлөгчөөр ажилладаг. Сурын холбоог маш олон жил толгойлсон доо. Анх түүн дээр бидний дөрвөн оюутан очиж хичээллэсэн ч гурав нь буцаж би ганцаараа торойж үлдсэн. 1981 он юм шиг санагдана.
-Анх хичээллэж эхлэхэд сурын харваа хэцүү санагдав уу?
-Ёстой тэсвэр тэвчээр шалгасан спорт доо. Эхний үед булчин шөрмөс сугараад тавьсан сумтайгаа хамт явчихаж байгаа юм шиг санагдаад, хуруу гар өвдөөд хэцүү шүү. Манай гурав түүнээс болоод няцсан байх. Би яагаад суртайгаа үлдсэн бэ гэвэл ясны нэг сонирхол байж гэж боддог. Зуны халуун наранд хээр гадаа өдөржин нум татаж, бай шагайгаад зогсоно гэдэг том шалгуур даа. Тэвчээртэй байж харваач болдог юм.
-1981 оноос хойш хичээллэсэн гэхээр он удаан жилийн харваач гэж таныг хэлэх нь дээ.
-Тэгэлгүй яахав. Өнөөдөр сурын талбайд буй сурчдын ахмадын нэг нь болж дээ. Сураар хичээллээд 35 дахь жилтэйгээ золголоо.
-Амжилт хэр үзүүлсэн бэ?
-Анхны оролцсон тэмцээн бол нийгэмлэгүүдийн дунд болдог тэмцээн байсан. Сурд ороод хоёр жилийн дараа л жижиг тэмцээнд түрүүлж үзсэн. Түүнээсээ хойш яг таван жилийн дараа 1986 нод анх улсын баяр наадмаар “Улсын мэргэн” цол хүртэж байлаа. Тэгвэл түүнээсээ 29 жилийн дараа өнгөрсөн жилийн баяр наадмаар хоёр дахиа түрүүлж хошой мэргэн болсон. Энэ оны улсын аварга шалгаруулах тэмцээнд мөн амжилттай оролцож хоёрдугаар байранд шалгарсан.
-Яс сайт яван чангарна гэдэг лугаа л үзэж байгаа юм байна даа. Өөрөө...
-Монгол үндэсний сурд насны хязгаар гэж байдаггүй юм. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, гарамгай мэргэн Цэвээн агсан гэхэд ерэн нас хүрээд харваж л байсан шүү дээ. Ингээд бодохоор миний хувьд хошой мэргэн болтлоо харвалаа, цаашид ч үзээд л байх бодолтой доо.
-Хошой мэргэний дараагийн цол юу билээ?
-Гоц мэргэн, гарамгай мэргэн гээд явж өгнө. Эмэгтэй харваачдаас гавьяат Ч.Мөнхцэцэг ганцаараа дархан мэргэн цолтой. Улсад зургаа түрүүлсэн хүн. Түүний дараа тав түрүүлсэн даяар дуурсах мэргэн Х.Даваажаргал, дөрөв түрүүлсэн гарамгай мэргэн Х.Оюунцэцэг гэж бий.
-Танай нөхөр бас харваач гэл үү?
-Тийм ээ. Харваачаар барахгүй улсын мэргэн Б.Батбаатар гэхээр хүмүүс андахгүй. Өнгөрсөн жилийн наадмаар нөхөр бид хоёр зэрэг түрүүлж би хошой мэргэн нөхөр маань улсын мэргэн болсон доо.
-Аав, ээж нь харваач болохоор хүүхдүүд чинь сур руу орсон уу.
-Хоёр хүү маань дунд сургуулийн 11 дүгээр анги төгстөлөө сураар хичээллэсэн. Тэгээд их сургууль төгсөөд төрийн алба хашдаг болоод завгүй болоод сураа орхичихоод байгаа. Би өөрөө харваж эхлэснээсээ хойш ханиа, хоёр хүүгээ бас найз нөхөд хэд хэдэн хүнийг энэ спорт руу оруулсан. Гарын шавь ч хэд бий.
-Өөрөө “Алдар” спорт хорооны тамирчин биз?
-Бид гэр бүлээрээ “Алдар” спорт хорооны үндэсний сурын багт багтдаг. Манай баг Монголдоо ганц мэргэжлийнх нь гэж би боддог. Бид жилийн дөрвөн улиралд бэлтгэлээ хийдэг. Манайхаас өөр өвөл танхимдаа сурын бэлтгэл хийдэг газар байхгүй. Багшийг маань Д.Норжмаа мэргэн ахалдаг. Улсын мэргэн цолтон дөрөв бий. Мөн улсын цолгүй ч спортын мастер, дэд мастер 20 гаруй харваач байдаг юм.
-Та бүхний энэ жилийн бэлтгэл дажгүй юу?
-Сайн байгаа. Харваач бүр бэлтгэл сайтайн дотор улсын мэргэн Б.Баярсайхан, Д.Норжмаа нар тун өнгөтэй байгаа шүү.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин